С.Бямбацогт: Тойрог, мандатын тоог тогтоохдоо өнгөрсөн сонгуулиар гаргасан алдааг засна
Эх сурвалж. Монголын үнэн сонин, сэтгүүлч М.Өнөржаргал
-Тойрог, мандатын тоог тогтоох хуулийн хугацаа тулчихлаа. Энэ тухайд нам дотроо нэгдсэн ойлголцолд хүрсэн үү?
-Сонгуулийн тойрог, мандат болон тов тогтоох талаар ойрд яриагүй. Ирэх даваа гаргийн бүлгийн хуралдаанаар эцэслэнэ. Хуулийн хугацаа тулсан учраас ирэх долоо хоногтоо багтаан батална гэсэн үг. Сонгуулийн хуульд энэ талаар тодорхой заачихсан байгаа. Тухайлбал, сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан тогтооно гэж заасан байдаг. Тиймээс энэ заалтын дагуу тойрог, мандатаа хуваарилж таарна.
-Нийслэлийн мандатын тоог цөөлж, орон нутгийнхыг нэмэх хувилбарыг ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор АН-ынхан нийслэлийн мандатын тоог цөөлөхгүй байхаар санал гаргасан. Үүнийг харгалзаж үзэх үү?
-АН-ын зүгээс тийм саналыг хэлж байгаа юм билээ. Хуучнаар Улаанбаатар хотын мандатын тоо 20, орон нутагт 56 байсан. Үүнийг АН- ынхан өөрчилсөн юм шүү дээ. Ингэснээр хөдөө орон нутгийнхыг 48, нийслэлийнхийг 28 болгосныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл үүний цаана хэд хэдэн аймгийн мандатын тоог цөөлсөн. Тодруулбал, 2016 онд Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгийн мандатын тоог тус бүр нэг болгон бууруулсан. Ингэснээр эдгээр аймагт төлөөллиин зарчим алдагдсан. Нөгөө талаас дээр хэлсэнчлэн тойрог, мандатыг хэрхэн тогтоох талаарх хуулийн заалтыг зөрчсөн явдал болсон. Хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжийн хувьд ч харьцангуй ялгавартай шийдвэр юм. Тиймээс бид нийслэлийи мандатын тоог цөөлөх талаар ярьж байгаа. Ингэхдээ мэдэож дээр дурдсан нэг мандаттай дөрвөн аймагт нэмж таарна. Гэхдээ энэ талаарх эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана
-Зарим аймгийн мандатын тоог одоогийнхоос нэмэгдүүлж, дөрөв болгох яриа байсан. Энэ хэр боломжтой вэ?
-Энэ бол боломж муутай хувилбар. Одоо хоёр мандаттай аймгуудынхыг дөрөв болгоно гэдэг санааны зүйл биш шүү дээ. Мөн л дээр хэлсэнчлэн хуулиа баримталж тойрог, мандатынхаа тоог тогтоох учиртай. Бүх аймгийн мандатын тоо адилхан байх албагүй шүү дээ. Тодорхой үндэслэлтэйгээр л энэ аймагт хоёр, тэнд нь дөрөв байна гэж тогтоосон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ тухайд хүн бүр өөрийнхөө хүсэл, сонирхолд нийцүүлэх үүднээс яриад байж болохгүй гэдгийг онцлон хэлье.
-Тойрог, мандатын тоог тогтоохдоо СЕХ-ны саналыг харгалзана гээд байгаа. Албан ёсны саналаа ирүүлсэн үү?
-СЕХ-ноос тойрог, мандатын тоотой холбоотой саналыг ирүүлээгүй. Харин сонгуулийн тов тогтоох талаарх саналаа ирүүлсэн. Ингэхдээ ирэх зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг явуулбал болохоор байна гэжээ. Харин сонгуулийн санал хураалтыг өмнө нь бидний хэрэглэсэн хар машинаар тоолох тухай тогтоолын төслийг ирүүлээд байна. Эдгээр саналаас гадна тойрог, мандатын хуваарилалтыг УИХ дахь намын бүлгийн хуралдаанаар эцэслэсний дараагаар Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хамтад нь хэлэлцээд шийдвэрээ гаргана. Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 1-нээр дуусгавар болох учраас ирэх долоо хоногт УИХ-ын хэлэлцэх гол асуудал нь энэ болж таарна.
-Таны хэлсэнчлэн тойрог, мандатын тоог хэрхэн тогтоох тухайд хуульд заасан үндэслэл бий. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг гэж хэлэхэд хэцүү дүр зураг харагддаг. Тухайлбал, АН-ынхан засгийн эрх барьж байхдаа орон нутагт олон байх ёстой гээд нэмчихсэн. Гэтэл одоо цөөлөх гэж байна. Хуулиа баримтлах бус тухайн үеийн эрх баригч намын тааллаар шийддэг байдал хэдий болтол үргэлжлэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульдаа бид “Сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэдэг заалтыг 1992 онд оруулсан байдаг. Уг нь энэ заалтыг илүү нарийвчлаад “Сонгуулийн тогтолцоо ийм байна” гэж оруулсан бол тоглоомын дүрэм илүү ойлгомжтой болох байсан юм. Хэрвээ ингээд заачихсан бол сонгуулийн тогтолцоогоо том, жижиг бүр холимог болгож өөрчлөөд байх шаардлагагүй байлаа. Яг үнэндээ таны хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоог эрх барьж буй намууд өөрсдөдөө ашигтай гэсэн хувилбараар зурж ирсэн нь нууц биш.
Сонгуулийн тогтолцоог нарийвчилж заагаад хуульдаа оруулчихсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Ашигтай байж магадгүй гэдэг үндэслэлээр тогтоож ирсэн ч бодит байдалд эсрэгээрээ эргэдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор тойрог тогтоох тухайд утгагүй байдал үүссэн. Тухайлбал, 2016 онд АН-ынхан эрх барьж байхдаа тойрог зурах тогтолцоог эвдсэн. Өөрөөр хэлбэл, тойрог гэдэг бол тойрог хэлбэрээр зурахыг хэлдэг биз дээ. Гэтэл тойрог зурахдаа зүүн талын нэг сумыг баруун талтай нийлүүлж зураад утгыг нь алдагдуулсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл угтаа тойрог тогтооход газар нутгаараа залгаа сумдыг нэг тойрог болгох учиртай юм. Энэ мэтчилэн сонгууль явуулах хугацаанд, тэр дундаа 2016 онд гарсан тодорхой алдаануудыг засах бодлого баримтална.
-2016 оны сонгуулиар дөрвөн аймгийн мандатын тоог цөөлж, нэг болгосон. Үүнтэй холбоотойгоор тухайн орон нутгийн иргэдэд ямар сөрөг нөлөө гарсан бэ. Одоо хуулийн өөрчлөлтөөр мандатын тоог нэмснээр ямар давуу тал бий болох вэ?
-УИХ-ын гишүүн хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих, сонгогч ард иргэдийг төлөөлөх гурван үүрэгтэй. Үүнээс бидний хамгийн сайн хийж чаддаг, чадах ч учиртай үүрэг нь иргэд сонгогчдыг төлөөлөх. Өөрөөр хэлбэл, бид тойрогтоо ажиллана, хөрөнгө оруулалт хуваарилуулна, иргэдийнхээ дуу хоолойг УИХ-аар дамжуулж, төрийн бодлогод тусгуулна. Тэнд амьдарч буй ард иргэдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг шийдэхэд өндөр үүрэгтэйгээр оролцдог. Тиймээс тухайн аймаг, дүүрэг УИХ-д олон төлөөлөлтэй байх тусмаа тодорхой хөгжлийг авчрах, ард иргэдийн ая, тухтай амьдрах бололцоо, боломжийг бүрдүүлэхэд нөлөөлнө шүү дээ. УИХ-д нэг гишүүн байх, хоёроос дээш байх зэргээс маш их зүйл хамаарна. Нэгэнт бид Үндсэн хуульдаа мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэж заасан. Үүний дагуу 26 тойргоос нэр дэвших учраас өөр өөрсдийн тойрогт яаж илүү хөрөнгө оруулалт хийж, нутгаа хөгжүүлэх вэ гэдгийг бодолцож ажилладаг, ажиллах ч учиртай. Тиймээс л УИХ-д нэг гишүүн ажиллах, хоёр байх гэдэг нь асар ялгаатай ойлголт болчихдог.
-Нэг мандаттай дөрвөн аймгийг хоёр болгохоос өөр өөрчлөлтийг орон нутагт оруулахгүй гэж ойлгож болох уу?
-Одоогоор бид ийм хувилбарыг ярьж байна. Бусад аймгийнхыг хасах юм уу нэмэх талаар ярьсан зүйл байхгүй.
-Нийслэлийн мандатыг цөөлөх хувилбарыг дэмжихгүй хүн цөөнгүй бий. Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргийн мандатын тоог цөөллөө гэхэд төлөөллийн зарчим алдагдах уу?
-Эдгээр дүүрэг хэдий олон хүн амтай ч газар нутгийн хэмжээ нь аймгуудаас хэдэн арав дахин бага байх жишээтэй. Цаашлаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аваад үзэхээр аймаг, нийслэл, сум дүүрэгтэй дүйцдэг. Өөрөөр хэлбэл, нэг дүүрэг нь сумтай дүйцэхүйц байдаг. Тиймээс л засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хэмжээ, хүн амын тоог харгалзаж тогтооно гэх заалт хуульд байдаг. Энэ бүхнийг харгалзалгүйгээр зөвхөн хүн амынхаа тоог яриад байж болохгүй шүү дээ.
Хэрвээ газар нутгийн хэмжээгээр тойрог, мандат тогтооно гэвэл дүүрэгт хамгийн цөөн мандат байхаар байгаа биз. Тиймээс л бүгдийг нь харгалзах учиртай юм. Хуулийг бүхэлд нь харалгүйгээр өөрийнхөө эрх ашигт нийцүүлж ярих нь иргэдийг төөрөгдүүлэх зэргээс авахуулаад олон талын сөрөг үр дагавартай.
-Тойрог, мандатын тоог тогтоосны дараагаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах ажил эхлэх байх. Танай намын даргын зүгээс нэр дэвшигчдэд хэд хэдэн шалгуур тавихаа зарласан. Үүнийг та хувьдаа хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Дэмжинэ. Аль ч намд нэр дэвшигчээ тодруулах тодорхой шалгуур байх учиртай.Улс төрийн намууд ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, тодорхой чадвар, туршлага, мэдлэгтэй буюу үүрэг хүлээж, ачаа даах чадвартай хүнээ УИХ-д нэр дэвшүүлдэг байх ёстой. Сонгогдох болохоороо “Над шиг мундаг хүн байхгүй” гэж яриад ард иргэдийн итгэлийг хүлээчихдэг. Гэтэл УИХ-ын гишүүн болсон хойноо ард түмнийг төлөөлөх үүргээ биелүүлж чадах уу үгүй юү гэдгийг хамгийн түрүүнд харгалзаж үзэх учиртай. Энэ үүднээс манай намын даргын зүгээс нэр дэвшигчдэд хэд хэдэн шалгуур тавихаар болсныг би хувьдаа дэмжиж байгаа юм.