Х.Нямбаатар: Орон нутгийн сонгууль анх удаа ирцийн босгогүй болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, 83.3 хувийн саналаар баталлаа. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явуулсан юм.
Тэрбээр, хуулийн төслийн ажлын багийн ахлагчаар ажилласан юм.
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль нь ямар онцлогтой вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах буюу орон нутгийн сонгуулийн тухай бие даасан хуультай болж байна. 2016 оны Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байсан. Тэгвэл оны өмнө буюу 12 дугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит сонгуулийн тухай бие даасан хуулийг мөн баталсан.
Хуулийн онцлог нь, дэлхий нийтийн сонгуулийн хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн гэж болно. Учир нь орон нутгийн нөхөн болон дахин санал хураалтыг тухайн орон нутгийн сонгуулийн байгууллага зарладаггүй, зарим тохиолдолд дөрвөн жилийн бүрэн эрхийнх нь хугацааг дуусгадаг байдал даамжирч байсан. Тэгвэл энэ байдалд цэг тавьж чадлаа. Тодруулбал, жил бүрийн зургаадугаар сарын гуравдахь долоо хоногт улс орон даяар нэгэн зэрэг нөхөн болон дахин санал хураахаар хуульчиллаа.
-Орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Энэ удаагийн орон нутгийн сонгууль анх удаа ирцийн босгогүй зохион байгуулагдахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчөө сонгох сонгуульд иргэд идэвхтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай болж байна. Хуулийг хэлэлцэх үеэр би чуулганы танхимд ардчилал өндөр хөгжсөн, Герман, Япон, БНСУ, Сингапур гэх зэрэг 10 гаруй орон ийм зохицуулалттай орон нутгийн сонгууль явуулж буй жишээг дурдсан. Цагийн хувьд, санал хураалтыг өглөө 07.00 цагт эхэлж, тухайн өдрийнхөө оройн 20.00 цагт дуусгавар болгохоор зохицууллаа. Олон улсын сонгуулийн ажиглагчид Монгол Улс хамгийн орой сонгуулиа хаадаг гэж шүүмжилдэг. Манай улстай хамгийн ойрхон сонгуулиа хааж байгаа улс нь Канад улс бөгөөд 20.30 цагт хаадаг байх жишээтэй. Гэтэл манай улсын УИХ-ын сонгууль 22.00 цагт санал хураалтаа хаадаг. Орон нутгийн сонгуулийн тухайд, намрын адаг сард санал хураана. Энэ үед эрт харанхуй болдог. Харанхуй болсноор мөнгө тараах зэрэг сонгуулийн хууль тогтоомж зөрчих нь ихэсдэг. Энэ байдлыг харгалзан санал авах хугацааг 20.00 цагаар дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн. Ер нь дэлхийн ихэнх орнууд 18.00 цагт сонгуулийн санал хураалтаа зогсоодог юм байна билээ. Гэхдээ манай улс огцом тийм "үсрэлт" хийж болохгүй.
-Нэр дэвшигч нь ажлаа өгөх хугацааг арай хойшлуулсан байна?
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны байгууллагын жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд захирал, ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалтан нэр дэвшихдээ тухайн сонгуулийн жилийн наймдугаар сарын 1-нд ажлаа өгөхөөр хуульчиллаа. Нэг талдаа, урин дулааны цагт, төрийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед ажлыг цалгардуулахгүй байхыг бодолцсон. Нөгөө талаас, нэр дэвшигч нь хуучин зохицуулалтаараа, зургаан сарын өмнөөс ажлаа өгснөөр тухайн хүнд олон хүндрэл тулгарна.