2019.12.16
Хайнань мужтай ХАА-н шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид Хайнань мужид хэрэгжүүлж байгаа “Халуун бүсийн хөдөө аж ахуйн цогцолбор”-т ажиллаж газар тариалангийн салбарт шинжлэх ухааны инноваци нэвтрүүлсэн туршлагаас судаллаа. Түүнчлэн БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны харьяа “Үндэсний халуун бүсийн ХАА-н шинжлэх ухааны академи”-ийн эрдэмтэд, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Энэхүү Академид, 4000 га туршилтын талбайд газар тариалан, шинжлэх ухааны инноваци, ургамал хамгаалал, био-технологи, ХАА-н генетик нөөц, агро бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын чиглэлээр 14 хүрээлэн 3300 орчим эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажил хийж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Зүүн-өмнөд Ази, Африк, Европ, Америкийн 30 гаруй улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтэй идэвхтэй хамтран ажиллаж, БНХАУ цаашлаад бүс нутгийн халуун бүсийн ХАА-н генетик нөөцийн төв болох зорилготой ажиллаж байгаа талаар Академийн дэд ерөнхийлөгч Ли Каи уулзалтын үеэр танилцуулав.