“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлэгт нийт долоон сэдвээр мэргэжлийн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, орон нутгийн удирдлага, малчдын бүлэг илтгэл тавьж, 80 гаруй төлөөлөгч үг хэлж, асуулт тавьж, санал тавьж байр сууриа илэрхийлэв. Малчдын зүгээс Бэлчээрийн тухай хуульд татвараас чөлөөлөх, хөнгөлөх харилцаанд хамааруулахдаа малчин өрх, мал бүхий иргэдийг ялгамжтай зохицуулах, бэлчээрээ сайн ашиглаж, хамгаалсан малчдад урт хугацаатай, хүү багатай зээл зэрэг урамшуулал олгох, тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээрийг хэрхэн ашиглах талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах шаардлагатай байна гэж байлаа.
Мөн Бэлчээрийн тухай хуульд малын тоо толгойг тодорхой зааж өгөх, бэлчээрийн хуваарьлалтыг тодорхой болгох, бэлчээрийн нөхөн сэргээлтэд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах, малын хөлийн татвараас бүрдүүлсэн орлогыг орон нутагт нь үлдээж, малын үүлдэр угсааг сайжруулах, худаг ус гаргах, малын эрүүл мэндэд зарцуулдаг байхаар тусгахаас гадна малчдын залуу халааг бэлтгэхэд төрийн бодлогоор дэмжихгүй бол малчдын залгамж чанар тасрахад хүрээд байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс гаргах зөвлөмжийн төслийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар зөвлөмжийн төслийг батлав. Зөвлөмжийн төсөлд хэлэлцүүлэгт ирүүлсэн малчдын саналыг нэмж тусган, УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Ингээд хэлэлцүүлгийг хааж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан үг хэлсэн.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлого, хөгжилд мал аж ахуйн салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн, хойшид ч шийдвэрлэх болно гэдгийг онцлоод Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангилалд 6 ангиллын газар хамаардаг. Эдгээр ангиллын хамгийн том хэсгийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлж байна. Монгол Улсын Иргэний хууль, Газрын тухай болон бусад хууль, тогтоомжид бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан тул бэлчээр, хадлангийн эдэлбэр газрын харилцаанд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа талаар дурдав.
Мөн Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн “Мал сүргийн тоог бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдуулж тогтоох” судалгааны дүгнэлтээс үзэхэд манай улсын малын тоо нь бэлчээрийн даацын нөөцтэй харьцуулахад 25,0 орчим сая толгойгоор хэтрээд байна. Бэлчээрийн доройтол, даац хэтрэлтийн үндсэн шалтгаан нь “нийтээр дундаа ашигладаг”, “хариуцлага хүлээдэггүй” эрх зүйн өнөөгийн зохицуулалт, тогтолцоо болоод байгаа юм. Нөгөө талаас малын тооны өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, бэлчээрийн доройтол, талхагдалтай холбоотойгоор бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтын асуудал нийгмийг хамарсан, шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын нэг болоод байна гэв.
Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал нь Газрын тухай ерөнхий хуулийн хүрээнд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг бие даасан хуулиар нарийвчлан зохицуулахад чиглэгдсэн. Хуулийн төсөлд бэлчээрийг зөвхөн мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглах, бэлчээрийг онцлог, ангиллыг харгалзан нийтээр болон гэрээгээр ашиглуулах, бэлчээр ашиглах эрх бүхий этгээдийг тодорхойлж байгаа. Бэлчээр ашиглагч нь малчдын бүлэг, эрчимжсэн аж ахуй эрхлэгч байхаар тусгасан ба тэдний хүсэлт, эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулан бэлчээрийг ашиглуулах, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох харилцааг зохицуулахаар тусгасан. Гэрээт бэлчээрийг зохистой ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах асуудлыг бэлчээр ашиглагч бүрэн хариуцах, харин нийтээр ашиглуулах ангилалд хамаарах бэлчээрийн ашиглалт, сайжруулалт, хамгаалалтыг төр хариуцахаар тусгалаа хэмээн Салбарын сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Түүнчлэн Бэлчээрийн тухай хууль батлагдсанаар монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлогт тохируулан, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зан заншилд тулгуурлан бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн бэлчээрийг нийтээр ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, хөрөнгө хүч зарж хамгаалах сэтгэлгээ төлөвшин, малын тоог өсгөх биш харин эдийн засгийн эргэлтэд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ бий болно.
Бэлчээрийг хамгаалж, сайжруулах, бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сааруулах боломж бүрдэх ба ингэснээр бэлчээр ашиглалтыг зөвхөн бэлчээрийн тэжээлийн нөөц, хүрэлцээнд чиглүүлж, бэлчээрийн тэжээлийн чанарын талыг харуулдаг төлөв байдлын менежментийг орхигдуулж ирснийг засч бэлчээрийн төлөв байдал, чанар сайжирна. Бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалснаар байгалийн бэлчээрийн малын гаралтай хүнс, түүхий эд, бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, эдийн засгийг солонгоруулах гарцыг нээх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн өсөн нэмэгдэж байгаа дотоодын болон экспортын хэрэгцээг хангах зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Ч.Улаан сайд хэллээ.