С.Эрдэнэ: Сар шинийн баяраар өвөө, эмээдээ очих гэж яармаг хүртэл алхдаг байлаа
2019.02.13

С.Эрдэнэ: Сар шинийн баяраар өвөө, эмээдээ очих гэж яармаг хүртэл алхдаг байлаа

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


 

-Урвуулагч хэмээх гахай жил удахгүй гарах гэж байна. Улстөрч хийгээд намын даргын хувьд улирч буй нохой жилийнхээ ажил үйлс, амжилт бүтээлийг дүгнэвэл? 

-Бусад он жилүүдийн адилаар алдаа, оноотой жил улиран одож байна. Нохой жилд УИХ-ын гишүүний хувьд чамгүй их ажил хийж бүтээлээ. Гурван хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Мөн эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас гурвыг нь дуусгаж, хүлээлгэн өгсөн. Энэ бүхнээс дүгнэвэл нохой жил бүтээн байгуулалтын жил байв. Харин улс төрийн нөхцөл байдлын хувьд хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй өнгөрлөө. Монгол төрийн тогтвортой байдал алдагдаж, төрийн нэр хүнд газарт уналаа. Тиймээс гарч буй гахай жилд төрийн эрх баригчид гаргасан алдаа дутагдлаа засаж залруулж, монгол төрийн нэр хүндийг сэргээх хэмжээнд ажиллана гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр, 2019 он бол сонгуулийн өмнөх жил. Эрх баригчдын хувьд юу хийж бүтээхээ харуулах сүүлийн хугацаа байх болно. 

АН-ын хувьд чамлахааргүй арвин ургац хураалаа. Бид 21 аймаг, есөн дүүрэг хамарсан бүсийн зургаан том чуулган, мөн үндэсний хэмжээний “Монголоо сонсъё”, “Өөрчлөлт, шинэчлэл” хэмээх хоёр том аяныг амжилттай зохион байгуулсан. Хамгийн гол ажил гэвэл, АН-ын IX Их хурлаар үзэл баримтлалаа шинэчлэн баталж, үндсэн дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн үйл явдал байв. Монголын улс төрийн 31 намд үзэл баримтлалаа, онолын түвшинд боловсруулж, Дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн хүчин биднээс өөр байхгүй. АН хувийн өмч, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн үзэлтэй нам байхаар үзэл баримтлалаа тунхагласан. Тодруулбал, бид хэн нэг хүн буюу лидерийг тойрч бус үзэл санааны туган дор, үнэт зүйлээ тойрч нэгдэх улс төрийн нам байна. АН-ын гишүүд аль нэг бүлэг, фракц, хэн нэг лидер, улс төрчийг дагахгүй, үзэл санаагаараа нэгдэж, улс эх орныхоо хөгжлийн бодлогод чиглэсэн стратегиэ тодорхойлно. 

-Таны хэлсэнчлэн 2019 он бол сонгуулийн өмнөх жил. Энэ онд ямар ажил хийж бүтээхээр төлөвлөөд байна вэ? 

-Сонгуулийн өмнөх жил учраас ажил их байх нь мэдээж. Сонгуулийн бэлтгэл ажлаа хангах, гишүүдийн бүртгэл, судалгааг эмхэлж, цэгцлэх, үзэл баримтлалаа орон нутгаар явж сурталчлан таниулах гэх мэт төлөвлөсөн олон ажил бий. 

-УИХ-ын үйл ажиллагааг хоёр сар гацаасны эцэст УИХ-ын даргыг томиллоо. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-УИХ-ын гишүүд УИХ-ын Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. УИХ-ын гишүүн ямар тохиолдолд УИХ-ыг орхих вэ гэдгийг хуулиар заасан байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний асуудлаас бусад асуудлаар хуралдааныг орхих буюу хурал таслахыг хориглосон. Хуралдааны гуравны нэг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал тасалбал УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах бүхий хуулийн заалт хүртэл байдаг. Тиймээс сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ-ын хуралдааныг санаатай тасалдуулсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой. 

УИХ-ын шинэ дарга томилогдсон. Дөнгөж ажил авч буй хүнийг сайн, муу гэж шүүмжлэх хэрэггүй болов уу. Яаж ажиллахыг нь цаг хугацаа харуулна биз ээ. Гэхдээ нэг намын дотоод зодооноос болж монгол төрийн тогтвортой байдал алдагдуулах хэмжээнд хүрчхээд байгаа учраас төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс эрх баригчдыг учраа олоосой гэж бодно. Ингэж чадахгүй бол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулж , ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйн хэрэг. 

-Ажил хэргийн яриагаа энд хүргээд дуусгая. Монгол түмний Сар шинийн баяр хаяанд ирээд байна. Та хүүхэд ахуй насныхаа хамгийн сэтгэлд тод үлдсэн баярын дурсамжаасаа хуваалцаач? 

-Намайг хүүхэд байхад 1990 он хүртэл сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглодог байлаа. Комунистууд харанхуй бурангуй нийгмийн баяр гээд баярын өдөр зориуд их цэвэрлэгээ хийлгэж, автобус унааг эрт зогсоож, ажлын цагийг яс бүртгэдэг байсан. Манай хөгшин аав, ээж хоёр Яармагийн 41 дүгээр сургуулийн хойхно талд амьдарч байсан юм. Гэр маань үйлдвэр комбинатад байлаа. Сар шинийн баярын үеэр автобус олдохгүй учир өвөө, эмээдээ очихын тулд бид үйлдвэр комбинатаас Яармаг хүртэл алхдаг байсан. Битүүний орой очоод, эргээд гэртээ шөнийн гурав, дөрвөн цагийн үед ирдэг. Хэдхэн цаг унтаад буцаад шинийн нэгний өглөө эртлэн босож, өвөө, эмээтэйгээ золгохоор Яармаг руу дахиад л алхдаг. Ингээд буцаад ирэхэд хэдийнэ өдөр болчихдог байсан. Үндсэндээ сар шинийн баяраар Яармаг руу маш их алхдаг байж. Энэ үе маань санаанд тод үлджээ. 

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр нь зан заншил, гэр бүл, ах дүүгээрээ найрсан золгож, ахмад настнуудаа дээдлэн хүндэлдэг сайхан баяр. Монголчууд энэхүү баяраараа хамаг л өнгөтэй бүхнээ дэлгэж, ирсэн гийчдээ амт шимтэй цай, хоолоор дайлж, гарын бэлэг сэлт өгч, гэр хороогоо цэвэрлэж, шинэ дээл хувцсаа өмсөж, сар шинэдээ хир буртаггүй ордог. Ёс зан заншил, сайн сайхан бүхнийг эрхэмлэн дээдэлдэг их хүндэтгэлийн баяр. Тиймээс бусад баяраас илүүтэй сар шинийн баярт дуртай байдаг. 

-Танай гэр бүл сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байх. Айлчин гийчдийн хөл шинийн гурван өдөр тасардаггүй байх даа? 

-Гэргий маань хамаг бүхнээ хийдэг. Ээжтэйгээ хамт байдаг бусад айлын хүүхдүүдийн адил учраас идээ будаа, баярын бэлэг сэлтийг нь бэлтгэж өгдөг. Мөн сар шинийн баяраар сонгогдсон дүүргийнхээ 90-ээс дээш насны ахмадуудтай очиж золгодог уламжлалтай. Би дөнгөж 26-хан настайдаа буюу 1989 онд улс төрд хөл тавьсан хүн. Ингээд 1996 онд Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл 23 жилийн турш ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, сар шинийн баяраар очиж золгож ирлээ. Мөн шинийн гурван өдөрт багтааж намынхаа гишүүдтэйгээ золгоно гэхээр золгох хүн хэдэн зуугаар тоологдоно. 

-Дөнгөж 26 насандаа улс төрд хөл тавьсан гэлээ. Сар шинийн баярыг хориглодог хаалттай нийгэмд ардчилал гээч үгийн цаад утгыг та хэрхэн мэдэрч байсан бэ, тэр үед? 

-1989-1990 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлчихсэн байлаа. Энэ уур амьсгал Монголд сэвэлзэж, өөрийн болон бусдын алдаа дутагдлыг шүүмжилдэг, ялангуяа, дарга нарын алдааг шүүмжилж, үгээ, үзэл бодлоо чөлөөтэй хэлж болдог үе эхэлсэн байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр залуучууд босон ирж, нийгмээ шүүмжилж, ардчиллын уур амьсгал бүрэлдэж эхэлсэн цаг үе байлаа. Миний хувьд арчиллын бүхий л жагсаал цуглаан, эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцож явсан. Тухайн үед өнөөдрийн улс төрийн философийн нэр томьёо, мөн чанарыг ойлгодог хүн цөөн байв. Гадаад, дотоодод сургууль төгссөн С.Зориг агсан гэх мэт тодорхой тооны хүмүүсийн хүрээнд ардчилал гэдэг ойлголтын цаадах мөн чанар ойрхон байлаа. Түүнээс биш жирийн иргэдийн хувьд улс төр, ардчилал, комунизм, социализм гээд “изм”-үүдийн онолыг ойлгох хүн цөөн байсан. Ний нуугүй хэлэхэд надад ч ардчиллын тухай ойлголт өнөөдрийн түвшинд хүрэхүйц хэмжээнд байгаагүй. Гагцхүү нийгмийг өөрчлөх, шударга ёсыг тогтоох ёстой гэдгийг ойлгож байлаа. Тиймээс өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэж, ардчиллын анхны гэсэн бүх үйл ажиллагаанд оролцож явсан даа. Улмаар явцын дунд энэ чиглэлийн ном сонин, өгүүлэл, нийтлэл, бусад улс оронд өрнөж буй улс төрийн үйл явцыг ажигладаг болсон. Энэ бүхнээс маш их мэдээлэл авч, бидний явах зам ардчилал, шударга ёс, хувийн өмч, хүнээ дээдэлсэн иргэний нийгэм байх ёстой гэдгийг эргэж буцалтгүй ойлгосон. 

Нэг намын дарангуйлал бус, олон намын өрсөлдөөн, улс төр, олон түмнээс сонгох сонгогдох эрх нь нээлттэй байх гэх мэт зүйлийг ойлгож, өнөөдрийг хүртэл энэ бүхний төлөө ажиллаж явна. Яагаад Монголд парламентын засаглал, ардчилал чухал вэ, яагаад үүнийг хамгаалах ёстой вэ. Монгол Улсын тусгаар тогтнолын үндсэн баталгаа нь парламентын ардчилал юм. Ялангуяа, хоёр том гүрний дунд орших манайх шиг цөөн хүн амтай улсад парламентын засаглал хамгийн зөв хэлбэр. Бид 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл 29 жил парламент, хуулийн засаглалыг тогтоох гэж тэмцэж ирлээ. 

-Та улстөрч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн болох байсан бэ? 

-Бизнес л хийх байсан байх. Би 1989 онд улс төрд орохын зэрэгцээ бизнес хийдэг байсан юм. Хийж үзээгүй наймаа гэж бараг байхгүй. Тэр үед гахай зөөхөөс эхлээд дүнз, арьс шир, урд хөршөөс гурил будаа, янз бүрийн хувцас хэрэглэл, сүүлд Германаас машины наймаа хийж байсан. Бизнес хийнгээ завсар зайгаар нь улс төрд идэвхтэй оролцож байлаа. Хэрэв улс төрд дагнаагүй бол өдийд гайгүй бизнесмэн сууж байх болов уу. 

-Таны санаачилгаар маш олон амьдралд хэрэгтэй хуулиуд батлагдаж, цөөнгүй бүтээн байгуулалт хийгдсэн. Хамгийн сүүлд гэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ордон ашиглалтад орлоо. Таны ажил хэрэгтээ баримталдаг гол зарчим юу вэ? 

-Миний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа 60 гаруй хуулийн төсөл санаачилж, 34 хууль өргөн барьснаас 32 хууль батлагдан хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах, боловсруулах, батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Байнгын парламентын үндсэн чиг үүрэг нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг зохицуулсан эрх зүйн актуудыг боловсруулж гаргах зорилготой ажилладаг. Миний хувьд нийгэмд чиглэсэн олон хууль санаачлан батлуулсан. Гэхдээ аливаа хууль үр өгөөжөө өгдөг, бодит амьдралд нийцсэн, хэрэгждэг байх ёстой. Тиймээс ахмад настан, эмэгтэйчүүд, гэр бүл, залуучууд, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хуулиудыг санаачилж батлуулсан. 

Аливаа бүтээн байгуулалтыг хийж бүтээсний дараа хүмүүс ямар үнэ цэнэтэй боссон бэ гэдгийг ойлгодоггүй. Угаас байх ёстой мэтээр бодож, амархан гэж хардаг. Гэтэл үнэндээ маш их саад бэрхшээлийг даван туулж, олон судалгаа, шинжилгээний үндсэн дээр тухайн ажил бүтсэн байдаг. Намайг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад эцэг эхчүүдээс Хөгжлийн төв байгуулж өгөх хүсэлт тавьсан юм. Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг анх 2013 онд санаачлан зураг төслийг нь гаргаж, 2014 онд Хятадаас Монголд үзүүлэх буцалтгүй тусламжийн төсөлд хамруулахаар хөөцөлдөж, 2015 онд тус улсын Засгийн газраас дэмжсэн санал хүлээж авсан. Гэсэн ч энэ ажлыг эхлүүлэхэд газрын асуудлаас эхлээд олон бэрхшээл тулгарсан. Явцын дунд төслийн зориулалтыг өөрчилж, өөр төсөл болгож, мөнгийг нь өөр зүйлд зарцуулах гэж байсныг болиулж, 2016 оны дөрөвдүгээр сард ажил эхэлж, гурван жилийн дараа Хөгжлийн төв ашиглалтад орж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй 14 мянган хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд буян болсон ажил хийсэндээ баяртай сууна. 

-Хууль гэснээс таны санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг гишүүд дэмжихгүй байх шиг. Гишүүд өөрсдийнхөө эсрэг хуулийг хэзээ ч батлахгүй гэсэн яриа гарсан байна? 

-Үнэхээр шударга байгаад тойргийнхоо иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг, монгол төрд өргөсөн тангарагтаа үнэнч гишүүд эгүүлэн татах хуулиас айх шаардлагагүй. Харин ажил хийдэггүй, сонгогдоод алга болчихдог, төрд өргөсөн тангаргаасаа няцдаг хүмүүсийн хувьд энэ хууль хэцүү байх нь дамжиггүй. Шударга, зарчимч, иргэд сонгогчдынхоо өмнө нүүр бардам байдаг, хуулиа дээдэлдэг, тангарагтаа үнэнч гишүүд энэ хуулийг батална гэж найдаж байна. 

Эцэст нь хэлэхэд, монголчууд гахай гэдэг амьтныг эд баялаг дууддаг гэж үздэг. Ирж буй гахай жилдээ монгол түмэн маань идээ ундаагаар элбэг дэлбэг, төрлөөр төвшин, хотлоор амгалан, элэг бүтэн байхын ерөөл өргөе. Монгол түмэнд ивээлээ өгсөн он жил байгаасай. Улс орноо хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо, хүч, сэтгэл байхын ерөөлөөр Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

 

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН