“ХУРЦ ӨНЦӨГ”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2018.10.29

“ХУРЦ ӨНЦӨГ”

Улсын Их Хуралд МАХН-ыг төлөөлж, парламентад суудалтай нам гэж тооцуулж байгаа хүн бол О.Баасанхүү гишүүн юм. Тэрээр парламентад эхний удаа тангараг өргөхдөө намын бүлэгтэй байсан бол энэ удаа цор ганцаараа намаа төлөөлж байгаа. Гэсэн ч тэрбээр хэлэх үгээ хэн нэгнээр хязгаарлуулахгүй ажлаа хийсээр байна.

“Төрсөн” нам нь нүүр буруулсан ч сонгогч түмэндээ амалснаа биелүүлэхээр тууштай ажиллаж байгаа түүнийг “ХУРЦ ӨНЦӨГ” гэж нэрлэмээр. Учир нь ямар ч хууль, тогтоолын төсөл чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ард иргэдийн эрх ашгийг хөндөж, хүндрэл бэрхшээл учруулахгүй байх, улс төрчдийн халаасаа зузаатгах боломж болгочихгүй байхын тулд хурц үгээ хэлсээр байдаг.

Төрийн ордон. Хэвлэлийн хурлын үеэр

Гэхдээ түүний хэлж байгаа үг энгийн нэгэн популизм бус судалгаа тоо баримт, өмнөх түүх, уг гарвалтай нь хэлдэг. Энэ нь түүний хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй ч холбоотой байх. Цаашлаад уг хүн асуудалд хэрхэн хандаж байгаа хандлагын илрэл ч байх.

Түүнийг гишүүн болохоос ч өмнө монголчууд таньдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан түүнийг эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн болж чаддаг гэдгийг тод харсан. Тийм болохоор шударга бус үзэл санаа ханхалсан, нийт нь нэгийгээ бөөрөлхөсөн хандлагад тэрбээр ихэд эгдүүцдэг.

О.Баасанхүү УИХ-ын гишүүд дундаа хамгийн идэвхтэй нь. Тиймээс ч гишүүдийн ирц, чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн тоог бүртгээд суучихдаг. Цаашлаад олон нийтийн цахим сүлжээнд дэггүй гишүүдийнхээ талаар live хийж, идэвхтэй байхыг уриалж байдаг.

Жишээлбэл, тэрээр: “Өчигдөр 39 гишүүн байсан. Хуралдаан эхлэхийг 10.00 цагаас хойш хүлээлээ. Одоо тэгээд цайгаа уух уу, яах вэ. МАН-ын 65, АН-ын есөн гишүүн хуралдаа суухаа болилоо. Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг хасах хууль санаачилж болдоггүй юм уу. Маргааш Хүний эрхийн өдөр. Сонгогчид, иргэдийнхээ эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ” /2016.12.11/ хэмээн үглэж байсан удаатай.

Гэхдээ түүний ингэж үглэсэн нь хоосон байгаагүй юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч хавар УИХ-аар баталж, энэ намрын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд шинэ дэгийн хуулиа мөрдөж эхэлсэн юм.

Энэ хуулиар УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлнэ. Нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх зохицуулалт оруулсан билээ.

Орхончууд О.Баасанхүүг сонгож, парламентад илгээсэн нь учиртай. Эрхэм гишүүн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар сонгогчдынхоо чих сонор, дуу хоолой нь болж чаддаг.

Төрийн ордон. Ажлын өрөөндөө

Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр", Стандарт банк хооронд 270 сая ам.долларын асуудал,  Английн дээд шүүхээс Монгол Улс Стандарт банкинд эхний ээлжинд нэн даруй 98 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан тухай, хэрэв уг мөнгийг төлөхгүй бол Стандарт банк "Эрдэнэт үйлдвэр"-ийн оффисын барилга, Уурхайчин соёлын ордон зэрэг үл хөдлөх хөрөнгө болон Англид байдаг эрсдэлийн санд хуримтлуулсан хөрөнгөөс өрөө суутган авах тухай шийдвэр зэргийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлан хэд хэдэн удаагийн хэвлэлийн бага хурлаар тайлбарласан.

"Жаст" группийн өрийг Эрдэнэтчүүд төлөх ёсгүй гэж тэрээр үздэг.

Хээгүй хэрнээ хэнэггүй биш, залуу хэрнээ залхуу биш улс төрч маань УИХ-ын танхимдаа заримдаа нэг ганцаардах ч үе бий. Гэлээ ч түмний итгэл хүлээж, төрийн эрх барилцаж яваагаа ухамсарласан түүнд ухрах, халшрах эрх байхгүй.

УИХ-ын нэгдсэн чуулган

76 дундах “ХУРЦ ӨНЦӨГ”-т Монгол Улс, Монгол хүний эрх, эрх чөлөөний төлөөх итгэл, хүч, зориг оршин байгаа нь тодоос тод харагдаж байна.

Ц.Соёлмаа