С.Эрдэнэ: Ухаа худагийн хувьцааны үнийг өсгөхийн тулд тавантолгойг эргэлтэд оруулахгүй байна
2012.03.05

С.Эрдэнэ: Ухаа худагийн хувьцааны үнийг өсгөхийн тулд тавантолгойг эргэлтэд оруулахгүй байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ашигт малтмалын орд газрын хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр амласан. Нэг талаас энэ амлалт биелэсэн мэт харагдаж байгаа ч МАН-ынхан хувьцааны оронд бэлэн мөнгө авч болох санал иргэдэд тавилаа. Ингэхээр танай намын иргэн бүрт хувьцаа өгнө гэсэн амлалтыг МАН-ын 1.5 сая төгрөгийг бэлнээр олгоно гэсэн амлалтаар дарж орхиод өөрийн талд ашигтайгаар шийдүүлэх гээд байх шиг?

-2008 оны УИХ-ын сонгуулиар АН ард түмэндээ орд газруудын хувьцааг эзэмшүүлнэ гэж амласан. Энэ амлалт 100 хувь биелэсэн. Хувьцааг бэлэн мөнгө болгох боломжийг нээж өгөхгүй бол дээрх хөтөлбөр хэрэгжиж чадахгүй байсан. Яагаад гэхээр УИХ-д МАН олонхи. Ардын намынханд танай амласан нэг сая төгрөг хувьцаа хэлбэрээр дамжуулж иргэдэд очих боломжтой гэж итгүүлж байж үүнийг батлуулсан. Харин манай нам УИХ-д цөөнх. Тиймээс сонгуулийн амлалтаа заавал биелүүлэх үүрэггүй. Олонхийн засаглалд хяналт тавих үүрэгтэй. Амлалтаа биелүүлэх үүрэг МАН-ынханд л бий.

-Таван толгойн нэгж хувьцааны үнэ тодорхойгүй байхад Засгийн газар иргэдийн 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авах нь хэр шударга юм бэ?

-Улсын төсөвт Таван толгойн нэгж хувьцааг мянган төгрөг байхаар суулгаж өгсөн. Эрдэнэс Таван толгойн нэгж хувьцааны үнэ 1000 төгрөгөөр тогтохгүй. Энэ бол гарааны буюу маш бага үнэ. "Эрдэнэс Таван толгой"-г өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа нь төр засгийн асар том алдаа. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн лобби, улс төрийн оролцоотойгоор том Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил гацсан.

-Улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд газрын 50 хувийг төр эзэмших эрхтэй байхаар хуульчилсан. Энэ хуулийн заалт "Энержи ресурс" компанид үйлчилдэггүй гэж хэлээд байгаа?

-Ухаа худагийн хэсгийн нийт эдэлбэр газрын дөрөв орчим хувь гэж байсан. Гэтэл одоо Ухаа худагийн нөөц нийт газрын 20 орчим хувьтай тэнцээд байгаа. УИХ-ын 27 дугаар тогтоолоор Ухаа худагийг том Таван толгойд багтааж стратегийн орд газарт оруулсан. Ухаа худаг УИХ-ын тогтоолоор стратегийн орд газарт багтсан байхад үүнийг Засгийн газар "Энержи ресурс"-т өгсөн. Ийм эрх Засгийн газарт бус УИХ-д л байдаг. Түүнчлэн энэ ордод төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Тиймээс 50 хувь нь төрийн мэдлийнх, үлдсэн хувийг нь аж ахуй нэгжид өгөх ёстой.

Ингэхдээ сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр "Энержи ресурс" компанид өгсөн. "Энержи ресурс" лицензийн төлбөрт 851 мянган ам.доллар төлсөн юм билээ. "X" лицензтэй байсныг хууль батлагдах өдөр "А" болгочихсон. Энэ хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө тухайн уеийн Үйлдвэр худалдааны сайд огцорч байсан. Одоо болтол энэ хууль бус үйлдлийг хууль ёсны дагуу болгож өөрчлөөгүй. Үүнээс гадна Ухаа худагийн   хэсгийг   "Энержи ресурс" компанид 851 мянган ам.долларын төлбөрт өгсөн. Энэ нь өнөөдөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр дөрвөн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Ингэж төлбөрийг 4000 да-хин нугалж төлдөг явдал хаана ч байхгүй. 4000 дахин битгий хэл 40 дахин нугалж төлдөг тохиолдол дэлхийн хаана ч байхгүй шүү. Нэг сая ам.доллар хүрэхгүй төлбөрийг дөрвөн тэрбум ам.доллар болгосон. Энэ бол төлбөр биш луйвар. Өнөөдөр Ухаа худагийн IРО гаргах, нэгж хувьцааны унийг өсгөхийн тулд том Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг санаатайгаар гацаасан. УИХ-ын 39 дүгээр тогтоолд "Эрдэнэс Таван толгой" компани байгуулж ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ гээд заачихсан. Гэтэл Засгийн газар энэ тогтоолыг зөрчөөд Ухаа худагийг салгаад өгчихсөн. Баруун, Зүүн Цанхийн тэдэн хувийг Хятадад, Орост тэдэн хувь гээд бялуу шиг хэдэн хэсэг болгон хуваачихсан. Энэ нь өнөөдөр хүчингүй болчихсон.

-"Энержи ресурс" компани Засгийн газартай 70 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулах санал гаргасан. Үүнийг олон хун эсэргүүцэж байгаа. Таны хувьд...?

-Энэ нь Монголын хуулийг уландаа гишгэсэн үйлдэл. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий. Арай л дэндүү даварч байна. УИХ-ын тогтоол хуулийг Засгийн газар бүдүүлгээр зөрчих боллоо.

-"МСS"компанийнхууль бус үйлдлүүдийг удахгүй нийтэд дэлгэж, зарлах болно гэж байсан. Цаг нь болсон уу?

-Нууцлаад байгаа зүйл алга. Улаанбаатарын утааг арилгахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Утаа арилсан уу. Энд хэдэн тэрбумын бизнес явсан. Утаагүй зуух төслийг "МCS" компани хэрэгжүүлсэн. Хэчнээн айлын зуух дэлбэрсэн билээ, утаа хэдэн хувиар буурав. Үүнийг Улаанбаатар хотын иргэн бүр мэдэж байгаа. Ерөөсөө л утаагаар бизнес хийсэн. Ингээд яриад байвал олон зүйлийг хэлж болно. Бодит байдал ийм л байна.

-Таван толгойн үнэ цэнийг өсгөхийн тулд олон улсын хөрөнгийн бирж дээр IРО гаргах хэрэгтэй гээд байгаа. Ингэхийн тулд Англид бүртгэлтэй компани байх ёстой гээд байгаа шүү дээ. Энэ тал дээр?

-Яахаараа Монголын уул уурхайн хувьцаа гаргахыг гадаадын хөрөнгийн бирж дээр хийх ёстой юм бэ. Тийм хууль хаана байна. Англи зөвшөөрвөл манай улс IРО хийж болдог, зөвшөөрөхгүй бол хийж болдоггүй. Монголын хөрөнгийн бирж Английн талын оролцоотой менежмент хийнэ гэсэн болохоос биш, Монголын хөрөнгийн биржийн асуудлыг Англи мэднэ гэж би ойлгоогүй. Яахаараа Монголын хөрөнгийн бирж бие дааж чаддаггүй юм бэ. Хөшөөтөөр хэдэн зуун саяар л IРО хийсэн. Тэр мөнгө нь Хонконгод л байгаа. Энэ мөнгийг зарцуулах эрх нь хонконгчуудад л байна. Гэтэл Хөшөөтийн уурхайд ажиллаж байгаа монгол ажилчид цалин хөлсөө авч чадахгүй байна гэх юм. Монголын уул уурхайн баялгийг зүгээр зөөж гадаадад гаргах сонирхолтой харийн компаниуд л байна. Үүнийг мэдсээр байж дуугүй суух эрх улстөрчдөд байхгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.