Н.Энхболд, С.Шойгу нар хамтын ажиллагаа хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр /2018.10.18/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, “Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурав.
Уг хөтөлбөрт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцлоо.