УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 139 дүгээр чуулганд оролцож байна
2018.10.16

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 139 дүгээр чуулганд оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Бямбацогт, Б.Саранчимэг нар оролцож байна.

Чуулганд 50 улсын парламентын дарга, 40 дэд дарга, 700 орчим гишүүн, 500 орчим парламентын ажилтан, зөвлөх, Элчин сайд, олон улс, бүс нутаг болон орон нутгийн байгууллагын төлөөлөгч  зэрэг  1300 орчим хүн оролцож байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид чуулганы эхний өдөр Олон Улсын Парламентын Холбооны Ази-Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэн батлах ОУПХ-ны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудал, тогтоолын төслүүдэд баримтлах парламентуудын байр суурийг нэгтгэлээ.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурал ОУПХ-той хамтран 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн ээлжит чуулганы талаар мэдээлэл хийж, монголын парламент бүлгийн гишүүдийг тодорхой мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллахаа мэдэгдэв.

Мөн хуралдаанаар ОУПХ-ны холбогдох албан тушаалуудад Ази-Номхон далайн бүлгээс нэр дэвшигчдийг сонгох сонгууль боллоо. Энэ удаагийн 139 дүгээр чуулганаар батлах тогтоолын төслүүдийг боловсруулж, эцэслэх чиглэлтэй Төслийн хороонд УИХ-ын гишүүн Л.Болд сонгогдож ажиллахаар болов. 

Түүнчлэн ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд Ази-Номхон далайн бүлгийг төлөөлдөг Япон Улсын парламентын гишүүний хугацаа дууссан тул БНХАУ, Бүгд Найрамдах Индонез Улсын парламентын төлөөлөгчид өрсөлдөж, Хятадын нэр дэвшигч олонхын санал авлаа. Тэрбээр ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд Ази-Номхон далайн бүлгийг ирэх хоёр жил төлөөлж ажиллахаар болов. ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр  Монгол Улсаас УИХ-ын гишүүн Л.Болд 1998-2000, Н.Энхболд 2000-2002 онуудад тус тус сонгогдон ажиллаж байсан юм.