Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор ирсэн Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), ВульфКлинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) болон Ажлын хэсэг, улс төрийн бүлгийн ажилтнууд багтжээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын гуравдагч хөрш Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаа сүүлийн 30 жилд өргөжин гүнзгийрч, олон салбарыг хамрах болсон, түүний дотор Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, Элчин сайдаа томилон ажиллуулж байгаад талархал илэрхийллээ.
Хоёр талын хамтын ажиллагаанд 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр тэмдэглээд, Европын парламент хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр Тогтоол баталж, улмаар Монгол Улсыг дэмжсэн хэд хэдэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байгаа нь манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр болж байгааг онцоллоо.
Тэрбээр Монгол Улс Европын холбооны "GSP+" хөтөлбөрт 2005 оноос хамрагдаж, 7200 нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлүүлэх хөнгөлөлтийн эрх эдэлж эхэлсэн ч экспортын хэмжээ, нэр төрөл санасанд хэмжээнд хүрэхгүй байна. Энэхүү сайхан боломжийг бүрэн үр дүнд хүргэх, Европын холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын төр, засаг онцгой анхаарч ажиллах болно гэв.
Мөн худалдаа, эдийн засгийн салбараас гадна боловсрол, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Европын холбооны орнуудад оршин сууж буй монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарал тавихыг хүслээ.
Хатагтай Ивета Григуле хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд, “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг шинэ шатанд амжилттай хэрэгжүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх нь бидний хамтын зорилго юм гэв. Тэрбээр "GSP+" хөтөлбөрийн хүрээнд 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад чанар, стандартыг хангах амаргүй бэрхшээл та бүхэнд тулгардгийг бид мэднэ. Тиймээс энэ бэрхшээлийг хөнгөвчлөх арга зүйн талаас хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бид ямагт бэлэн байх болно гэв.
Хатагтай Ивета Григуле Монголын судалгаа шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсоноо мэдээлээд, эерэг таатай нөхцөл, сайн зүйл цөөнгүй байгаа ч улс төр тогтворгүй, Засгийн газар байсхийгээд өөрчлөгддөг, тэр бүхэнд яамдын ажил хариуцсан хүмүүс солигддог, сайн хууль цөөнгүй байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй, авлига санаа зовоосон асуудлуудын нэг болсон зэрэг нь хөрөнгө оруулагчид, бизнесийнхний үйл ажиллагаанд бэрхшээл учруулдгийг гэтлэн давах талаар хүчин чармайлт гаргах нь чухал байгааг тэмдэглэлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Европын парламентын гишүүд худалдааг хөнгөвчлөх талаар Монголын төрөөс баримталж байгаа бодлого, хэтийн төлөв, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, түүний дотор ноолуурын экспортын өнөөгийн байдал, бэлчээрийн доройтлоос сэргийлэх талаарх үйл ажиллагаа, иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, төлөвшил, санхүүжилтийн нөхцөл, эрх зүйн орчны талаар асуулт тавьсанд УИХ-ын дарга М.Энхболд дэлгэрэнгүй хариулт өглөө.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн даргаН.Оюундарь, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Н.Учрал, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг нарын зэрэг албаны хүмүүс байлцав.