2018.11.18

Жилд согтуурч, мансуурах дон өвчтэй 500-600 хүн албадан эмчлүүлж байна

Монгол Улсад 1961 оноос эхлэн архинд донтох өвчтэй иргэдийг албадан эмчилж эхэлсэн бөгөөд албадан эмчлэх байгууллага нь 2000 он хүртэл цагдаа, хорих, эрүүл мэндийн байгууллагын харьяанд тус тус ажиллаж байсан.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаар тогтоол гарч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Багахангай дүүрэг дэх Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлгийг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяанд шилжүүлж, “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” болгожээ.

Тус газар нь энэ хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, нийгэмд тулгамдаж буй асуудал болох согтуурах донтой хүнийг албадан эмчлэхэд ахиц гарган ажиллаж байна.

"Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль" 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Ингэснээр Ямар тохиолдолд эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг тус хуульд нарийвчлан тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийг шинэчлэн найруулсан байна.

Олон улсын туршлага:

Судалгаанаас үзэхэд бусад орны хууль тогтоомжид согтуурах, мансуурах донтой хүн энэхүү өвчин эмгэгээсээ болж өөрийн болон ойр дотны хүмүүстээ аюул учруулах эрсдэл бий болсон нөхцөлд албадан эмчилгээнд хамруулах үндэслэл болдог байна.

Мөн өөртөө хяналт тавьж чадахгүй, өөрийн ухамсраар донтох өвчнөөс ангижрах эмчилгээнд хамрагдах талаар шийдвэр гаргаж чадахгүй болсон нөхцөлд түүнийг албадан эмчилгээнд хамрагдах ёстой гэж мэргэжлийн байгууллага үздэг байна.

Монгол Улсад:

Эрүүл мэндийн тухай хуулийн 32.4-т “Нийгэмд аюул учруулж болзошгүй зарим өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх асуудлыг хуулиар зохицуулна.” гэж, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 12.1-д “Сэтгэцийн эмгэгтэй хүнийг өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийхийг завдаж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор албадан эмчилнэ.” гэж тус тус заасныг үндэслэн согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нөхцөлд тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах журмыг хуулийн төсөлд тусгасан.

Албадан эмчлэх хэрэгцээ бий юу?

Цагдаагийн байгууллагад 2016 оны байдлаар бүртгэгдсэн архаг архичин 3621, үүнээс гэр оронгүй 341, архинд донтох өвчтэй 2198, нийслэлд 896, орон нутагт 2725 хүн байна гэсэн тоон үзүүлэлттэй байсан. Сүүлийн 15 жилийн байдлаар нэг жилд тус газарт эмчлүүлэгсдийн тоо 295-аас 1050 хүртэл хэлбэлзэж, жилд дунджаар 500-600 гаруй хүн эмчлүүлж байна. 

Б.Энхтайван Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дэд дарга, дэд хурандаа: “Хуулийг үр дүнтэй болгохын тулд шинэчлэн, өөрчлөх шаардлагатай байна. Хуулийн агуулгад ганцхан эрүүл мэндийн байгууллагын биш төрийн бус байгууллагын оролцоог нэмж оруулмаар байна. Хүний эрхтэй холбоотой олон асуудал хөндөгддөг. Нэгэнт архинд донтох нь өвчин юм бол өвчтэй хүмүүсээр ажил хийлгэх нь хориотой байдаг. Үүнтэй холбоотойгоор байгууллагын нэр бас их шүүмжлэгддэг.”  

Х.Ариунболд ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх бүртгэл хяналтын хэлтсийн дарга, хошууч: Энэ хууль бол их зүйтэй хууль, манай хүмүүс яваад л байдаг. Ажлаа маш сайн хийж байгаа боловч нийгмийн үр дүн байдаггүй. Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад нь албадан эмчлэх байгууллагыг шилжүүлэх, харин харуул хамгаалалтыг нь гэрээгээр хариуцаад явах асуудал байж болох юм. Өвчтэй этгээдүүд байгаа болохоос ялтан, сэжигтэн биш.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны 5 сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан.

Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг  бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг  хуулийн төсөлд тодорхой тусгасан байна.

УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж байх үед гишүүд дараах саналуудыг гаргаж байсан.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Мансуурч, согтуурах байдал газар авлаа. Насанд хүрсэн нэг хүнд 23,5 л согтууруулах ундаа оногдож байна. Үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Төрийн бус байгууллага энэ чиглэлээр нилээн ажилладаг. Иймд төрийн бус байгууллагаа дэмжих хууль эрхзүйн орчин чухал.”

“Энэ төрлийн эмчилгээ хугацаа их зарцуулдаг, хөрөнгө мөнгө их шаарддаг. Монгол Улс өмнө нь хар тамхи дамжуулдаг улс байсан бол сүүлийн үед хэрэглэгч гэсэн ангилалд орсон байна. Зарим мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Шархадны эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийгддэг. 10 гаруй жилийн хугацаанд хар тамхинд донтсон нэг ч этгээд бүрэн эмчлэгдээгүй гэсэн байна. Тэгэхээр албадан эмчилгээ хийх хугацаа хангалттай байх хэрэгтэй”

УИХ-ын гишүүн  Б.Саранчимэг

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

“Олон улсад энэ төрлийн эмчилгээ нь эмчилгээ хийгээд нийгэмшүүлэх, хэвийн амьдралд нь оруулах хүртэлх ажлыг хэлдэг. Тиймээс зардал өндөр гардаг. Мөн энэ хуулийг дагалдаад бусад хуульд нэмэлт оруулахдаа урьдчилан сэргийлэх арга зам тодорхой байх хэрэгтэй. Нэгэнт донтсон хойно нь зардал гаргаад, хугацаа алдаад эмчлэх биш урьдчилан сэргийлж сургалт, соёлын арга хэмжээнд хамруулж байх нь зүйтэй.”

Шинэчлэн найруулсан хуульд:
  • Албадан эмчлэх эмнэлэгт эмчлүүлэхээр ирж байгаа хүнийг хүлээн авах ажиллагааг дэлгэрэнгүй тусгасан.
  • Албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээсэн. Мөн сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан болно.
  • Албадан эмчлэх эмнэлгийн зардалд тооцож оруулах шаардлагатай эмчилгээнд хамрагдаж байгаа хүнд илэрсэн бусад өвчин эмгэгийг эмчлэх, эмнэлгийн хувцас, эмчилгээний хоолны болон өвчтөний ирэх, буцах зардлыг холбогдох зүйлд тусгайлан заасан.
  • Албадан эмчлэх эмнэлгийн санхүүжилтэд Архидан согтуурахтай тэмцэх сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр байж болохоор заасан.
  • Мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болно.
  • Эмчлүүлэгч өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд орсон тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасан журмын дагуу тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэж болохоор заалт нэмсэн.
  • Сургалт зохион байгуулах, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр байрлуулан асрамжлах зэрэг үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. 

"Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны 11 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. 

Ингэснээр ямар тохиолдолд албадан эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг тус хуульд нарийвчлан тусган зохицуулагдлаа.

Ц.Соёлмаа