Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг баталлаа
2018.11.15

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг баталлаа

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. 

Засгийн газраас 2018 оны 05 сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр ямар тохиолдолд эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг нарийвчлан тусгасан юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 11 сарын 14-ний өдөр хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс гарсан нэр томъёоны талаарх найруулгын саналыг төсөлд тусган жигдрүүлж, олонхийн дэмжлэгийг асван саналуудыг бүрэн тусгасан байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй бөгөөд хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.