2010.03.19

С.Эрдэнэ гишүүн Баянгол, Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгтэй танилцлаа

Нийгмийн байдал, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн С.Эрдэнэ, Байнгын хорооны Ажлын алба, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газартай хамтран энэ оны гуравдугаар сарын 16 болон 17-ны өдрүүдэд Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дүгээр цэцэрлэг, 73-р сургууль, Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэг, 75 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахад Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяр оролцож дүүргийн боловсролын салбарт хийж байгаа ажлууд болон тулгамдаж байгаа асуудлаа танилцуулан санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн 13 дүгээр цэцэрлэгийн хувьд 1960 онд 75 хүүхдийн ортой яслийн зориулалттай ашиглалтад орж, 1996 оноос 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг болон өргөжсөн байна. Сургуулийн өмнөх боловсролын хүрээг  өргөтгөх зорилгоор  цэцэрлэгийн хүчин чадлыг бүрэн ашиглаж цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн дунд ээлжийн ба цагийн сургалт зохион байгуулж 17 хүүхэд, /нийгмийн эмзэг хэсгийн/, 20 хүүхдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/ олгох хүрээг 41 хувиар ахиулж тойргийн хүүхдийн 42.5 хувьд СӨБ олгосон байна. СӨБ стандартыг хэрэгжүүлж өөрийн цэцэрлэгийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулан мөрдөж, хүүхэд төвт сургалтыг эрхэмлэн ажилласнаар сүүлийн гурван жилд тус цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэргэжилт хүүхдийн эзэмшсэн мэдлэг чадварын түвшин тогтмол 90.5 хувь, стандартын хэрэгжилт 95.3 хувьтай болж  чанарын ахиц гарч үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.

Цэцэрлэгийн барилгад  1960 оноос хойш нэг удаа засвар хийсэн, одоогийн байдлаар дээврээс байнга ус гоождогоос цахилгааны монтаж гэмтэж, гал түймрийн аюул гарч болзошгүй болсон,барилгын хана цуурч ан цав үүссэн, 2007 оны Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр их засвар хийх шаардлагатай ч хөрөнгөгүйгээс засварлаж чадаагүй байгаа, гал тогооны тоног төхөөрөмжөө нэг ч удаа сольж чадаагүй, нэр төрөл цөөн өнөөгийн шаардлага хангахгүй байгаа талаар дурьдаад дээрхи хоёр асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Захын хорооллын сургууль төсөл хөтөлбөрт хамрагдаж төвийн бүсийн сургуулиуд хамрагдахгүй байгаа, Сургууль цэцэрлэгүүдийн засварт маш их мөнгө зардаг ч багш ажиллагсадын мэргэжил дээшлүүлэхэд мөнгө хүрэлцдэггүй, засварын хөрөнгийн зарцуулалт дээр хяналт тавьж, цаашид олон сургууль цэцэрлэгт бага багаар өгөх биш засварын мөнгийг хүрэлцэхүйц хэмжээгээр ээлж дараатай өгөх, дүүргүүдийн гэгээрэл хөгжлийн төвүүдийн байрны асуудлыг анхаарах, зориулалтын номын сан, гал тогоо байхгүй зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг дурьдаж анхаарч туслахыг хүсч байв.

Улсын их хурлын гишүүн С.Эрдэнэ сургууль цэцэрлэгийн урсгал ба их засвар, өргөтгөл хийх, шинээр барих асуудлаар зураг төсвөө мэргэжлийн түвшинд хийлгэх, дээр дурьдсан  асуудлуудаа бичгээр ирүүлэхийг зөвлөөд тулгамдаж буй асуудлуудыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулж Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.