Хоёр машин шүргэлцвэл ЖОЛООЧ нар хоорондоо маргалдаагүй л бол ЦАГДАА ДУУДАХ ШААРДЛАГАГҮЙ
2017.09.25

Хоёр машин шүргэлцвэл ЖОЛООЧ нар хоорондоо маргалдаагүй л бол ЦАГДАА ДУУДАХ ШААРДЛАГАГҮЙ

Сүүлийн үед сошиалаар “Хоёр машин шүргэлцэхэд 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасдаг болсон. Үүнийг мэдэхгүй осол гаргасан жолооч нар даатгал дуудаж нэмэр дээрээ нэрмээс авах болоод удаж байна. Аргаа барсан иргэд үнэхээр ноцтой л хохирол биш бол даатгал дуудахаа байсан. Энэ нь автодаатгалын газруудыг өөгшүүлсэн, ашигтай зүйл болоод байгааг дуугүй өнгөрөөх аргагүй боллоо” гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.


-Иргэдийн дунд санаандгүй, санамсаргүй осол гаргасан жолооч нарт чирэгдэл их болжээ гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан жолооч болон иргэдийн дунд худал мэдээлэл гарчээ. Шинээр батлагдсан хуулинд зам тээврийн осолд холбогдсон бол даатгал дуудаж, зуун нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгуулна, таван оноо хасна гэсэн журам байхгүй ээ.

-Тэгвэл яагаад ийм яриа гарсан юм бол. Бусад хууль тогтоомжид яг юу гэж заасан байдаг юм бэ?

-“Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж, гарын үсэг зурна. Ингээд аль болох ойр буй Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно” гэж заасан байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны A/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар” гэж байна. Үүний 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын маягтыг үндэслэн зохих журмын дагуу нөхөн төлбөр гаргуулж болно” гэж заасан. Энэ тохиолдолд тухайн даатгалын компани нь даатгалын тохиолдлыг өөрсдийн шуурхай албаар дамжуулж шалган, баримтжуулж хохирогчид нөхөн төлбөр олгож байх үүрэгтэй.

-Даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлолт нэхдэг юм биш үү?

-Манай даатгалын компаниуд заавал цагдаагийн тодорхойлолт нэхдэг. Цагдаагийн тодорхойлолт нэхэхээр иргэдийн дунд , сошиалаар буруу мэдээлэл явж байна. Тэгээд төрийн байгууллага руу дайрах юм. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс зам тээврийн осолд холбогдсон жолооч эрх бүхий байгууллагын албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд зуун нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын захирамжаар таван оноо хасахаар шийдвэрлэсэн байдаг. Иймээс иргэд Замын хөдөлгөөний дүрмийг сайтар судалж, учрыг нь олж, зөрчихгүй байх ёстой. Хэрвээ ямар нэг зөрчилд холбогдчихоод хоёр иргэн хоорондоо маргалдаагүй бол дээрх тушаалуудыг үндэслэн даатгалын компани нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй.

-Хэрэв хүний эрүүл мэнд, амь нас хохирвол яах вэ?

-Зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын тохиолдолд оролцогч талууд маргалдвал зам тээврийн осолд холбогдсон жолооч зам энэ талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай. Харин ноцтой осол биш бол цагдаагийн байгууллага зөрчлийг бүртгэж авна. Ийм заалтыг Санхүүгийн зохицуулах хороо Албан журмын даатгагчдын холбоонд хүргүүлсэн байдаг.


“ДААТГАЛ” ЗААВАЛ ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ШААРДАХГҮЙГЭЭР ОСЛЫН ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ГЭВ

Харин Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав ярихдаа “Хүний эрүүл мэнд, амь настай холбогдсон даатгалын тохиолдолд, хоёр буруутай этгээд хохирогч хоорондоо маргаж байвал замын цагдааг дуудах ёстой. Хуулинд ийм заалттай. Хоёр машин хоорондоо шүргэлцчихвэл тухайн даатгалын тохиолдолд буруутайг нь хүлээн зөвшөөрч, хоёр тал тохиролцчихвол цагдаа дуудах ямар ч шаардлагагүй. Энэ асуудлыг Замын цагдаагийн байгууллага мэдэж, ойлгож байгаа. Заавал цагдаагийн тодорхойлолт авчир гэж шаардаж буй зарим нэг даатгалын компани байгаа юм байна. Бид үүнийг анхааралдаа авч ажиллая. Хууль журмыг дагахгүй, өөр бодолтой, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа даатгалын компаниуд энэ үйл ажиллагааг эрхлэхгүй байж болно шүү. Бид хүндрэл учруулахгүйгээр хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөв нөхцөлөөр даатгалын компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн боломжтой гэдгийг зориуд хэлье” гэв. Мөн тэрбээр цагдаагийн тодорхойлолт шаардаж, иргэдийг чирэгдүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо эсвэл Албан журмын даатгагчдын холбоонд гомдол гаргаж болно. Холбоо ийм үйлдэл гаргасан даатгалын байгууллагад хатуу хариуцлага тооцно гэдгийг санууллаа. Иймээс Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар хоорондоо маргаан үүсгээгүй тохиолдолд цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаа авах боломжтой аж.