УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хувийн хөрөнгөөрөө зам тавилаа
Монгол Улсад анх удаа улстөрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн автозам тавьж өнөөдөр хүлээлгэж өглөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9,10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучиттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэжээ.
Өвөлдөө хальтиргаа гулгаа ихтэйгээс үүдэж осол аваар их гардаг энэ хэсэгт хучилт хийх хүсэлтийг үе үеийн УИХ-ын гишүүн, нийслэл, дүүргийн засаг дарга нарт тавьж ирсэн ч төсөв байхгүй шалтгаанаар хойшлуулсаар ирсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуульд тус тойргоос сонгогдсон Ж.Ганбаатар иргэд, сонгогчдийнхоо өмнө ийн бэлэг барьж баярлууллаа.
Тэрбээр энэ талаар “Надад итгэл үзүүлэн НИТХ болон УИХ-д сонгосон 9,10-р хорооны иргэд та бүхнийхээ өмнө амалсан амлалтаа ажил хэрэг болгон ахуй амьдралаа залгуулдаг энэ замыг хувийн хөрөнгөөрөө барьж өнөөдөр нээлтийг нь хийж байгаадаа баяртай байна. Намайг хувийн хөрөнгөөрөө зам барьж байгаа гэхэд итгэж ядсан, хардаж сэртсэн байдлаар хандаж төрөөс төрж, түмний хөрөнгөөр хөлжсөн этгээд идсэн мөнгөөрөө зам барьж байна гэх нэг биш хүмүүс байсан, арга ч үгүй биз дээ. Өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам барьдаг жишиг манайд байхгүй хойно. Би барьсан энэ замаа нийслэл, дүүрэг, яам, тамгын газарт шахаж мөнгөө буцааж авах санаа зорилгогүй ийм зүйл огтоос байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 10-р хорооллын арын болон хойд замыг нийслэлийн хөрөнгөөр шийдүүлэн ашиглалтад оруулж байсан билээ.