Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаархи Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад УИХ-ын гишүүд оролцов
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа нар Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаархи Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад оролцов.
“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд гарч буй ололт амжилтыг дүгнэн, тулгамдаж буй болон цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцэх зорилготой “Хүмүүнийг чадавхжуулах, хүртээмжтэй, тэгш байдлыг хангах нь” сэдэвт тус чуулга уулзалтад Ази тивийн улс орнуудын төр, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон юм.
Зүүн хойд Азийн нийт хүн амын 10 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур үзүүлэлттэй байдаг байна. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин доогуур, ерөнхий боловсролын сургуульд хамрагдагсдын тоо харьцангуй өндөр, суурь үйлчилгээний хүртээмж болон нийтийн институциудын үйл ажиллагаа сайн зэрэг үзүүлэлтээрээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэн, Ази, Номхон далайн бусад бүс нутгаа тэргүүлдэг байна. Гэсэн хэдий ч тэгш бус байдал хамгийн тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, Зүүн хойд Азийн улс орнууд, ялангуяа БНХАУ, Япон Улс, Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй байгаа ч орлогын тэгш бус байдал гүнзгийрч, боловсрол, эрчим хүч, зохистой хөдөлмөр эрхлэх боломж, хүртээмж тэгш бус байгааг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос хийсэн судалгаа харуулжээ.
Иймээс Улаанбаатар хотноо болсон энэ удаагийн чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн 17 зорилгоос “Боловсролын чанар (ТХЗ 4)”, “Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт (ТХЗ 8), “Тэгш бус байдлыг бууруулах (ТХЗ 10)”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (ТХЗ 13)”, “Энх тайван, шударга ёсыг тогтоох (ТХЗ 16)” болон “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17)” зэрэг 6 зорилгыг онцлон хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх асуудлыг эрхэлдэг бөгөөд 2016 оны 2 дугаар сард Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор баталсан 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон засаглал гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжиж байна.
2018 оны 6 дугаар сарын байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын нийт 244 шалгуур үзүүлэлтээс Монгол Улсад хамааралгүй 11 үзүүлэлт байна. Өнөөгийн байдлаар 2015, 2016, 2017 онуудад 233 шалгуур үзүүлэлтээс 113 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг тооцож гаргасан бөгөөд гарахгүй байгаа 120 шалгуур үзүүлэлт байна. Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдээс одоогийн байдлаар гарах боломжгүй байгаа үзүүлэлтийн мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, яамд, төрийн бусад байгууллага, олон улсын, иргэний нийгмийн байгууллагууд хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хүний нөөц, техник, технологийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Мөн тэрбээр “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаархи Зүүн Хойд Азийн орнуудын олон талт бүлгүүдийн хоорондох яриа хэлцлийг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон холбогдох бүс нутгийн болон дэлхийн түвшинд дэд бүсийн чиг хандлагыг тусгахад энэхүү уулзалтын ач холбогдолтой гэдгийг онцлов. Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад хэлэлцэгдэхээр тусгагдсан Тогтвортой хөгжлийн зорилгууд нь Боловсролын чанар, Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт, Тэгш бус байдлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, Энх тайван, шударга ёсыг тогтоох болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилгуудыг анхаарч үзэж байгаа нь зөв шийдэл гэж харж байгааг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дурдаад чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн.
Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын институци байгуулан, механизм бий болгоод буй Япон Улс туршлага, иргэний нийгмийн хүчин чармайлтаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог сайжруулсан БНСУ-ын туршлагаас хуваалцсан байна. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Монгол дахь Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулсан юм.