Г.Тэмүүлэн: Бэлчээрийг зүйл зохистой АШИГЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ боловсруулж байна
2018.09.04

Г.Тэмүүлэн: Бэлчээрийг зүйл зохистой АШИГЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ боловсруулж байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд тойрогтоо ямар ажил хийсэн бэ?

-Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хуулийг сурталчлан таниулах ажлуудыг хийж байна. Миний бие энэ жишгээр өөрийн тойргийн иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, танилцуулгыг өглөө. Мөн гишүүний үндсэн үүрэг болох тойргийнхоо иргэд сонгогчдынхоо санал, хүсэлтийг сонссон. Нутаг орондоо, анхан шатанд тулгамдаж байгаа асуудлыг эрэлхийлэх, түүнийгээ хуульд нийцүүлэх нь гишүүдийн үүрэг. Энэ ажлаа өнгөрсөн хугацаанд хийсэн.
-Мал амьтны эрүүл мэндийн болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж батлуулсан. Энэ хуулиуд өнгөрсөн зургадугаар сараас хэрэгжиж байгаа. Хуулиудийн хэрэгжилттэй танилцсан уу?
-Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд эхний ээлжинд аймаг бүрт босоо тогтолцоотой болж байна. Сум бүрт буюу анхан шатанд авах ёстой арга хэмжээг авч, мэргэжлийн төвшинд тавигдах шаардлагыг биелүүлэн, гурван малын эмчийн орон тоо зарлагдаж байна. Мөн мэргэжлийн хүний хяналт дор үржил селекци болон малын ашиг шимийг нэмэгдүүлэх ажлын эхлэл тавигдаж байна. 
-Хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Хуулийг хэрэгжүүлэх боловсон хүчний асуудал энэ ондоо багтаж шийдэгдэнэ. Үүнийг дагаад мэргэжлийн хүмүүсийн ажиллах дэд бүтцийг бий болгох нь тулгамдаж байгаа асуудлын нэг байна. 2019 оны төсвийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс хоёр хуулийг хэрэгжүүлэх дэд бүтцийг шийдэхэд Засгийн газраас анхаарч ажиллах шаардлага бий. Үнэхээр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуйн салбар юм бол энэ салбараа босгох, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд малыг эрүүл байлгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Мөн тухайн малын гарал үүсэл, бүртгэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Тиймээс бид малыг эрүүлжүүлэхтэй холбоотой дэд бүтцийн асуудал, малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх зэрэг гурван жил үе шаттай хийгдэх ажлын хөрөнгө мөнгө санхүүжилтийг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай. Үржлийн болон таваарын бүх малыг ээмэгжүүлэхэд ирэх гурван жилийн хугацаанд 87 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Гэхдээ үүнийгээ үе шаттайгаар шийдэж, ирэх оны төсөвт 20-30 тэрбум төгрөгийг нь тусгах зайлшгүй шаардлага бий. Хоёрдугаарт, сум бүр гурван малын эмчтэй болсон бол ажлын байрны дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. 
-Дэд бүтэц гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Дэд бүтэц гэдэг нь байшин барилгын асуудал огт биш. Жишээ нь, малын эмч нарын энэ жилийн малаа эрүүлжүүлэх төлөвлөгөөт ажил гэж бий. Үүнийг хийхэд хамгийн анхны дэд бүтцийн асуудал нь угаалга, туулга хийх малын ванны асуудал байгаа юм. Энэ жил сум бүрт нэг зөөврийн ванныг тавьж байна. Цаашдаа бид хуучны уламжлалт аргыг шинэлэг технологитой хослуулсан угаалгын суурин ванныг баг бүрт суурилуулах, хөрөнгө мөнгө, санхүүжилтийг шийдэх ёстой. Нэг талаас нь харахад ганц ванны асуудал мэт боловч цаана нь угаалга туулга нь хийгдэж, хачиг, хувалзаасаа салсан малын амьдын жин доод тал нь 15-20 хувиар нэмэгдэх боломжтой. Үүнийг нийт малынхаа тоогоор авч үзвэл малаас авах ашиг шим нь хэдэн сая тонноор нэмэгдэх нь ойлгомжтой. Социализмын үед баг бүрт угаалга, туулгын ванн, малаа эрүүлжүүлэх хашаа хороо байдаг байсан. Мал нь эмнэг, догшин болчихсон энэ цаг үед бидэнд малд тарилга хийх зөөврийн хашаа, хороо хэрэгтэй байгаа юм. Энэ нь мал зүйч болон малын эмчийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай ч мөн холбоотой асуудал болж байна. Сүүлд ХХААХҮЯ-наас сум болгонд бий болгохоор зорьж байгаа зөөврийн ванн нь газар нутаг үл хамааран, шаардлагатай газраа мал сүргээ угаах давуу талтай юм билээ. Гэвч 3-4 метрийн өндөртэй ванн руу шатаар дамжиж гарна, нарийхан хаалгаар малаа оруулах нь хүндрэлтэй байгаа юм. Сүүлд авсан мэдээгээр 20-30 малыг угаахад 15-20 минут зарцуулдаг гэж байна. Харин би саяхан Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт багийн дарга, малын эмч, малчин хүний хийсэн ваннтай танилцлаа. Гүйдэг замтай, хөдөлмөр хөнгөвчилсөн байдлаар шийдсэн байна. 7-8 мянган малыг малдаа ч ээлтэйгээр, хүн хүч ч бага шаардахаар шийдсэн байгаа юм. Бид иймэрхүү анхан шатанд хэрэгтэй байгаа асуудлыг шийдмээр байна. 
-Ер нь цаашдаа мал аж ахуйн салбарт ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Энэ хоёр хууль нь Монгол Улсын мал аж ахуйн салбарыг дараагийн шинэ шатанд гаргах, хөгжлийн тулгуур хууль юм. Дараагийн том асуудал нь бэлчээртэй холбоотой асуудал. Магадгүй малын тоо толгой 200-300 сая толгойд хүрвэл яах вэ. Нөгөө талдаа мал давжаарч, ашиг шим буурч байгаа нь малын тоо толгой нэмэгдэж байгаагаас хамаарч байна. Бид ашиг шимээс илүү тоо толгойг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгосон байна. Жишээ нь, сумынхаа аварга малчныг тодруулдаг байсан бол мянгат малчин тодруулах уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Сүүлдээ богоор мянгат болдог байсан бол бодоор мянгат хийх уралдаан тэмцээн болох нь холгүй болжээ. Банкууд нь зээл олгохдоо тоонд суурилж зээл олгодог. Уг нь хоёр малчны хонь хоёр өөр ханштай байж болно. Нэг нь амьдын жин нь их, ноос хөөвөр сайтай гэх мэтээр зөрүүтэй байхад малынхаа ашиг шимд анхаардаггүй, шинжлэх ухаанчаар ханддаггүй, зөвхөн тооны хойноос хөөцөлддөг Дорж гэдэг малчны 25 кг жинтэй хоньтой малчинд ижил хэмжээний зээл олгож байгаа асуудлыг ярьж байгаа юм. Дээр үед ямааны бүх түүхий эдийг ашиг шимээр нь ангилдаг байсан. Махыг нь чанараар нь, ноос ноолуурыг нь хүртэл ангилж, өнгө зүсээр нь ялгадаг байв. Үүнтэй адил сум бүрт малын түүхий эдийн чанарын лабораторийг байгуулах хэрэгтэй байна. 
-Лаборатори байгуулах хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд хялбар байх болов уу?
-Нэг суманд лаборатори байгуулахад лаборант, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Үүнд 20-30 сая төгрөгийн асуудал яригдана. Гэтэл үүнийг шийдсэнээр нэг хот айлын малаас авах ашиг шимийг 20-30 сая төгрөгөөр нэмэгдүүлэх тухай яригдах юм. Ер нь ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн тулд лаборатори байгуулахаас өөр гарц байхгүй. Энэ мэт асуудлаа шийдсэний дараа дараагийн асуудлаа ярих хэрэгтэй болно. Үүний дараа бэлчээрийн асуудал яригдана. Магадгүй бид ашиг, шим муу 100 сая малтай байснаас ашиг, шим өндөр 40 сая малтай байж болно. Ингэснээр бид бэлчээрийн даацын асуудлаа шийдэж болно. 
-Ер нь бол бэлчээрийн даац хэтэрсэн, анхааралдаа авах шаардлагатай талаар хаа хаанаа ярьдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлд хүрээгүй байна? 
-Бэлчээр хамгаалах тухай хуулиар малын хөлийн татвар, бэлчээрийн татварын талаар ярьдаг байсан. ӨвөрМонгол шиг газрыг хувьчлах тухай асуудлыг хүртэл тавьж байв. Энэ бүхэн Монголын өнөөдрийн бэлчээрийн мал аж ахуйн онцлогт огт нийцэхгүй. Мал аж ахуйг хөгжүүлэх гарц огт биш. Миний хувьд 100 сая толгой малтай тогтолцоонд суурилж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, эдэлбэр газар хэлбэрээр ашиглах гарц шийдлийн талаар ярьж байгаа юм. Бид өмнө нь өвөлжөө, хаваржааныхаа газрыг авч үлддэг, амраадаг, сэлгэдэг, бог, бодоо тусад нь хариулдаг, эсвэл багийн төвшинд отрын бүсийг бий болгодог байсан. Үүнтэй адил засаг захиргаа анхан шатны төвшинд илүү зохион байгуулалттай, ухаалгаар, нэг сэтгэлгээгээр малчдын бэлчээртээ хандах хандлагыг өөрчлөх хуулийн төсөл юм. Энэ хууль нь татвар, газар өмчлүүлэх, газрын харилцааны асуудал огт биш. Малчдын хандлагыг өөрчлөх, удирдлага, зохион байгуулалттайгаар бэлчээрт хандах хандлагыг бий болгох зорилготой Бэлчээрийг зүй зохистой эдэлбэр газарт ашиглах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ намраас хуулийн төслөө танилцуулах, сурталчлах, иргэдээс санал авах ажлыг хийж, УИХ-д өргөн барина. Монгол Улсын эдийн засгийг нэмэгдүүлэх гол салбар нь мал аж ахуйн салбар. Мал аж ахуйн салбарын гол онцлог нь бэлчээрийн мал аж ахуй. Бидний дэлхийд өрсөлдөх давуу тал нь ч бэлчээрийн мал аж ахуй, бэлчээр юм. Бэлчээрийн мал аж ахуйгаас гарч байгаа бүх түүхий эд, мах, сүү органик, эко гэсэн үг. Бид энэ давуу тал дээрээ суурилсан мал аж ахуйгаа ухаалгаар хөгжүүлэх ёстой. Нийт мал сүргийнхээ тодорхой хувийг эрчимжсэн мал аж ахуй болгож болох юм. Гэвч эрчимжсэн мал аж ахуйгаар дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэвэл хэцүү. Харин дэлхийд байхгүй мал аж ахуй болох бэлчээрийн мал аж ахуйн онцлогт нийцүүлсэн төр засгийн бодлогыг гаргаж, шинжлэх ухаанч, ухаалаг байдлаар хөгжүүлэх нь оновчтой шийдэл юм.