Д.Тэрбишдагва: Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний  хэрэгжилтийг шалгаад 200 гаруй хуудас дүгнэлтийг бэлэн болгосон
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай
2018.09.04

Д.Тэрбишдагва: Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаад 200 гаруй хуудас дүгнэлтийг бэлэн болгосон

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг зуны турш ажиллалаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд танаас асуухад гэрээг шалгаж дууссан уу. Дүгнэлт гарсан болов уу. Уг нь зургадугаар сард дуусна гэж байсан даа?

-УИХ-ын чуулган завсарлана гэдэг гишүүдийн хувьд амарна гэсэн үг биш л дээ. Чуулганы хуралдаан завсарлаж байх хугацаанд ч гэсэн улс орны өмнө тулгамдсан асуудлуудын талаар ямар арга хэмжээ авах талаар бодож, хийх зүйлсээ төлөвлөж байх хэрэгтэй. “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан. Нийтдээ 200 гаруй хуудас материал бэлэн болсон. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр албан ёсоор бэлэн болж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд нууцын зэрэглэлтэй тараасан. Есдүгээр сарын 25-ны дотор санал, дүгнэлтийг нь аваад албан ёсны дүгнэлтийг нэгтгэж гаргах учиртай.

Ажлын дэд хэсэгт орж ажилласан хүмүүсийн саналыг аваад урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан гэж ойлгож болно. Дараа нь ажлын хэсгийн гишүүд цуглаж байгаад УИХ, Эдийн засгийн байнгын хороогоор оруулахад бэлэн болгох ёстой юм. Дан ганц Эдийн засгийн байнгын хороо гэлтгүй Хууль зүйн байнгын хороогоор орох зайлшгүй шаардлага бий.

-Яг ямархуу дүгнэлт гарсан юм бол. Олны анхаарлыг яах аргагүй татаж байгаа шүү дээ?

-Ямар ч байсан нууцын зэрэглэлтэйгээр ажлын хэсгийн гишүүддээ өгсөн. Яамдын таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын дэд хэсгүүдийн дүгнэлт дээр тулгуурлан эхний дүгнэлт гарсан. Гэхдээ ажлын дэд хэсгүүдийн санал, дүгнэлт дээр зүйл заалтын хүрээнд дутуу зүйлс бий. Би Төрийн нарийн бичгийн дарга нарт наймдугаар сарын тавны дотор дүгнэлтүүдээ тодорхой болгож явуул гэдэг албан бичиг хүргүүлсэн. Одоо болтол хариу ирэхгүй байна. Тиймээс өнгөрөгч пүрэв гаригт дахин албан бичиг явуулсан. Ажлын дэд хэсгүүдийн дүгнэлт тодорхой сайн байвал бидний гаргах дүгнэлт ч гэсэн тэр хэрээрээ тодорхой болох учиртай. Ажлын дэд хэсгүүд ойрын хугацаанд дүгнэлтүүдээ чамбайруулаад өгөх байх.

-Тэгэхээр намрын чуулганаар асуудал хэлэлцэгдэж таарах нь, тийм үү?

-Намрын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ зургадугаар сард урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан байсан. Оюу толгойн орд газар дээр нь очиж ажиллахаас эхлээд нэлээд цаг хугацаа шаардсан зүйлс байлаа. Зуны дэлгэр цагт хүмүүс амраад явчихдаг ч бид нухацтай сайтар судалж үзье гээд нэлээд суулаа. Есдүгээр сарын 25-ны дотор гишүүдээс санал ирчихвэл байнгын хороогоор оруулах ажил хийгдэнэ.

-Дүгнэлт гэхээр яг ямархуу утгатай зүйлс гарч байгаа бол. Манайхан санал, дүгнэлт гаргана гэчихээд шүүхийн шийдвэр шиг хэн нэгнийг ялласан зүйл гаргаж ирээд түүгээрээ улс төр хийдэг тал бий..?

-Ажлын дэд хэсгүүд, судлаач, ТББ-уудын байр суурийг тусгасан. УИХ-ын гишүүдэд нууцын зэрэглэлтэй тараагдсан тул тэд өөрсдийн дүгнэлтээ гаргасны дараа эцэслээд ийм байна гэж ярихгүй бол урьдчилсан байдлаар ийм байлаа гэж ярьж болохгүй. Д.Тэрбишдагва гэж хувь гишүүний дүгнэлт гэж байхгүй. Ажлын хэсгийн нийт гишүүдийн дүгнэлт гэж байх учиртай л даа. Гишүүд дүгнэлтээ гаргаж дуусаагүй байхад урьдчилан тоочиж болохгүй.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох ёстой байлаа. Гэвч Үндсэн хуулийн Цэцээс нөхөн сонгуулийг хойшлуулсан. Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гэх баталгаа байна уу. Олон хүний амнаас сонсоход МАН ямар нэгэн шалтаг гаргаад 2020 он хүртэл нөхөн сонгууль явуулахгүй гэх юм. Хэнтий аймгийн иргэдийг парламентад төлөөлөлгүй тийм удаан явуулж болох уу?

-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд өөрсдийн төлөөллийг Их хуралд илгээсэн. Гэвч нөгөө гишүүн нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зайлшгүй нөхөн сонгууль явуулах шаардлагатай. Хэнтийн иргэдийг Их хурал хоёр жил парламентад төлөөлөлгүй суулгах нь бүү хэл хоёр өдөр ч ийм байдлаар хохироож болохгүй.

Уг нь хэл ам, маргаангүйгээр эртхэн шиг нөхөн сонгуулийг явуулах ёстой. Төрд төлөөлөлгүй тойрог байна гэдэг ёс зүйгүй үйлдэл. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Их хурал юу гэж үзэх юм бүү мэд. Намрын чуулган эхлэхээр л сайтар ярилцах байх.

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэвэл яах вэ?

-Ардчиллын зарчмаар олонхын шийдвэрээ дагана. Тэр үед өөрийн байр суурийг тодорхой илэрхийлнэ гэсэн бодолтой байгаа.

-МАН-ын дарга нөхөн сонгуулиас айгаад 2020 он хүртэл 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахгүй гээд байгаа юм биш үү. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлчихсөн гэх юм?

-"Шударга бусын төлөө би амиа алдахаас айхгүй” гэж ярьдаг хүн нөхөн сонгуулиас айхгүй байлгүй дээ. Хардлага хүн бүрт байж болно. Хардлагаар асуудлыг харлуулж дүгнэж болохгүй л дээ. МАН-аас нэр дэвшигч унах нь ойлгомжтой гэж ярих юм. Харьцангуй ойлголт гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, МАН-ын дарга, өмнө нь тэндээс сонгогдож байсан хүн нөхөн сонгуульд нэр дэвших ёстой. Нэр дэвшээд ялах ёстой. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар албан ёсоор яригдаагүй байгаа. Намын бага хурлаас Удирдах зөвлөлд хэнийг нэр дэвшүүлэх талаар чиглэл өгнө.

-Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг он гаргаад 320 мянга болгоно, энэ сараас эхлээд багш, эмч нарын цалин нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэллээ. Заавал зарлан тунхаглах шаардлага байдаг юм уу. Үүнийг нь дагаад үнэ нэмэгддэг гашуун туршлага бий болчихлоо?

-Засгийн газар байнга л зарлах юм байна шүү дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь гарцаагүй зөв гэж боддог хүн. Гэхдээ монгол хүмүүстээ ойлгуулаад хэн юу хийж чадаж байна, хэн орлоготой байна, хэн хэдэн ажлын байр бий болгосныг онцгойлон анхаарах ёстой. Түүнээс гадна дотноос зээл авдаг ч юм уу, жаахан юм олчихоод цацаад байх биш бүтээн байгуулалтад зарцуулж ажлын байр бий болго л доо. Монгол Улс 27 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Хуучин бид Орост өртэй байсан гээд сайн муу хэлдэг л байлаа шүү дээ. Гэхдээ бид социализмын үед энэ хэмжээнд хүрэхгүй зээлээр аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүхэл бүтэн хэд хэдэн хорооллыг бий болгож чадсан. Ардчиллын үед авсан зээлээр бид юу бүтээв. Өөрсдөө баялаг бүтээгээд олчихсон юм шиг гаднаас өндөр хүүтэй авсан зээлээ тараадаг буруу жишиг тогтсон.

Цалин хөлсийг нэмэх нь чухал. Ингэлээ гээд ажлын байр хичнээн бий болов гэдгийг тооцох ёстой. Ажлын байр нэмэгдвэл иргэдийн орлого нэмэгдэж, улсын татвар ч дагаад өснө. Ард түмэндээ хайртай гээд олсон хэдэн төгрөгөө цацаад байж болно. Гэхдээ бид нүцгэн үнэнтэйгээ тулгарах ёстой. Тэгэхгүйгээр ард түмэндээ хайртай болж жүжиглээд гадаад өрөө нэмээд байх нь буруу. Нам эвсэл дамжсан эдийн засгийн бүлэглэл нэмэгдээд байж болохгүй. Цаашлаад биднийг ядуу байлгах сонирхол хэнд байна вэ гэдгийг ч бодох хэрэгтэй. Лав л надад байхгүй.

Ажлын байр нэмэг-дүүлэхгүй, байгаа баялгийг нь гадагш нь тавьж туучихаад олсон мөнгөө оффшор дансанд нуугаад байж болохгүй. Зорилтот бүлэгтээ халамжаа өг. Засгийн газар мундаг ажиллаж байна гээд ярьж байгаа. Дүүрэг дээрээ очоод харахад ажлын байр хэдээр нэмэгдэв, иргэдийн орлого яаж өсөв гэхээр сайн ажиллаж байгаа зүйл харагддаггүй. “Цэцэрлэгийн хүрэлцээ сайн болно. Нэг ч хүүхэд гэртээ цоожлогдохгүй, нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй” гэж том амлаад байсан яав. Одоо хүртэл тендер нь зарлагдаагүй сургууль, цэцэрлэг маш их байна.

-Анзаарч байхад зуны турш О.Баасанхүү гишүүн та хоёр л Төрийн ордонд суулаа. Тойргоороо явж амжсан уу. Хэд хоногийн өмнө тантай таарахад “Зуны хийж бүтээх сар богино. Тиймээс энэ хугацааг ашиглаад ажиллах ёстой” гэж байсан?

-Бид улс орныхоо язгуур эрх ашиг, хөгжлийг бодож л байгаа юм бол хамгийн бүтээгч цагтаа ажиллаж байх ёстой. Монгол Улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс зуны дэлгэр цагт амрах нь бодит үнэн. Гэхдээ сургууль, соёлоос эхлээд ажил амралтаа зохицуулахгүй бол зуны турш манайхан амарчих юм. Зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын нэгэн хүртэл амралтын байдалтай болчихдог. Өвөл нь хүйтний дээр асар их утаатай болчихдог тул бүтээмж багатай байдаг.

Зун ажиллаж болохгүй, амарч болно гээд хэн хэлчихсэн юм. Тэгэхээр ажил, амралтыг зохицуулж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ихийг хиймээр байна. УИХ-ын гишүүд зуны цагт тойргийнхоо иргэдтэй уулзах ёстой. Бусад цагт нь ажлаа хиймээр байгаа юм. Хүнд ам, ажлын нэгдэл гэж байх хэрэгтэй. Зуны цагийг ашиглаад ажиллах ёстой гэж ярьдаг байж өөрөө амраад алга болчихож болохгүй. Хүмүүс “Танаас өөр хүн Төрийн ордонд алга. Ямар их ажилладаг юм бэ” гэж асууж байсан. Хүмүүс ажил хаяж эсэргүүцлээ зарладаг бол би ажил хийж эсэргүүцлээ зарлаж байгаа юм. Зун энд тэнд болж байгаа наадмууд дээр очиж микрофон барьж үг хэлээд яваад байх шаардлагагүй юм шүү дээ, манай гишүүд. Ажил, амралтаа зохицуулах нь зөв. Зуны дэлгэр цагт нуруугаа тэнийлгэж байна гээд яваад байж болохгүй. Ялангуяа хэдэн мянган хүнийг төлөөлж Их хуралд сууж байгаа гишүүд тодорхой хугацаанд нуруугаа тэнийлгэхээс биш, нуруу нь байнга тэнэгэр яваад байж болохгүй л дээ. Оюу толгойн гэрээ, “Ажилсаг Монгол” хөтөлбөр дээрээ нэлээд сууж ажилласаар байна. “Ажилсаг Монгол” хөтөлбөр дээр ажлын дэд хэсэг байгуулагдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ахлан ажиллаж байгаа. Мөн “Зааг” номоо хятад, орос, герман хэл дээр гаргахаар ажиллаж байгаа.

-Их хурлын гишүүдээсээ эхлээд ингэж үлгэрлэхгүй бол төрийн байгууллага зуны цагт үнэндээ амралтын байдалтай байдаг. Өөрчлөлтийг гишүүд өөрсдөөсөө эхлэх ёстой санагддаг?

-"Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй" гэдэг үнэн. УИХ-ын гишүүд өөрсдөө манлайлах ёстой, Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байх ёстой. Гишүүд цагтаа цугларч байх хэрэгтэй. Хуучин есөн цагт цугладаг байсныг 10 цаг болгосон. Гэсэн ч гишүүд хоцордог байсан нь олон удаа шахаж шаардсаны дүнд одоо арай гайгүй болж байна. Гэхдээ “Их хурал цагтаа эхэлдэг боллоо” гээд гайхуулаад байх юм биш. Гишүүд хийх ёстой ажлаа л хийж байгаа хэрэг. Жирийн иргэд цагтаа ажилдаа ирдэгтэй адил байх ёстой юм. УИХ, Засгийн газрын гишүүд манлайлах цаг болсон. Төрийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрсэн. Хариуцлага, сахилга бат гэдэг зүйл дунд шатны албан тушаалтнуудад алга боллоо. Олны нүдэн дээр ил байдаг болохоор хэдэн Их хурлын гишүүдээ л боорлох юм. Төрийн албанд туршлагагүй хүн төрд ажилладгийг болих хэрэгтэй. Сайд, дарга солигдонгуут бөөн бөөнөөр нь халж сольдог замбараагүй, байдал газар авлаа. Үнэхээр хэрээс хэтэрлээ.

Төрийн яаманд хүн амины хэрэг гарлаа шүү дээ. Ийм зүйл дэлхий дээр байдаг юм уу. Хариуцлагагүй байдал хаа сайгүй бий болчихлоо. Яам тамгын газраар очихоор дарга нар нь хүлээж авч уулздаггүй, доод шатных нь хүмүүс заавал юм нэхдэг гажиг тогтолцоо бий болсон.

-Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нөгөө газрын даргынхаа амийг бүрэлгэлээ. Таны байр суурийг сонирхъё. Төрийн ёс зүйг яаж бэхжүүлэх ёстой юм бол?

-Өнөөдөр яг болж байгаа салбар гэж байна уу. Алийг нь болж байна гэх вэ. Энэ салбарын ажил л сайн явж байна гээд хэлчих боломж алга, үнэндээ. Сахилга хариуцлага, дэг журмын асуудал үнэхээр тулгамдчихлаа. Хүүхдийг багаас нь ёс зүйтэй болгож өсгөхгүй бол сүүлд нь засч залруулна гэдэг хэцүү. Ёс зүйтэй хүн хариуцлагатай байдаг.

Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлагаа хүлээгээд ажлаа өгч байгаа нь ёс зүйн тал дээр том алхам хийлээ гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өгч байгаа нь зөв ч гэсэн томилгооны тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Монголын эрдэмтэд судлаачид, туршлага, мэдлэгтэй хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэх хэрэгтэй. Төрийн албанд ч ямар ч туршлагагүй, таван үсэг холбоод үг биччихэж чадахгүй хүмүүс их болсон. Аль нэг нам, хүнээс хамааралгүйгээр шалгалт аваад чадварлаг, ёс зүйтэй хүмүүс нь төрд ажиллах ёстой. Хэд хэдэн ийм зоригтой алхам хийх цаг нь болчихлоо.

Сэтгүүлч Э.Энхболд