С.Эрдэнэ: МАН бол МУРИДАГ нам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганыг дүгнэвэл?
-Хаврын чуулган шаардлагатай хууль, тогтоол шийдвэрээ гаргаж чадаагүй, эрх баригч нам дотоод зөрчилдөөндөө илүү анхаарч, цаг зарсны 'үрээр' Монгол төрийн ажил цалгардсан чуулган боллоо. Улс орны өмнө тулгамдаж буй маш олон асуудал байгаа ч нэгийг нь ч шийдэж чадсангүй.
Харин чуулганы төгсгөлд Тавантолгой ордыг эрчимжүүлэх ажлын эхний алхам хийгдлээ. Гэхдээ энэ нь үр дүнгээ өгөх эсэх нь тодорхойгүй. Оюутолгойн асуудал, Эрдэнэтийн асуудал гээд асуудлууд хэвээрээ л чуулганыг өндөрлүүллээ. Эрх баригчдын хувьд улс орны, нийгэм эдийн засгийн маш том боломжууд бий. Олон улсын зах зээл дээрх уул уурхайн баялаг түүхий эдийн үнэ өссөн, мөнгөний урсгал нэмэгдэж байхад түүнийг дагасан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна.
Нэг ч ажил бодитойгоор эхлүүлсэнгүй. Сүүлийн үед эдийн засаг өссөн, хүн ам, өрхийн орлого өссөн гэж олон нийтэд шоу хийж байна. Бодит амьдрал дээр өрхийн орлого 10 дахин багассан, шатахууны үнэ нэмэгдсэн байгаа. Гэтэл бодит байдлаас зөрүүтэй, авцалдахгүй эдийн засгийн дүгнэлт хийгээд, хэвлэлээр яриад байгаа эрх баригчдыг ойлгохгүй байна.
Хаврын чуулган үр дүнгүй, тааруу чуулган боллоо. Цаашид төрөөс гарах бодлого, шийдвэрт ул суурьтай хандах шаардлагатай байна. Ард түмэн эрх баригчдад үнэмлэхүй олонхийн санал өгсөн учраас бид аль болох ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэр гаргах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд нь боломж олгохоор өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандсан. Одоо бол бид чадахгүй, сөрөг хүчний зүгээс тавих шаардлагаа тавина гэж бодож байна. Эдийн засаг, бодит байдал дээр тоон үзүүлэлт өсч байгаа ч иргэдийн орлого, өрхийн орлого бодит байдал дээр өсөхгүй байгаа. Харин ч унаж байна.
Эрх баригчид худлаа ярьж, ард түмний тархийг угаахаа больж, бодит судалгаан дээр бодит үр дүн гаргасан дүгнэлт хийх хэрэгтэй. Ер нь хаврын чуулган, сүүлийн хоёр жил үнэн дампуу байлаа. 65-ын бүлэг засаглаж чадахгүй, манарсан хоёр жил болж байна.
-Хаврын чуулганы хугацаанд Оюутолгой, Эрдэнэттэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчих болов уу гэсэн хүлээлт байсан ч чадсангүй?
-УИХ-ын даргын шийдвэрээр том баг бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь, асуудал хариуцаж байгаа сайд нараасаа эхлээд холбогдох хүмүүс нь тодорхой тоо баримтаа гаргаж өгөхгүй байх, үйл ажиллагаанд нь зориуд саад учруулах байдлаар ажлын хэсгийн ажлыг явуулахгүй байх зүйлс ажиглагдсан.
“Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав “Хууль зүй, дотоод хэргийн сайд нь холбогдох материал гаргаж өгөхгүй, хүлээгдэж байна” гэж хэлж байхад нөгөө сайд нь мэдээлэл гаргаж өгсөн гэж хэлээд сууж байх жишээтэй. Аль нь үнэн, худал ярьж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Ийм байдлаар ажлын хэсгийн ажил явахгүй л дээ. Ер нь зүгээр “Эрдэнэт” 49, 51 хувь нь хамаагүй, нэг л үйлдвэр. 51 хувь нь Арбитрын шүүхэд барьцаанд тавигдсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь батлан даагч болсон гэж ярьдаг.
Барьцаанд тавих, батлан даах хоёрын ялгаа гэж байхгүй. Нэгэнт баталгаа, батлан даалт гаргасан, барьцаанд тавьсны ялгаа гарахгүй. Төлбөрийн чадваргүй бол төлбөрийг нөхөн гүйцэтгэнэ гэсэн л утга агуулж буй. 49 хувийг нэг хэсэг бүлэг хүн дээрэмдээд авчихсан юм шиг ярьдаг хэрнээ 51 хувь хаачсан юм бэ.
Би бол 49, 51 хувь хоёуланг нь шалгаж, энэ асуудлаа эцэслэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. 40 жилийн ойгоо тэмдэглэсэн 'Эрдэнэт'-ийн ногдол ашгаас өнөөгийн эрх баригчид ханатлаа л идсэн шүү дээ. Энэ бол тоглоом биш, нийгэм, эдийн засагт нөлөөлөх ганц үйлдвэрийнхээ орлогыг улстөрчид нь хувааж идээд байвал ямар хэрэг байх вэ.
Харин Оюутолгой ашиглалтад орсон цагаас эхлэн энэ асуудалд анхаарал хандуулж байсан хүний нэг нь би. Оюутолгойн олборлолт, борлуулалттай холбоотой асуудлыг нэг талд нь гаргаж шийдэхгүй бол хэзээ ч ашгаа өгөхгүй.
Жилд цөөн хэдэн төгрөгийн татвар төлсөн болоод л өнгөрдөг. Гэтэл цаана нь Монголын баялаг ямар ч хяналтгүй гадагшаа урсч байна. Эрх баригчид нэн яаралтай арга хэмжээ авах ёстой. Миний харж байгаагаар анхнаасаа үндэстэн, нам дамнасан хэсэг бүлэг этгээдүүдийн ашиг сонирхлын золиос болсон гэж би боддог. Анх Оюутолгойн ашиглалтын гэрээ байгуулах гэж байхад цөөн хэдэн гишүүн анхны хөрөнгө оруулалт тодорхой бус, эргэн төлөгдөх хугацаа тодорхой бус, ТЭЗҮ байхгүй зүйл ашиглалтын гэрээ байгуулж болохгүй гэж маш их эсэргүүцэл үзүүлсэн.
Тухайн үеийн Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг хоёр ч удаа огцруулахаар би хүсэлт гаргаж байсан ч, олонхиороо хүч түрэн шийдэж байсны үр дүн өнөөдөр мэдрэгдэж байна. Оюутолгой олборлолтод Монголын төр хяналт тавьж чадахгүй байгаа. Яг түүнтэй адилхан Эрдэнэт ч тийм байгаа. Энэ хоёр гол ордын нөөц, орлогод төрөөс тавих хяналт байхгүйтэй адил байна. Энэ мэт зүйлсийг шалгах ёстой. ОУВС-гаас зээл авч өрөнд орж байхаар Монголдоо байгаа хөрөнгө оруулалтаа сайжруулах, ялангуяа уул уурхайн баялагт оруулсан хөрөнгө оруулалтын хяналтаа сайн тавьж, ногдох ёстой татвараа авч чадах юм бол гаднаас нэг ч төгрөгийн зээл авахгүй байж болно. Эрх баригчдад ард түмэн боломж олгосон, ямар ч улс төрийн хүчнээс үл хамааран шийдвэр гаргах 65 суудал өгсөн. Гэтэл өнөөдөр хоорондоо талцсан, бие биенээ ажил хийлгэдэггүй, дэгээдэж унагаадаг л нөхцөл байдал үүсээд байна даа.
-Хаврын чуулганаар 10 жил гацсан, олон жил хүлээлттэй байсан Тавантолгойн ордыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан. Тавантолгой цаашид маргаангүй, ямар нэг зөрчилгүй хөдлөх боломж харагдаж байна уу. Ялангуяа улс төрийн шийдвэрт хүрсэн гээд байгаа?
-Тавантолгойн асуудал дээр яг улс төрийн шийдэлд хүрээгүй. Ардчилсан намаас “Эрдэнэс Монгол”-ын 49 хувийг ард түмний мэдэлд шилжүүлэх санал оруулсан ч зөвшөөрөөгүй. Түүний дараа 34 хувь байх нь зөв гэж тохиролцоод, АН авсан завсарлагаа цуцалсан. Гэтэл чуулган дээр олонхиороо хүч түрээд л баталчихсан. Ардчилсан намын хувьд Тавантолгойг эргэлтэд оруулах, IPO хийх гэж байгаа үйлдлийг зөвшөөрөхгүй.
Улс төрийн зөвшилцөл гэж үзэх боломжгүй. Цаашид хэл амгүй, хэрүүлгүй явна гэдэгт эргэлзэж л байна. Улс төрд хэлсэн ярьсандаа байж сурах нь улс төрийн намын, улстөрчдийн соёл л доо. Гэтэл тохирчихоод олонхиороо хүч түрээд, муриад явна гэдэг нь эрх баригчдын явцгүй гэдгийг харуулж байгаа юм. АН цөөнх, гэхдээ улс орныхоо эрх ашгийн төлөө олон нийтийн хяналтын багц оруулахыг хичээсэн. АН Тавантолгойн асуудалд улс төрийн зөвшилцөлд хүрээгүй, санал нэгдээгүй. Одоо МАН-тай ямар ч тохироо хийхгүй, тэдэнд итгэхгүй. Тэд бол муриачид.
“МОНГОЛБАНК АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ХУЙВАЛДАЖ БАЙНА”
-Та зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ хууль байнгын хорооны хурал дээр унасан ч чуулганаар дэмжсэн. Зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх нь ямар ашигтай юм бэ?
-Энэ хууль нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах юм. Банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангана гэж улстөрчид, банкныхан ярьж буй. Гэтэл өнгөрсөн 28 жил манай банкны салбар өөрсдийн зоргоор явж, төрөөс ямар нэг зохицуулалт, дарамт үзүүлж байгаагүй. Банкны салбараар оролдож болохгүй гэдэг зарчмаар ирсэн. Банкны салбар зах зээлийн зарчмаар явж ирсэн.
Харамсалтай нь, энэ салбар зах зээлийн зарчмаар зохицуулалт хийх биш нийгэм, эдийн засгийн салбарын монополь болсон. Энэ салбарт хэн ч халдаж чаддаггүй, тогтвортой хөгжил нэрээр бүгдийг хаадаг байсан. Шинэ дугуй зохиож байгаа биш олон улсын практикт хэрэглэдэг, зах зээл өндөр хөгжсөн орнуудын банкны салбарт хийгдэж байгаа зохицуулалтыг хоёр жил мэргэжлийн, чадвартай хүмүүсээр бүрдүүлсэн баг ажилласан.
1989, 1990 оны үед зээлийн эргэлт хоёр тэрбум байсан бол өнөөдөр 13,8 их наяд төгрөгийн зээлийн төвлөрөл бий болсон байна. Гэтэл зээлийн хүү буураагүй, банкны монополь байдал хэрээс хэтэрч зээл олгосныхоо төлөө шимтгэл авдаг болсон. Зах зээлд ийм зарчим байхгүй шүү дээ. Зээл олгоно гэдэг бол үйлчилгээ үзүүлж байгаа нэг хэлбэр. Өөрөө үйлчилгээ үзүүлээд, түүнийхээ төлөө шимтгэл авч байгаа нь буруу.
Арилжааны банкууд дээр жигнэсэн дундаж хүү 28-40 орчим байгаа юм. Гэтэл Монголбанк, арилжааны банкуудтай хуйвалдаж, жигнэсэн дундаж хүүг 17-18 хувь гэдэг. Энэ тооцооллыг бодохдоо Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагаас урт хугацаатай, бага хүүтэй зээлтэйгээ арилжааны банкуудын иргэд, аж ахуй нэгжид олгож буй зээлтэйгээ нийлүүлж жигнэсэн дундаж гаргаад байгаа юм. Гадны томоохон банкнаас авч байгаа зээл дунджаар жилийн гурван хувийн хүүтэй, их хэмжээний мөнгө байдаг. Түүгээрээ олон нийтийн тархи угааж, дундаж хүүг гаргаад байгаа юм.
Гэтэл яг арилжааны банкуудын иргэд, аж ахуй нэгжийн олгож байгаа зээлийн хуримтлал, олгож байгаа зээлийн жигнэсэн дундаж үнэ нь 28-40 хувь байгаа юм. Энэ одоо хэнийг хуурч байна вэ. Тиймээс энэ хуулийн төслийг өргөн барьж, зээлийн хүүг буулгаж 17-18 хувиар дээд хязгаарыг тогтооё гэж байгаа юм.
Цалин, тэтгэврийн зээлийг 12 хувь байхаар хуульд тусгасан. Дээд хязгаар гэдэг нь таазыг тогтоох бөгөөд таазаас хэтэрвэл мөнгө хүүлсэнд тооцох юм. Түүнээс гадна ипотек зэрэг бусад төрлийн зээл олгохдоо хүүг дандаа урьдчилж тооцдог. Ямар ч зээл олгосон урьдчилан хүүгээ авдаг. Тиймээс аливаа хэлбэрийн зээлийн хүүг урьдчилж тооцож авахыг хориглоно гэсэн заалт оруулж өгсөн. Энэ бол мөнгө хүүлэлтийг зогсоох маш том хамгаалалт юм.
-Зээлийн хүү бууруулах, хүүг урьдчилж авахгүй байх хууль санаачлахаар арилжааны банкууд лобби их хийх болов уу. Эрх баригчид энэ хуулийг батлах найдвар байна уу?
-Арилжааны банкууд лобби хийнэ л дээ. Хэрэв энэ хуулийг явуулахгүй байгаад үзэг л дээ. Иргэд, сонгогчид дүнгээ л тавина. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр иргэд эрх баригчдаас амласан амлалтыг шаардаж байгаа. Эрх баригчд өрийг өрөөр дарахгүй гэж амласан. Гэтэл бүгдийг өрөөр дарж байна. Сая Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед авсан 'Дим Сам' бондын зээлийг сая 'Гэрэгэ' бондын үлдэгдлээр дарсан. Гэтэл түүнийгээ өөрсдөө дарсан юм шиг л рекламдсан. Ингэж ард түмнээр тоглож болохгүй.
Цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн өнөөдрийг хүртэл нэмээгүй л байна. ОУВС гэсэн хадны мангаа руу бүгдийг чихээд л сууж байна. Үнэхээр Монгол Улс өөрийн гэсэн төр байна уу, хэрэв төртэй бол төр ажлаа хийх хэрэгтэй. Эрх баригч нам төрийн эрх барих гэж гарч ирэхдээ сонгуулийн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн дэмжиж саналаа өгсөн.
Гэтэл сонгогчдыг хуурч байгаа юм шиг ОУВС руу бүгдийг чихэж байна. ОУВС Монголын төр барьж байгаа юм уу, МАН барьж байгаа юм уу. Монголд байгаа бодит баялагтаа хяналт тавьж чадахгүй, татвараа бүрэн авч чадахгүй байна. Монголд өрийн тааз гэж байх аа больсон. Бараг л өр олж ирсэн нь баатар болж байна.
-МАН хаврын чуулганаар Д.Гантулгад хариуцлага тооцсон. Хариуцлагыг өөрсдөөсөө эхлүүлсэн гэж байгаа. АН Д.Мурат гишүүнд хариуцлага тооцох асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Танай намыг Д.Муратыг авч үлдэх тохироо хийсэн гэсэн яриа бий?
-Ямар нэгэн тохироо хийх, улс төрийн наймаа хийсэн зүйл байхгүй. Д.Гантулга, Д.Мурат нарын үйлдэл нь өдөр, шөнө шиг ялгаатай. Д.Гантулга бол огт танихгүй, мэдэхгүй хүний эрхэнд халдсан. Гэтэл Д.Мурат гишүүний хувьд тухайн эмэгтэйтэй харилцаатай байсан, муудах сайдах зүйл байдаг. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал.
Д.Мурат гишүүнд зодуулсан гэж тухайн эмэгтэй нь гомдол гаргасан. Гэтэл есдүгээр сард зодсон үйлдлийг нэгдүгээр сард буюу таван сарын дараа шүүх эмнэлэг тогтоосон байдаг. Хэзээ ч ийм практик хуулийн түүхэнд байхгүй. Гэмтлийн зэргийг 72 цагийн дотор тогтоох ёстой. Энэ бол хууль бус. Би бол Д.Мурат гишүүнийг өмөөрөх гэж байгаа юм биш гэхдээ өнөөдөр улстөрчдийн нэр хүнд нийгэмд эмзэг байдгийг нь далимдуулан хувь хүний явцуу эрх ашгийн үүднээс бусдын эрх ашигт хандаж, ашиг олох гэсэн асуудал нийгэмд дэлгэрүүлээд байх асуудал биш юм. Бид ч гэсэн ямар нэг байдлаар өөгшүүлээд байх шаардлагагүй гэж харж байгаа.
Хууль хүчний байгууллагууд нь хянаж, гэм буруутай эсэхийг нь тогтооно. Түүнд нь намын зүгээс саад учруулсан зүйл байхгүй. Д.Мурат гишүүн өөрөө дуудсан цагт нь очиж, гэм буруутай эсэхээ шалгуулаад явж байгаа. АН-ын зүгээс ямар нэг оролцоо, хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хүмүүс хоригдож байгаад суллагдсан. Биеийн байдал нь хүнд байсан. Батлан даалтад гарснаас нь хойш уулзсан уу, эргэж очив уу?
-Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан гурвыг хоригдож байхад нь эргэж очиж, уулзсан. Ч.Сайханбилэг эсвэл хэн ч бай хуулийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгаж, тогтоолгоод явах ёстой. Тэр болтол бид улс төрийн ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг хичээж байгаа.
Мөн бид анхааралтай ажиглаж байна. Ямар нэг байдлаар манай намын гишүүний эрхийг хууль бусаар зөрчих, улс төрийн ямар нэг дарамт үзүүлэх, хилс хэрэгт гүтгэх, хэлмэгдүүлэх нөхцөл байдал үүсэх юм бол эрхийг нь хамгаалахын төлөө явна. Түүнээс наана хуулийн хүрээнд ажил үргэлжилж байхад намын зүгээс ямар нэг үйл явдалд нь оролцох шаардлагагүй л гэж харж байгаа.