С.Амарсайхан: Авлига авсан мөнгөөрөө гутааж, доромжлоод намайг зайлуулна гэвэл эндүүрэл
Сүүлийн үед НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой гэх “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. “Зүүнбаян Рефайнери” ХХК нь НИТХ-ын дарга С.Амарсайхны төрсөн ах С.Уламбаярынх. Тус компани Туул голын эргээс 10 хүрэхгүй метрийн зайд барилгын суурь тавьсан. Ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж зайлуулсан. Мөн эргийн зарим хэсгийн бургасыг хядсан талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр шүүмжлэх болсон.
Мөн энэ талаар Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өргөдлийн байнгын хороо газар чөлөөлөлтийн ажил хийж байгаа. Энэ дагуу арга хэмжээ авч байгаа. Гэхдээ ядарсан зүдэрсэн нөхдүүдэд арга хэмжээ аваад задарсан нөхдийг тойрч байна. “Зүүнбаян Рефайнери” ХХК-ий ард С.Амарсайхан байгаа гэж хэвлэлээр гарч байна лээ. Би шалгасан үнэн байна лээ” гэсэн юм.
Харин энэ асуудал дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр тайлбар хийлээ.
Тэрээр “Амарсайхан гэдэг хувь хүний эзэмшлийн компанид ямар нэгэн асуудал байхгүй. Бүтэн хаваржингаа, зунжингаа гүтгэж байна. Сүүлийн үед зохион байгуулалттай гүтгэх, доромжлох, шантаажлах ажил газар авч байна. Энэ ажлыг намын, төрийн нэрээр, төсвийн мөнгөөр олон жил ажил амьдралаа залгуулж ирсэн нөхдүүд авсан авлигынхаа мөнгийг хэвлэл мэдээлэл, сошиалаар цацаж Амарсайханыг зайлуулах санаатай байна. Авлига авсан мөнгөөрөө гутааж, доромжлоод Амарсайханыг зайлуулна гэвэл эндүүрэл.
Би нийслэлийн 1.5 сая хүний аюулгүй байдал, өдөр тутмын амьдралыг хариуцаж байгаа хүн. УИХ-ын гишүүн элдэв юм ярихаар араас нь хөөгөөд явах шаардлага надад байхгүй. Тэр Б.Пүрэвдорж гишүүн сонин юм ярьж байна лээ. С.Амарсайханыг нэр дээрх газрыг цуцал гэх шиг. Юу ярьж байгаагаа мэдэхгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө хувийн мөрдөгч, хөлсний гүтгэгч болчихсон юм уу гэж ойлгож байгаа.
УИХ-д байгаа зарим нөхдүүд улс орныг элгээр нь хэвтүүлчихээд иддэг төсөв мөнгө нь байхгүй, худалддаг арилждаг албан тушаал нь байхгүй болчихоор шантааж хийдэг болсон байна. 10 хүн ажиллуулж, 10 төгрөгийн татвар төлж үзээгүй байж тэгж болохгүй. Би төрийн байгууллагад олон жил бугшсан асуудлыг зөв тал руу нь болгохын тулд ажиллаж байгаа. Газартай холбоотой асуудлыг би анх хөндөж тавьсан. Албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Мафийн сүлжээнд орчихсон хүмүүсийн гар хөл болчихсон хүмүүс олон байна. Үүнээс үүдэж янз бүрийн гүтгэлэг явж байгаа” гэлээ.