Я.Содбаатар: Байнгын хороог хаалттай явуулах санал гарсан ч төсөлд тусгах боломжгүй
2018.06.19

Я.Содбаатар: Байнгын хороог хаалттай явуулах санал гарсан ч төсөлд тусгах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан ч хурлын дараа мэдээлэл хийгээгүй. Тиймээс бүлгийн хурлаар чухам ямар асуудал хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараас тодрууллаа. 

-МАН-ын бүлэг өчигдөр ямар асуудал хэлэлцсэн бэ? 

-Бүлгийн хурлаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанк банкуудын өөрийн хөрөнгийг өргөжүүлэхийн тулд 840 тэрбум төгрөг гаргасан байдаг. Гэтэл үүнийг хэн шийдэж олгосон, яаж эргэн төлөх вэ гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Тиймээс одоо хуультай болгоё гэж байгаа хэрэг. Ийм хуультай болсноор банкуудыг ямар процессоор хөрөнгөжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно

- Дэгийн тухай хуулийн төсөлд байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулахаар тусгасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Тийм заалт огт байхгүй. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа тусгаагүй зүйлийг хэлэлцүүлгийн явцад оруулах боломжгүй. Ер нь хуралдааны дэгийг зохицуулахтай холбоотойгоор хуулийн төсөл боловсруулж, санал авах явцад ийм санаа гарч байсан. Одоо хэлэлцүүлгийн явцад ч зарим гишүүн ийм санал гаргаж байгаа. Дэлхийн жишгээс харвал парламентад байнгын хороод нь хаалттай хуралддаг юм билээ. Энэ нь мэргэжлийн байнгын хороод улстөржилгүй, сонгогчдод таалагдах гэж бус, хэлэлцэж буй асуудлынхаа голыг олох боломж олгодог. Гэхдээ манайд нэгэнт нээлттэй явуулаад хэвшчихсэн учраас одоо хаалттай болгоно гэвэл нэлээд хүндрэл, хардалт гарахыг үгүйсгэхгүй. Харин хуралдааны танхимд асуудал үүсгэж байгаа гишүүдэд сануулга өгч, гаргах хүртэл арга хэмжээ авна.Энэ мэт анхаарал татаж байгаа заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх, гишүүний ард буй иргэд хийгээд олонх, цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар ажлын хэсгийн түвшинд илүү нарийвчлан ярилцах байх.

Б.Анир