Б.Болд-Эрдэнэ:

Улстөрчид олон нийтийн санаа бодлыг дагуулдаг байх ёстой


7 минут уншина
Ярилцсан О.Батзаяа:
Б.Болд-Эрдэнэ: Улстөрчид олон нийтийн санаа бодлыг дагуулдаг байх ёстой
МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, сэтгүүл зүйн доктор /Ph.D/ Б.Болд-Эрдэнэ

Vip76.mn сайтын редакциас сонгогчдын боловсролд зориулж "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. 

Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагуудаа хүргэж байна. 

Энэ удаад МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, сэтгүүл зүйн доктор /Ph.D/ Б.Болд-Эрдэнэтэй "Улс төрийн PR" сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Таныг сэтгүүлчээр суралцаж буй оюутнуудад "PR" сэдвээр хичээл заадаг учраас энэ сэдвээр ярилцахаар шийдсэн юм. Ер нь PR гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэе?

PR гэдгийг энгийнээр тодорхойлбол, харилцагч талуудад харилцан ашигтай харилцааны эерэг таатай орчныг бүрдүүлэх юм.

Мэдээж энэ томьёоллын цаана олон асуудал бий. Тийм учраас PR бол юуны өмнө тодорхой хэмжээгээр нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бодол, санаа бодлын лидер байх, нөгөө талаас тодорхой зорилготой, зохион байгуулалттай харилцаа юм.

Гэхдээ эцсийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө, хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн бараа бүтээгдэхүүнийг төгөлдөржүүлэх, өрсөлдөөнд ялалт байгуулах, амжилт олох, зах зээлд байр суурь эзлэх юм. Энэ өнцгөөс нь харвал PR бол нийгмийн сайн сайхны төлөө, бизнест бол ашгийн төлөөх үйл ажиллагаа.

Улс төрийн PR эцэстээ улстөрчийн имижийн бүрдүүлэлт болж хувирдаг.

-Улстөрийн PR ямар онцлогтой байдаг юм бэ?

Ардчилсан төрийн зайлшгүй үүрэг бол олон нийтэд нээлттэй, ил тод байх явдал юм.

Нөгөө талаасаа ард түмнээс сонгогддог учраас сонгогчдын санаа бодолд нөлөөлөх гол зорилготой байдаг. Энэ үүднээсээ улс төрийн PR эцэстээ улстөрчийн имижийн бүрдүүлэлт болж хувирдаг.

Орчин үеийн улс төр элдэв номлол, үзэл суртал гэхээс илүү имижийн өрсөлдөөн болсон. Тухайлбал, олны өмнө хэрхэн харагдах уу гэдгээс эхлээд үзэл бодол, байр сууриа хэрхэн илэрхийлэх, ямар дүр байдлыг бий болгох зэрэг асуудалд PR-ыг хэрэглэдэг болжээ. Жишээ нь жингийн илүүдэлтэй хүн авлигын эсрэг ярих нь ямар харагдах уу гэх зэрэг хүний харагдах байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үед PR ажилладаг.

Улс төрчид нь нэг бол “тэнгэрийн амьтан”, эсвэл “чөтгөр, шулам”-ын гэсэн дүрээр л нийгэмд хүрч байна.

-PR зайлшгүй байх ёстой. Нөгөө талаасаа бидний ойлгодог шиг сөрөг агуулгатай зүйл биш гэдгийг та хэллээ. Монголын улс төрийн PR ямар түвшинд байна?

Манайд улс төрийн PR хийж байна уу гэвэл байна. Тодорхой хэмжээнд улс төрийн сонгуулийн үйл явцад нөлөөлж байна уу гэвэл нөлөөлж байна. Өрнөдийн загвар, жишигтэй харьцуулбал харамсалтай нь “өөр тийшээ” хөгжиж байна гэж би хувьдаа хардаг. Үүнийг буруу гэж хэлэхээс илүү шалтгаануудыг нь харах хэрэгтэй.

Монголын нийгмийн ерөнхий зан сэтгэлгээ /mentality/ нэг талаасаа төрийг дээдэлдэг, нөгөө талаасаа төгс туйлын удирдагчийг хүсч эрэлхийлдэг бөгөөд хэтийдсэн, туйлширсан хандлагатай. Үүнд тулгуурлан улс төрийн PR л хөгжиж байна.

Гэтэл парламентын сонгууль бол тодорхой бүлгийн эрх ашгийг төлөөлөх тухай асуудал шүү дээ. 

Өөрөөр хэлбэл Монголд хэсэг бүлэг гэхээсээ илүү хувь хүнийг илэрхийлсэн, илүү их домогчилсон, хийсвэр, эрс үгүйсгэлийн, бодит бус, туйлширсан PR яваад байна.

Үүнээс үүдээд улс төрчид нь нэг бол “тэнгэрийн амьтан”, эсвэл “чөтгөр, шулам”-ын гэсэн дүрээр л нийгэмд хүрч байна. Манай улс төрийн намууд үзэл санаа, бодлогоороо бус “Би сайн хүн, чи муу хүн”, “Би энэ суманд их ажил хийсэн, чи юу ч хийгээгүй” гэж л сонгуулийн PR-аа хийж байна.

Парламентын гишүүн улс орны хэмжээний бодлого, шийдвэрийг ярих ёстой байтал сонгогчиддоо хэрхэн таалагдах вэ гэдэгт анхаарч хэрхэн төгс хүн болох вэ бодол толгойд нь эргэлдэж, эцэст нь ацан шалаанд орох нь бий. Товчхондоо бол өнөөгийн энэ улс төрийн PR-ын хандлага буруу явж байна.


-Энэ улс төрийн PR-ын буруу хандлага нийгэмд, улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно. Өнөөгийн төрөөр тэтгүүлэх, халамжлуулах, төрд бүхнээ даатгах гэсэн хандлага хэт туйлширч байгаа учраас улс төрийн PR-ын нэг сөрөг үр дагавар шүү дээ. Улс орны том бодлогыг авч явах ёстой хүмүүс хэт жижиг зүйл буюу тойргийн хүрээнд PR хийгээд байх нь сайн зүйл биш.

-Монголын нийгэмд эерэг бас сөрөг үр дагавар авчирсан улс төрийн PR-ын бодит жишээг та хэлж чадах уу?

Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой жишээ хэлье. Ц.Элбэгдорж анх Ерөнхийлөгч болохдоо “Оюутны 70”-ыг амласан. Амлалтаа ч биелүүлсэн.

Гэхдээ энэ нь нийгэмд сайн гэхээс илүү сөрөг үр дагавар авчирсан гэж хардаг. Нэн ялангуяа дээд боловсролын хөгжилд сайнаар нөлөөлөөгүй.

Үүнээс өмнө хувийн их дээд сургуулиуд сургалтын чанартаа анхаардаг, хоорондоо нэгддэг гэх мэт зах зээлийн шалгарал явагдаж байсан.

Гэтэл “70 мянга” гарч ирэнгүүт тэр процесс зогсож, сургуулиуд оюутан татах бодлогоо нэн тэргүүнд тавьсан.

Суралцагчид ч гэсэн энэ мөнгөөрөө төлбөрөө төлөөд сурах боломжтой гэж үзсэн. Ер нь Ерөнхийлөгч маш их мөнгөн амлалт өгдөг.

Энэ нь улсын төсөвт маш хүндээр тусдаг. Нийгэмд ч ямар үр ашиг байдаггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид PR-ын сайн жишээ бас бий.

“Авлигатай тэмцэнэ, шүүхийн салбарт шинэтгэл хийнэ” гэж сонгуулийн PR-аа хийсэн. Энэ бол үзэл санааны лидер болохын тод жишээ бөгөөд үүгээрээ олон нийтэд танигдаж чадаж байгаа юм.

Ингэж тодорхой үзэл санаа дэвшүүлэхгүйгээр “би ард түмэндээ хайртай, эх оронч” гэсэн хий хоосон яриа явуургүй л дээ.

Шууд хэлэхэд манай улс төрчид хар PR–ыг шүтдэг.

-Та өмнө нь PR-ын эцсийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой гэж хэллээ. Тэгэхээр “Хар PR” гэж юуг хэлээд байгаа юм бэ?

Тэд PR гэдэг бол хар байх ёстой юм байна, хар PR бол чухал гэсэн ойлголттой байдаг. Ер нь бол хар PR гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Орос, Монголчуудын өгсөн нэр л дээ. Эрүүл ухаан, энгийн логикоор бодсон ч тэр хар PR гэж байж болохгүй. Хар PR гэж бид юуг хэлдэг вэ гэхээр гүтгэлэг, доромжлол, аятайхнаар хэлбэл төөрөгдүүлэлт /манипуляци/ хийх. Үүнийг яг PR гэж хэлэхэд хэцүү.

-Монголд бэлтгэгдсэн PR–чид байна уу? эсвэл “сайн дурынхан” хийж байна уу?

PR-ийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, анги одоогоор Монголд байхгүй байна. Энэ чиглэлийн хичээлүүд тодорхой мэргэжлийн ангиудад ордог. Өнөөдөр PR хийдэг, түүгээрээ олонд танигдсан хүмүүс бий. Тэд бол сонирхлоороо л явж байгаа “цаг үеийн бүтээгдэхүүнүүд” юм. Ер нь ингэж ч явах ёстой байх гэж би хувьдаа боддог.

АНУ гэх мэт бусад улсад PR гэсэн бүхэл бүтэн салбар бий. Гэхдээ тэнд эдийн засаг, санхүү, бизнесийн хүрээний PR өндөр хөгжсөн, тэр чиглэлд өндөр түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг. Улс төрийн PR байх нь байдаг ч тийм чухал байр суурьтай байдаггүй.

Манайд энэ байдал эсрэгээрээ болчихоод байгаа юм л даа. Номер нэгд улс төрийн PR байдаг юм шиг. Тэгсэн атлаа бизнесийн PR хэрэггүй ч юм шиг. Энэ бас л буруу юм. PR–ын мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ улс төрийн PR-ийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй гэж хувьдаа боддог.

Нийгмийн сүлжээ бол харилцааны хэлбэр, мэдээллийн хэрэгсэл биш гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд улс төрийн PR-ын гол суваг нь олон нийтийн сүлжээ болж хувирч байна л даа. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

Манайд 2008 оны УИХ, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлж ашиглаж эхэлсэн. Өнөөдөр нийгмийн санаа бодолд нөлөөлөх маш хүчтэй нөлөө бүхий суваг нь олон нийтийн сүлжээ болсон байна. Нийгмийн сүлжээ яагаад ийм хүчтэй байна гэхээр мэдээллийг хэрэглэгч хоорондоо дамжуулдаг, сэтгүүлч биш уншигчид өөрсдөө эргэх холбоог үүсгэдэг технологийн шинэ хэрэглээ юм.

Энэ шинэ хэрэглээ нь Монголчуудын онцлогтой огтлолцдог. Монголчууд аман харилцааг дээдэлдэг. Хэн нэгнээс сонсож, түүнийгээ тайлбарлуулж аливаа зүйлийг хүлээж авахыг эрмэлздэг онцлогтой. Тийм ч учраас өнөөдөр нийгмийн сүлжээ улс төрийн PR –ын чухал суваг болсон байна.

Нөгөө талаараа нийгмийн сүлжээ аль нэг Засгийн газар, хувь хүний хараат байх боломжгүй учраас хянах боломжгүй. Хянах боломжгүй учраас шийтгэх, хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал байгаа юм. Одоо хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хатуу заалт оруулж ирсэн нь хязгааргүй, нээлттэй орон зай буюу нийгмийн сүлжээ рүү улстөрийн PR-ыг тэмүүлэхэд хүргэсэн.

Нийгмийн сүлжээ бол харилцааны хэлбэр, мэдээллийн хэрэгсэл биш гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Манай иргэд үүнийг ойлгохгүй байна. Үүнээс үүдээд нийгмийн сүлжээний мэдээллийг бодит, үнэн мэдээлэл буюу сэтгүүл зүй гэж хараад байгаа юм. Энэ нь маш буруу.

Улс төрийн PR-ын 90 хувь нь судалгаа, 10 хувь нь гүйцэтгэл байдаг.

-Та улстөрчдөд PR-ын ямар зөвлөгөө өгмөөр байна?

Би хамгийн түрүүнд “Нэг үгтэй байгаач” гэж улс төрийн намуудад уриалмаар санагддаг. Тухайлбал, нэг шийдвэр эсвэл тодорхой нэг асуудлыг тодорхойллоо гэхэд тэр нь нэг утгаар, нэг агуулгаар, нэг үгээр олон нийтэд хүрэх ёстой.

Гэтэл өнөөдөр нэг шийдвэрийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Хүн бүр өөрөө энэ шийдвэрийг гаргахад чухал үүрэгтэй оролцсон ч юм шиг өөрийгөө сурталчилдаг.

Ингэснээр тухайн шийдвэрийг олон нийт ойлгохгүй, төөрөлдөхөд хүргэж байна. Нөгөө талаас нэг асуудлыг олон янзаар яриад байхаар нийгэм тухайн асуудлыг аль болох сөрөг талаас нь шүүмжлэх, үгүйсгэх хандлагатай болдог. Энэ бол маш том асуудал.

Мөн улстөрчид PR-ын тухай зөв ойлголттой болж, бидний нэрлэж заншсан “хар PR”-аас зайлсхийх хэрэгтэй. Аль болох нийгэмд хэрэгтэй, үзэл санааны лидер байхын төлөө, олон нийтийн санаа бодлыг дагадаг бус дагуулдаг байхын төлөө тэмүүлэх хэрэгтэй.

Улс төрийн PR-ын 90 хувь нь судалгаа, 10 хувь нь гүйцэтгэл байдаг. Гэтэл манайд энэ эсрэгээрээ. Парламентын гишүүн гудамжинд сонссон яриагаа парламентын танхимд ярьдаг. Үүгээрээ эх оронч дүр бүтээх гэсэн нийтлэг хандлага байна. Бас жижиг зүйлийг маш том асуудал болгож тайлбарлаг. Энэ нь магадгүй тухайн үедээ олон нийтэд сайхан харагдаж болох ч цаанаа улс орны хөгжил, дэг журам, хэм хэмжээнд сөргөөр нөлөөлдөг.

-Монголын улстөрчдөөс PR-аа хамгийн сайн хийж чаддаг хүн гэвэл хүнийг нэрлэх вэ?

С.Баяр.

Ерөнхий дүр, хэлж буй үг, үзэл санаа нь маш сайн. Сайн улстөрч гэж ийм л байдаг болов уу гэж харагддаг. Өнөөдөр Монголд үзэл санааны лидер байна уу гэвэл яг нэрлэчих хүнгүй л байна. Бидний нэг алдаа нь “төгс” хүн хайгаад байдаг. Бүгдэд таалагддаг төгс, зөв хүн гэж энэ хорвоо дээр байхгүй шүү дээ.

Ярилцсан: О.Батзаяа