Японы Кансай мужийн Сороптимист холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2018.06.19

Японы Кансай мужийн Сороптимист холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа Японы Кансай мужийн Сороптимист холбооны ерөнхийлөгч, мөн мужийн Анагаахын их сургуулийн ТУЗ-ийн гишүүн Эгава Такако тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 122 орны 75 мянган гишүүнтэй Сороптимист холбооны гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа салбарын сайд уулзалтын эхэнд хэлээд, Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийхээр эрэлхийлж байгаа явдалд талархаж буйгааа илэрхийллээ.

Японы Кансай мужийн Сороптимист холбооны төлөөлөгчид боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай, ялангуя өнчин, нэн ядуу ,эмзэг бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн тодорхой ажил хэрэгжүүлэх саналтай байгаагаа салбарын сайд Ц.Цогзолмаад уламжиллаа.

Тэдний энэхүү хүсэлтэд салбарын сайд хариулахдаа

“Хүнд нөхцөлд амьдарч байгаа зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдэд туслах та бүхний санаачилгыг яамны зүгээс бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Монгол Улсад 100 орчим мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас 10 мянга орчим нь хүүхэд. Эдгээр хүүхдүүдэд туслахын зэрэгцээ тэдэнтэй ажилладаг багш нарт мөн дэмжлэг, туслалцаа үзүүлж, Япон улсын туршлагаас судлах, суралцах чиглэлд хамтран ажиллаж болох юм. Мөн 380 хүүхэд суралцаж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд төдий тооны сонсголын аппарат хандив, тусламжаар өгөх гарц хайж буйгаа дуулгая. Басхүү харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн уншдаг баррель номын хүрэлцээ дутмаг, элэгдэлд орсон нь тэмтэрч уншихад хүндрэлтэй болсон тул дахин хэвлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс ном хэвлэх машин нийлүүлэх туслалцаа бидэнд юу юунаас илүү хэрэгтэй байна. Та бүхэн магадгүй энэ чиглэлд хөрөнгө мөнгөний дэмжлэг, туслалцаа үзүүлж болох юм” гэв. Сороптимист холбооны төлөөлөгчид салбарын сайдын санал болгосон дээрх ажлуудыг юун түрүүнд нутагтаа буцан очиж, хэлэцээд бүхий талаар дэмжиж болох гарц, шийдэл хайна гэдгээ илэрхийллээ. 

Нэмж мэдээлэхэд, Сороптимист байгууллага нь 1921 онд АНУ-ын Калифорний мужийн Окленд хотод байгуулагдсан. Байгууллагын нэрийг Латин хэлнээс орчуулахад “Сайн бүхнийг эмэгтэйчүүдэд” гэсэн утга агуулсан юм. Олон улсын статустай болсон сайн дурын дөрвөн холбооны нэг Сороптимистудын зорилго нь эмэгтэйчүүд, охидод хүсэл, мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломжийг олгох, тэдний хүсэл эрмэлзлийг дэмжихэд оршино. Кансай мужийн Сороптимист холбоо нь хоёр жилийн өмнөөс боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм.