2018.06.12

ШХАБ-ын 18-р хурлаар "Чиндаогийн тунхаглал"-ыг баталлаа

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэсэн мэдээллээр нийгэмд манай улс гишүүнээр нь элсэх гэж байна гэсэн хардлага их байсан юм. Тэгвэл энэ удаад Монгол Улс ажиглагчийн статусаа хэвээр хадгалж, цаашид энэ статусаа шат ахиухан оролцох бололцоог судалж байна гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улс хамгийн анхны ажиглагч улс. 10 гаруй жил ажиглалаа. Одоо бол эдийн засгийн хамтын ажиллагаанд гар бие оролцох, хамтарч ажиллах тал дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй болж байна. Жишээ нь өнөөдрийн хуралдаанаас БНХАУ-аас хамтын ажиллагааны  санхүүжилтийн хүрээнд 30 тэрбум юань буюу 4.5 тэрбум долларын хөрөнгийг нийт дэд бүтэц болон санхүүжилтэнд өгөхөөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналын дагуу хоёр хөршийн хүрээнд анхаарал хандуулах, дамжин өнгөрөх тээвэрлэлтэнд анхаарал хандуулах юм. Энэ хүрээнд төмөр замын төв корридороо шинэчлэх, сайжруулах, нэвтрэх чадварыг сайжруулъя гэж ярьж байна. Бидний тооцоолсноор 260-аад сая долларын хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Нөгөөтэйгүүр Тяньжинээс Улаан-Үүд хүртэлх замыг 3 улсын хүрээнд хамтран хурдны зам болгох асуудал байна.