О.Баасанхүү: У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлаад, эх орондоо явган алхаж орж ирсэн нь буруу мессэж байсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан тойрсон асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох асуудлаар гишүүд янз бүрийн байр суурь илэрхийллээ. Таны байр суурийг сонсъё?
-Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын мөнхийн хөрш. Хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, тэнцвэртэй харилцаатай явах шаардлага байдаг. ШХАБ-ыг байгуулагдсан цагаас хойш Монгол Улс ажиглагчийн байр суурьтай явж ирлээ. Харин хоёр хөрш маань хоорондоо илүү гүн харилцаатай, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаа нь өргөжсөөр байна. Дээрээс нь Энэтхэг, Пакистан улсууд тэнд орчихлоо. Бүтэц нь ийм болж ирж буй нөхцөлд бид тэнд хэлэлцүүлэг өрнүүлэх зайлшгүй шаардлагатай гэж би харж байгаа. ШХАБ-д элсэх эсэхийг УИХ шийднэ. Түүнээс биш шууд л орно, орохгүй гэхчилэн ярих боломжгүй юм. Олон улсын харилцаа өөрөө маш нарийн. Тухайлахад, зарим гадаад айлчлалын үеэр манай төрийн далбааны галны оронд цэцэг тавьчихдаг.
Манай дарга ерөнхий туг нь байгаа тул үүнийг тоодоггүй. Гэтэл хятадууд өөрсдөө Дундад улс, гадаад Монгол гэж ярьж байна. Энэ нь цаад утгаараа “Манай Монгол” гэсэн санаа.
Гэтэл бид Өвөрмонгол гээд л байна. Энд хэлэх гээд байгаа гол санаа нь, гадаад бодлого гэдэг чинь тухайн гарч байгаа шийдвэрт 5-20 жил тодорхой үр дүн гарахгүй байж болно. Харин 50-60 жилийн дараа “Та бүхэн тухайн үед л ийм асуудал ярьж байсан” гээд өмнөөс мадлах байдал үүсгэж мэдэх эрсдэлтэй. Яг ийм эрсдэл байгаа учраас бид асуудлыг бултаараа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй.
-УИХ ШХАБ-д элсэх эсэхийг эцэслэн шийдэх эрхтэй мөртлөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү хүртэл асуудлыг тохоод байгаа нь ямар учиртай юм бэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвхөн зөвлөмж гардаг. Зөвлөмжийг нь заавал даган биелүүлэх ёстой гэсэн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Монголчууд ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үздэг. Тиймээс ч төрийн гурван том инстутиц нь энэ асуудлаарх өөрсдийн саналаа солилцсон үзэгдэл л болсон.
-УИХ-аар энэ асуудлыг хоёр ч удаа хаалттай хэлэлцсэн. Ерөнхийлөгчид ямар зөвлөмж өгсөн юм бэ?
-Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор явахынхаа өмнө “Бид энд оролцоо, байр сууриа өргөтгөх хэрэгтэй байна” гэсэн мессэж л өгөхийг зорьсон гэсэн үг. УИХ-аас энэ асуудлаар Ерөнхийлөгчид тодорхой байдлаар зөвлөмж өгч болно. Шууд байдлаар чиглэл өгөх боломжгүй. Ийм байдлаар л асуудал өрнөлөө. Би хаалттай хуралдааны мэдээллийг задруулж, тэгсэн, ингэсэн гэж хэлэх хуулийн боломжгүй. Нууцын тухай хуулиар илтэд чиглүүлсэн байдлаар би мэдээлэл өгөх ёсгүй.
-Таны хувийн байр суурийг дахин лавлаж асууя?
-Би аль нэг талд нь байгаа гэж яримааргүй байна. ШХАБ-д элсэх асуудал маргаан биш юм. Бид хувь заяагаа шийдэх гэж байна. Ийм чухал асуудлын өмнө бодох ёстой. Бидэнд нэг нийтлэг алдаа байна. Гадаад бодлоготой холбоотой асуудлыг хэт нээлттэй, улс төржүүлж, өөр өөрсдийнхөө өнцгөөр тайлбарласан байдлаар асуудалд хандаж байгаа нь ихээхэн буруу.
Бидний энэ байдал гадаад ертөнцөд шууд бус байдлаар мэдээлэл өгөөд байна.
Энэ асуудлыг эцэслэн шийдэхийн тулд хамгийн түрүүнд мэргэжлийн хүмүүсээ сонсох учиртай. Судлаачидтайгаа зөвлөлдөж, нарийвчилсан судалгаа явуулах учиртай. Нарийвчилсан судалгаа Гадаад харилцааны яаман дээр бүхэл бүтэн бүтэц болж ажилладаг. Үүн дээрээ төвлөрч, эрсдэл, ашиг, боломж, үр дүнгээ маш нарийн гаргаж ирэх хэрэгтэй. Судалгаан дээр үндэслэгдсэн тайлбарууд ороод ирэхээр бид ямар ямар гэрээ хэлэлцээрт орох юм бэ. Тэдгээр гэрээ хэлэлцээрүүдэд ямар үүрэг хүлээж, ямар эрх эдлэх вэ гэдгээ задлаж харах шаардлага үүснэ. Түүнээс биш шуудхан шийдчихдэг асуудал биш.
-ОХУ-ын талаас ШХАБ-д элсэх асуудлаар Монгол Улсад шахалт үзүүлсэн гэх яриа хэр үндэслэлтэй байж болох вэ?
-Би энэ асуудлаар Элчин сайдынх нь яриаг анхааралтай харсан. ОХУ-ын зүгээс заавал ор гэсэн шахалт өгдөггүй. Тухайн улсын дотооддоо шийдэх асуудал гэсэн тайлбар хийж байна лээ. Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг чинь ТББ-тай адил. Нэгэнт орчихсон бол гэрээнийх нь үүргийг хүлээж, давхар эрхээ эдлээд явна. Ийм л зүйл.
-БНХАУ-ын талаас Монгол Улс ШХАБ-д элсэн орох гэж байна гэсэн мессэжийг дэлхий дахинд цацсан нь хэр зохистой хэлбэр вэ?
-Надад тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэхдээ нэг зүйл хэлье. Манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлаад, эх орондоо явган алхаж ирсэн нь надад таалагдаагүй. Яагаад гэхээр “Гадаад бодлого бол дипломат мессэж” гэсэн үг хүртэл бий. Зангиатай ирэх үү, энгийн орж ирэх үү. Цэргээр угтуулах уу гэхчилэн олон тактик хэрэглэдэг. Олон зуун жил өвлөгдөж ирсэн дипломат ёс, хэв маяг гэж бий. Тэр үүднээсээ эвгүй харагдсан. Гэхдээ өнөөдөр ямар ч шийдвэр гараагүй. Би ингэж л ойлгож байгаа. Миний хувьд цөөнх доторхи цөөнх учраас асуудалд бодитой ханд л гэж хэлмээр байна.
Ж.МЯДАГБАДАМ