УИХ-ын гишүүн О.Баасанхүү БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа
2018.06.14

УИХ-ын гишүүн О.Баасанхүү БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү өнөөдөр БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутат, БНАСАУ, Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.  

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод цаашид танай улстай хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хүмүүнлэгийн чиглэлээр болон хоёр улсын парламент олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна гэв. 

Ноён Тэ Хён Чөл Монгол-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой 2018 онд тохиож байна. Эдгээр ойн төлөвлөгөөний хүрээнд танай сайхан оронд айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож буйдаа баяртай байна.

Энэ он гарснаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар манай улсад айлчилсан нь бидний харилцаа өргөжин тэлэхэд дөхөмтэй алхмууд боллоо. Дайны байдалтай байсан Солонгосын хойгийн хурцадмал нөхцөл өдрөөс өдөрт сайжирч, энх тайван байдал тогтворжиж байгаад бид баяртай байна. Энэ бүхэнд хүлээцтэй хандаж, манай ард түмнийг дэмжиж байсан Монголын төр засаг, ард түмэнд талархаж байна гэлээ. 

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар, БНАСАУ-ын талаас тус улсын Ардын дээд хурлын депутат, Пхеньян хотын чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл болон холбогдох албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.