Ч.Улаан: Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг “гал хамгаалагчийн” шинжтэй гэж ойлгож болно
Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-УИХ-аар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Та хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?
- Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль маш чухал ач холбогдолтой гэж бид бүхэн үзэж байгаа. Яагаад гэвэл, банкны салбарт хийж буй бүтцийн өөрчлөлт нь иж бүрэн, маш том зорилтыг агуулсан томоохон ажил юм.
Энэ том өөрчлөлтийг хийхэд нийгэм итгэл, үнэмшилтэй байж, банк санхүүгийн системийнхээ тогтвортой байдлыг хадгалж үлдэх нь чухал. Банкны үйл ажиллагаа харилцагч болон хувь нийлүүлэгчдийн итгэлцэл дээр тогтдог. Тийм учраас талуудын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал мессеж өгөх хууль гэж үзэж байна.
Хуулиар банкны системд бүтцийн өөрчлөлт хийх явцад харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Эрсдэл үүсэхээр байвал хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ачаалал очихгүй байх нөхцөл бололцоог урьдчилан бүрдүүлсэн хууль юм. Ингэснээр харилцагчид, хадгаламж эзэмшигчдийн итгэл үнэмшил тогтвортой байх, үүний үндсэн дээр банкууд бүтцийн өөрчлөлтийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
-Гэхдээ энэ хуулиар банкинд үүсэж байгаа хүндрэл, өөрийн хөрөнгийн дутагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь гэх шүүмжлэл байгаа шүү дээ. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Банкуудад үүсэж байгаа ачааллыг даван туулах үйл явц хэд хэдэн үе шатаас бүрдэнэ гэж ойлгож байгаа. Юуны өмнө банкууд өөрсдөө ачааныхаа хүндийг үүрээд, хөрөнгийн дутагдлаа нөхөж, эдийн засаг, санхүүгийн байдлаа илаарьшуулах ёстой. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн эхний үе шат. Хоёрдугаар үе шат магадгүй 2018 он дуусаад, ирэх оноос эхлэх байх.
Энэ үед хэрвээ банкууд хөрөнгийн дутагдлаа өөрсдөө нөхөж чадахгүй бол хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар харилцагчдад ачаалал учруулахгүйгээр шийдэх ёстой. Хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх явцад үнэхээр хүндрэл, ачаалал үүсвэл төр оролцож, зохицуулах юм. Ингэхдээ төр харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ачаалал өгөхгүй байхаар зохицуулна. Тиймээс харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн дарамт очихгүй гэсэн үг.
- Банкуудад үүсэж байгаа ачааллыг даван туулах үйл явц хэд хэдэн үе шатаас бүрдэнэ гэж ойлгож байгаа.
- Энэ том өөрчлөлтийг хийхэд нийгэм итгэл, үнэмшилтэй байж, банк санхүүгийн системийнхээ тогтвортой байдлыг хадгалж үлдэх нь чухал.
- Юуны өмнө банкууд өөрсдөө ачааныхаа хүндийг үүрээд, хөрөнгийн дутагдлаа нөхөөд, эдийн засаг, санхүүгийн байдлаа илаарьшуулах ёстой.
Харилцагчид итгэл, үнэмшилтэй байх нь банкны салбар тогтвортой ажиллах хамгийн том суурь нөхцөл юм. Тийм учраас энэ хууль нэг талаас харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан, нөгөө талаас банкуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, түүнийг төрийн хяналтанд байлгаж, үр дүнд хүргэх механизмуудыг өөртөө агуулсан хуулийн төсөл орж ирсэн. Үүнийг хэлэлцээд, богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Тэгвэл хуулийн төсөл бүхэлдээ харилцагчдыг эрсдэлээс хамгаалж, банкны хувь эзэмшигчдэд хариуцлага үүрүүлж байна гэж ойлгох нь зөв үү?
-Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэл маш эмзэг байдаг. Бид УИХ , Засгийн газар, Монголбанкинд итгэж байна. Энэ хуулийг батлах шаардлагатай байгаа ч хэрэглэх шаардлага гарахгүй болов уу гэж итгэж байгаа. Гэхдээ л харилцагчдад тодорхой хэмжээгээр эргэлзээ төрөх нь тодорхой юм. Үнэхээр эрсдэлгүй биз, хэрвээ эрсдэл гарвал яах вэ гэх болгоомжлол байна. Дээр дурдсан гурван үе шатыг хэрэгжүүлсэн ч эрсдэл үүсвэл яах вэ гэдэг болгоомжлол бий.
Энэ тохиолдолд харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ачаалал очихгүй. Төр үүнийг зохицуулах хариуцлагыг өөр дээрээ авч байгаа. Энэ утгаараа “Гал хамгаалагчийн” шинжтэй хууль юм. ОУ ВС-гийн зүгээс банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцад эрсдэл үүсгэхгүй байх ёстой гэдэг дээр бас онцгой анхаарч байгаа. Тийм учраас эрсдэл үүсгэхгүй байх, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа юм.