Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг шинэчилнэ
2018.06.07

Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг шинэчилнэ

Өнөөдөр /2018.06.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тухай хуулийг эцэслэн батлав.

УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслөөр улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 6 сарын 5-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Эцсийн хэлэлцүүлэгт:

1. Төсвийн тухай хуулийн 24-р зүйлд төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний хөрөнгийн зардалын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ гэсэн 24.6 дахь хэсгийн нэмэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Төсвийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсгийг Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ гэж нэгтгэн өөрлөн найруулахаар тогтжээ.

3. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 24.6 дахь хэсгийн үндэслэн уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Хууль хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь эцэслэн батлахыг дэмжсэн юм.

Харин үргэлжлүүлэн Төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Хууль хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд “Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газрын тэргүүнд даалгахаар тусгажээ. 

Ингээд тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Улааны анхны хэлэлцүүлгээр батлах саналын горимыг хуралдаанд оролцсон олонхи гишүүд дэмжсэнээр эцэслэн батлагдлаа.