Л.Болд: МАН-д одоо ард түмэн итгэхгүй, та нар шившиг болно
УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг тогтоолын төслийг Засгийн газар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна. Харин Ерөнхийлөгчөөс 100 хувь олгох төсөл орж ирсэн ч олонхи дэмжээгүй юм.
УИХ-ын Л.Болд: Жаахан хувийг ялгаварлаж байгаад харамсалтай байна.
Байнгын хороо 100 хувь олгоё гэсэн саналыг дэмжихгүй, 80 хувьд олгох гэж зүтгэж байна. Уг нь 100 хувь олгох Ерөнхийлөгчийн санаачлага их зөв юм.
Хэдийн 100 хувь гэж байгаа ч гэсэн хүүхдийн мөнгийг 85 хувь л авдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үлдсэн энэ жаахан хувийг ялгаварлаж байгаад харамсалтай байна. Монгол хүүхдийн бахархал болох гол шинж чанарыг алдагдуулж байгаа юм. Зөвхөн энэ жаахан хувийг ялгаварласнаараа "чи бол ядуу учраас, чи бол дутуу учраас" гэсэн ялгаварлал гаргаж байгаа нь Үндсэн хуулиар олгогдож буй тэгш эрхийг алдагдуулж байгаа юм.
Энэ саналыг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа нь маш зүйтэй юм. Анх энэ саналыг АН гаргаж, өгч эхэлсэн учраас АН-ын мөнгө мэт ойлгож явсан, сүүлд Сонгуулиар МАН хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гээд ард түмэндээ бүгд амлачихсан. Үүнээсээ бол ухраад явж байна. Тэгэхээр Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, нам бус Ерөнхийлөгч "улс төрийн зорилгод хүүхдийн мөнгийг ашиглахаа боль, одоо хүүхэд бүрт олгоод явчих. Тэртэй тэргүй энэ их мөнгө биш" гэж байхад та бүхэн дэмжихгүй байна. Та нарт одоо ард түмэн итгэхгүй, та нар зүгээр шившиг болно. Та бүхэнд хэлье, Зөвхөн үүн дээр та нар том алдаа хийж байна. Та нар ард түмнээ ялгаварладаг, хагалдаг, бутаргадаг муухай зан гаргаж байна.