2018.04.27

С.Эрдэнэ:Хүүхдийг ялгаварлан, гадуурхаж болохгүй

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны төвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна.

Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувь олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Манай улс, НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн улс. ХЭК-д хүүхдийг ямар нэгэн хэлбэрээр ялгаварлахгүй гэсэн байдаг. Хүүхдийн 60,80 хувьд нь мөнгө өгнө гэж байгаа асуудал өөрөө хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм. Ерөнхийлөгчөөс орж ирсэн саналыг хамт ярилцаад явбал яасан юм бэ? ОУВС-тай зөвшилцсөн гэсэн ташаа мэдээлэл хэлж байна. Монгол улс өөрийн гэсэн төртэй улс. Ард түмний өмнө бүх хүүхдүүдэд мөнгө өгнө гэж амлаад ороод ирсэн. Үүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Сангийн сайд та Төсвийн хуулийг хэд хэдэн удаа зөрчиж байна. Энэ хууль онцгой хууль, хуулиа дээдлээд явах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх ажлыг бүх нам дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн байгууллага, удирдлага ёс зүйн хууль хүчингүй болоод 5 жил болж байна. Бидний ярьж байгаа Төсвийн хууль 2003 оноос хэрэгжиж байгаа. Илүү уян хатан боломжтой хууль. ОУВС эдийн засаг хэцүү үед орж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хүн гүтгээгүй. Боломжтой айлын хүүхэд гээд хүүхдүүдээ алагчилж болохгүй.