Н.Амарзаяа: ОУВС хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох хатуу байр суурь илэрхийлсэн
УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас дараах асуудлаар тодруулга авлаа.
-Хүүхдийн мөнгийг зуун хувьд нь олгох уу, наян хувьд нь олгох уу гэдэг асуудал ойлгомжгүй байна шүү дээ. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд мэдээлэл өгөөч?
-Хүүхдийн мөнгөний төсвийн асуудлыг шинжилж, судлаач гэдэг асуудлыг ОУВС-гаас тавьсан. Пүрэв гаригийн ажлын хэсгийн хоёр дахь хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ОУВС-гийн төлөөлөлтэй хүүхдийн мөнгийг зуун хувьд олгох уу, наян хувьд олгох уу гэдэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн уулзсан. Ингээд төсвийн нөхцөл байдлаас үүдэж хүүхдийн мөнгийг наян хувьд нь олгох Засгийн газрын шийдвэр дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ шийдвэрийг Сангийн яам, Төсийн байнгын хороо ажлын хэсгийн хуралдаанд аль аль нь албан бичгээр, тайлбар мэдээлэлтэйгээр хүргүүлсэн учраас ажлын хэсгийн хуралдаанаас наян хувьд нь олгох шийдвэр гаргасан.
-Хүүхдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Засгийн газрын өргөн мэдүүлснээр наян хувьд нь олгохоор болсон учраас үүний 41 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн багцад байгаа хүүхэд хамгааллын, халамжийн төсвөөс зориулалтыг нь өөрчлөөд олгох чиглэл гарсан байгаа.
-Хүүхдийн мөнгийг зуун хувьд нь олгох боломжгүй гэсэн үг үү?
Тэгэхээр ажлын хэсгээс гарсан нэг дүгнэлт нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал дээр үндэслэж нэг заалт гаргасан. Энэ нь хүүхдийн мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлж олгох, төсвийн тодотгол хийхээр бол яаралтай зуун хувьд нь олгох. Хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байвал зардлыг танах зорилгоор зуун хувьд нь олгох асуудлыг УИХ-д удахгүй өргөн барих болно. Одоогийн байдлаар наян хувьдаа олгоно. Цаг хугацааг нь болж хэлж мэдэхгүй байна. Цаад тал нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нөхөж олгоно гэж харж байна. Хэрвээ наана нь олгох боломж гарвал төсөвт тодотгол хийгээд олгоно.
Хэрвээ төсөвт тодотгол хийхгүй бол хууль зөрчсөн явдал болно шүү дээ?
-Хууль зөрчсөн асуудал болно. Тэгэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад багтсан хүүхэд рүү чиглэсэн эх үүсвэр дээр тулгуурлан олгож байгаа. Ямар ч байсан одоогийн байдлаар зуун хувьд нь олгох боломжгүй байна гэдэг дүгнэлт, шийдвэр гарсан.
-Та Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт багтсан шүү дээ. Ажлын хэсгийн ахлагчийг сольсон нь ямар шалтгаантай юм бэ?
-УИХ-ын даргын тогтоол, шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг. Д.Дамба-Очир гишүүн өөрөө өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл байна.
-Та уг ажлын хэсэгт ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ?
-Ажлын хэсэг ойрын хугацаанд түр хуралдахаа хойшлуулсан байгаа. Учир нь ажлын хэсэгт есөн гишүүн байгаагийн тав нь дэд ажлын хэсгүүдэд хуваарилгдсан байгаа. Би л гэхэд хоёр ажлын хэсэгт хуваарилагдаад ажиллаж байна. Тухайлбал, гэрээний үндсэн төсөв санхүү хариуцсан дэд ажлын хэсэг, бүс нутгийн хөгжил дэд бүтцийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Гэрээний үндсэн төсөв санхүү хариуцсан дэд ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Наранцогтоор ахлуулаад салбар яамны бүх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүн нэг сар ажиллана. Мөн бүсчилсэн хөгжил, дэд хөгжил дээр Барилга хот байгуулалтын яамнаас Магнайсүрэн оролцож байгаа. Ажлын хэсгийн хорь гаруй хүн баасан гаригт Оюутолгой дээр газар дээр нь ажиллаж байна. Засгийн газар, УИХ-ын хамтарсан дэд ажлын хэсэг дүгнэлтээ тавдугаар сарын 20-25-ны хооронд гаргасны ард УИХ-аас бүрдсэн ажлын хэсэг тайланд дүгнэлтээ нягталж, УИХ дээр танилцуулах болно.
-Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс ажлын хэсэг оруулсангүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн байдаг. Ажлын хэсэгт багтсан уу?
-Ажлын хэсэгт багтаад ажиллаж байгаа.
-Дэд ажлын хэсгүүд хуралдаагүй гэсэн шүүмжлэл мөн гарсан. Та үүнд тайлбар өгөөч?
-Миний ажиллаж байгаа дэд ажлын хэсэг 2-3 удаа хуралдсан. Бид ажлын хэсгийн ахлагч, төрийн нарийн бичгийн дарга нартайгаа байнга холбоотой, мэдээлэл солилцож байгаа.
Ц.ТАМИР