2018.05.02
Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслүүдийг нэгтгэнэ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслүүдийг нэгтгэх шаардлагатай гэж үзсэн тул Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргав.
Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцлээ.