Л.Болд: Энэ УИХ-д иргэдийнхээ асуудлаас эхлээд эрдэнэт хүртэл шийдэх зүйл олон байна
2018.03.16

Л.Болд: Энэ УИХ-д иргэдийнхээ асуудлаас эхлээд эрдэнэт хүртэл шийдэх зүйл олон байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой намрын чуулганы завсарлагаанаар ярилцлаа. Түүний хувьд УИХ дахь сөрөг хүчний гишүүн төдийгүй туршлагатай нэгэн учраас эрх баригчдын үйл ажиллагаанд хатуу байр сууринаас хандаж буй.

-Намрын чуулган завсарлаад байна. Энэ удаагийн намрын чуулган эрх баригч МАН Засгийн газраа огцруулж дараагийн засгаа байгуулснаар эхэлсэн. Танай бүлгийнхэн болохоор сандал ширээний төлөөх тэмцэл дунд намрын чуулган өндөрлөлөө гэж байсан. Та намрын чуулганыг тоймлон дүгнэхгүй юу?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн парламентын засаглалын түүхийг харахад Засгийн газраа огцруулсан болон байгуулсан чуулган тэрхүү улс төрийн донсолгоогоо тойроод өнгөрсөн байдаг. Нэг үгээр хэлбэл үр дүн багатай байдаг гэсэн үг. Тиймээс чуулган завсарлахын өмнө би “Сандал ширээ хуваарилах болохоороо бөөгнөрч ярьчихаад ард түмнийхээ асуудлыг ярья гэхээр парламент тараад явчихаж болохгүй. Байнгын ажиллагаатай парламент юм бол чуулганаа сунгаж хуралдуулъя. Болохгүй бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж парламент өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажиллая” гэдэг шаардлагыг тавьсан. Гэсэн ч эрх баригчид чуулганаа завсарлуулж, ажлын завсарлага аваад байна.

-Таны хувьд чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна даа?

-Миний хувьд сонгогчидтойгоо уулзаж, холбогдох байнгын хороо болон бусад их хурлын бүтцийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Нийгмийн анхаарлыг татаж буй асуудлууд дээр парламент анхаарал хандуулж үнэн мөнийг нь тогтоохгүй бол иргэдийн итгэл улам алсарна. Ойрын үед байнгын хороод хуралдаж иргэдээс тавьж буй асуудлуудад хариу өгөх ёстой.

-Та бол ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналтай байгаа юм байна. МАН-ын гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагагүй гээд байгаа. Ядаж төсвийн тодотгол орсон бол өөр хэрэг гэх юм?

-Төрийн ажлыг маш хариуцлагагүй явуулж байна. Чуулганаар хэлэлцэх асуудал байхгүй гэж ярьдаг. Үнэндээ хэлэлцье гэвэл дааж давшгүй их асуудал бий. Тэр асуудлууд руугаа оролгүй хийх ажил алга гээд суугаад байгаа л даа. Тухайлбал, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, сая дахин хэлэлцээр хийж дууслаа. Энэ хүрээнд иргэдийн өмнө тулгамдсан, эргэлзээ төрүүлсэн олон асуудлыг шийднэ гэсэн. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж хэлэлцээртэй холбоотой Монголын талын тавих асуудлуудаа яаралтай хэлэлцэж, ярилцмаар байна.

Мөн энэ хооронд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон 100 сая гаруй ам.долларын өрийн асуудал яригдаад эхэллээ. Энэ тоглоом биш шүү. Олон тэрбумын асуудал яригдаж байхад сонсоогүй юм шиг чимээгүй байж болохгүй. Түүнчлэн хүний эрх тойрсон олон ч асуудал бий.

Төр, хувийн хэвшил гээд аль ч талд нь төрийн том гацаа бий болчихлоо. Мөн хоёр хөрштэй харилцах харилцаан дээр суурилсан алхмуудаа хийж эхэлье. Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д айлчилна гэж байгаа. Энэ айлчлалаас өмнө Их хурлаар оруулж шийдүүлэх асуудлууд ч бий. Их хурлаар асуудлаа оруулалгүй зугаалах маягаар явж болохгүй. Мөн  Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахаар яригдаж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн айлчлал гэдэг Тагнуулын дарга байсан нөхөр гэнэт явсан шиг зүйл биш. Алхам тутамдаа парламенттай зөвшилцөх, энэ хүрээнд шийдвэрүүд нь гарч бодит алхмууд хийх ёстой. Энэ бүхэн дээр парламент анхаарал хандуулж ажлаа хийх шаардлагатай байна.

-Намрын чуулганы хугацаанд гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал шүүмжлэх сэдвийн нэг байлаа. Гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх боломж байна уу?

-Парламент гишүүдийн ёс зүй дээр анхаарах цаг болсон. Үнэхээр ёс зүйн алдаа гаргасан бол Их хурлаар хэлэлцэж, хууль хяналтын байгууллагынхны үгийг сонсоод явах ёстой. УИХ-ын гишүүдийн чуулган, байнгын хорооны хуралдаанд суух ирцийн асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Парламентын нэр хүнд унаж байгаа энэ үед иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр гишүүд өөрсдөө идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй. Парламентад итгэх иргэдийн итгэл, нэр хүндийн цаана ард түмний итгэлийг хэрэгжүүлэх хүч чадлын асуудал яригдаж байгаа. Эдгээр зүйлсээ бид тодорхой болгох шаардлага бий.

-Ардчилсан намын бүлэг юу хийж байна вэ. Сөрөг хүчин шүүмжлэхээс өөрийг хийхгүй л байх шиг санагдах юм. Энэ тал дээрээ санаа оноогоо нэгтгэж хуралдсан уу?

-Ардчилсан намын бүлгийн гишүүд Хувь хүний орлогын албан татвар нэмсэн асуудлыг эсэргүүцсээр байгаад буцаалгасан. Тэмцэх юм бол үр дүнд хүрч байна.  Парламентад есөн гишүүн сууж байгаа ч гэсэн иргэдийн дуу хоолойг хүргээд явж байна. Эцэст нь ард түмэн л хожиж байгаа нь зөв. Тэтгэврийн насыг нэмсэнийг буцаалгаж чадлаа. Одоо бид хүүхдийн мөнгө, агаарын бохирдолттой холбоотойгоор амины орон сууц, ипотекийн зээл, дэд бүтэц, байгаль орчны асуудлуудаа шийдүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газрыг шахаж ажиллана. Бүлэг удахгүй “Эрдэнэт” үйлдвэрийн болон бусад цаг үеийн асуудлуудын хүрээнд хуралдаж албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор санал хүргүүлсэн. Мөн агаарын бохирдолтой холбоотойгоор яаралтай шийдэх зүйлс бий. Хавар боллоо утаа ариллаа гээд явах юм бол бид ирэх намар дахиад л утаагаа ярьж эхэлнэ. Засгийн газар саналаа танилцуулж, Их хурал шийдвэрээ гаргах хэрэгтэй. Утааны асуудлаа одоо л ярилцахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амь насаар төлбөрийг нь төлөх болно.

-Та Хүний эрхийн дэд хорооны гишүүн болсон. Танай дэд хороо даргаа сонгоогүй гэсэн яриа бий. Хүний эрхийн асуудал ихээр яригдаж байгаа энэ үед танай дэд хороо хамгийн түрүүнд ажиллах ёстой байх?

-Уг нь иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа, үйл ажиллагаа нь тасралтгүй явж байх ёстой хороо бол Хүний эрхийн дэд хороо. Бидэнд ирсэн маш их өргөдөл, хүний эрх зөрчсөн асуудал байна. Энэ бүхэнд хариулт өгөх ёстой. Байнгын ажиллагаатай парламент бол тасралтгүй ажиллах үүрэгтэй. Дэд хороо, байнгын хороо тасралтгүй ажиллах процессыг хангаж өгдөг. Гэтэл дэд хороо нь даргагүй болохоор бид ажиллах эрх зүйн боломж хязгаарлагдаад байгаа юм.

-Үндсэн хуулийг өөрчлөхөөр хэлэлцүүлэг өрнүүлээд дууссан. Зарим хүн өөрчлөх нь зөв гэж байгаа бол нөгөө хэсэг нь дэмий гэх байр суурьтай байна.Харин таны хувьд ямар бодолтой бас байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг үе үеийн парламентынхан ярьдаг. Энэ удаад ч гэсэн ярьж байна. Хэлэлцүүлэг хийж, эрдэмтэн судлаачид, намуудын төлөөллийн үгийг сонслоо. Үндсэн хуулийг өөрчлөхөөр өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон оролдлого хийлээ. Сүүлийн оролдлого нь гэхэд ард түмнээс санал авсан. Гэтэл эрдэмтэн мэргэд, Үндсэн хууль батлалцаж явсан хүмүүс ард түмнээс санал авсан, хийж хэрэгжүүлсэн гээд байгаа ажлынх нь үр дүн, үндэслэлийг хангалтгүй гэж дүгнэж байна. Ийм зүйлийн төлөө Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа бол арай биш ээ гэж хэлэх ч хүн байгаа. Үндсэн хууль өөрчлөх шаардлага байж болно, гэхдээ түүнийгээ олж томъёолж чадаагүй байна.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх асуудал ярьсан. Тэр нь бүтээгүй болохоор одоо эрх мэдлийг хумих гэж оролдож эхэллээ. Гэтэл ард түмэн тийм саналыг дэмжихгүй ээ. Ард түмэн өөрсдийнхөө сонгосон Ерөнхийлөгчийг наад зах нь хууль санаачлах, Засгийн газартайгаа хамтран ажиллах эрхийг нь хязгаарлая, хасъя гэж санал өгөхгүй. Харин сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан хүчний төлөөлөл ялалт байгуулсан нь магадгүй зарим хүмүүсийн санааг зовоож байхыг үгүйсгэхгүй.

-Ардчилсан намаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт төлөөллөө оруулсан. Зөв өөрчлөлтүүдийг хийх, саналаа тусгах зорилготой ажиллаж байгаа байх. Та бүхэн чухам юу хийж, ямар санал оруулж байна?

-Зөвхөн Ардчилсан нам гэлтгүй бусад улс төрийн хүчний төлөөлөл ч багтсан. Мэдээллийг нь анхны эх сурвалжаас аваад, гадагшаа мэдээлж байгаа. Би яг ийм зарчмаар л ажиллаж байна. 
Үндсэн хуулиараа оролдож, дайрах ямар ч шаардлага байхгүй. Харин Үндсэн хуулиа зөрчсөн тэр олон хуулиа засч, янзлах хэрэгтэй. Америкийн Үндсэн хууль батлагдаад 200, 300 жил болж байна. Одоо ч зарим зүйл, заалт нь тэр үеийнхээ хэллэгээр явж байгаа. Уншихад маш болхи ч юм шиг. Гэхдээ үндсэн агуулгыг нь ард түмэн ойлгоод, шүтээд явдаг. Зайлшгүй засах ёстой зүйл гарвал өөрчлөлтүүдээ оруулна. Дэлхийд санхүүгийн том хямрал боллоо, тэнд бараг дахиад хувьсгал болж, иргэний дайн болох дөхсөн. Гэтэл парламентаа түгжиж сууж байгаад, 100 гаруй хоногт Үндсэн хуулиа зөрчсөн бүх хуулиа зассан. Эргээд АНУ дэлхийн хамгийн том гүрэн болоод босоод ирсэн. Бид тэр сайн жишгийг яагаад дуурайж болохгүй гэж.

-Засгийн газраас Нийслэлийн харьяаны 33 байгууллагыг Яармаг руу нүүлгэхээр боллоо. Дэд бүтэц хийгдэж, хөгжих боломж гэж харж болох уу?

- Яармагийн дэнжид иргэд газар авах гэхээр тусгай хамгаалалттай гэдэг нэрийн доор өгдөггүй байсан. Иргэд амьдрах орчноо тэлэх хэрэгтэй. Одоо болохоор барилга контор барина гээд байх юм. Тэнд тавьсан дэд бүтцүүд иргэдийг ая тухтай амьдруулах, барилгажуулах зорилгоор 2012-2016 онд тавьсан. Гэтэл түүнийг нь дарга нарын конторт ашиглах нь дээ. Яармагт хотын захиргаа барих хэрэггүй. Иргэдийн амьдралыг сайжруулах төслүүд л хэрэгтэй.

Хотын захиргаа үнэхээр нүүх шаардлагатай гэх юм бол Сонгинохайрхан, Баянзүрх ч гэдэг юм уу өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлийг өөрчилж, хөгжил авч ирэх газраа очиж ажиллаж байж ахиц гарна. Зовлонгоос зугтаж, биеийн амрыг хараад иргэдийн амьдрах орчныг булаах маягаар амарчилж байгаа нь төрийн бодлого нэг алхмаар ухарч байгаа гэсэн үг. Үүнийг олон талаас нь ярилцах ёстой. Монгол Улсын нийслэл гэдэг бол хамгийн том статустай засаг захиргааны нэгж. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амын тал хувьд нь хамаарч байгаа шүү дээ. Гэтэл энэ асуудал яахаараа УИХ-аас гадуур шийдэгдээд явдаг юм. Одоо нийслэлийн хуулиудыг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа ч хоцрогдсон үзэл баримтлалаар хийгдсэн. Тиймээс Их хурал дээр гацсан.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлээд байна уу?

-Тийм. Уг хуулийн төслийг намрын чуулганаар батална гэж байсан ч нэлээд нэмэлт, өөрчлөлт орох тул хаврын чуулганаар хэлэлцье гээд хойшлуулсан.

-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд уг хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлээч?

-Хотын захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлсэн, дарга нарыг тойрсон эрх ямбын тухай хуулийн төсөл байна лээ. Хотын даргыг Засгийн газрын гишүүн болгох гэсэн эрх ямбаны хууль. Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа нийслэлийн иргэдийн амьдралын баталгааны асуудал байх ёстой. Нийслэлийн иргэд даргаа өөрсдөө сонгодог болбол энэ харин том дэвшил болно.

Төвлөрлийг сааруулах, нийслэлээ тэлэх бодлого явуулахын тулд Төв аймгийг Улаанбаатар аймаг гээд явах ёстой. Дэлхий нийтийн жишиг энэ. Нью-Иорк хот, Нью-Иорк муж гэдэг. Ингэж тэлж байж цаашаа явна. Төв аймаг бол нийслэлийг дэмжсэн онцгой бүс нутаг шүү дээ. Ингэж эрхзүйн статусыг нь өргөх ёстой.

Төрөөс зохиомлоор хот тосгон байгуулах, төсөв дарамт нэмэх шаардлагагүй. Эрх мэдэл, статусыг нь олгох юм бол иргэд өөрсдөө аваад явчихна. Энэ бүгдээ хуулийн төсөлд суулгаад өгөх юм бол дэмжээд явна. Бид шинэ сэтгэлгээний хувьсгал хийхгүй бол утаанаасаа зугтаж эрүүл газар контор барьж, үүдээ түгжээд суух юм бол энэ нь нийслэлийн мөхөл болно.

-Таны сонгогдсон тойрогт ямар ажлууд хийгдэх вэ?

-Тойрогтоо гудамжуудыг камержуулах төсөл, 29, 73 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 118 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай, Яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто зам тавих зэрэг ажлуудыг улсын төсөвт суулгасан. Мөн Яармагийг Монгол Улсдаа үлгэр жишээ болохуйц, гэр хорооллын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө иргэдтэйгээ хамтарч ажиллаж байна. Түүнчлэн ариун цэврийн буюу жорлонгийн асуудлыг шийдэхээр сургалтууд явуулж эхэлсэн. Эцэст нь энэ бүхнээ Засгийн газарт оруулж шийдүүлэх ёстой.

-Та Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдох асуудалд эсрэг байр суурьтай байсан. Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор таныг ч багагүй баалсан. Үүнээс үүдэн та нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өргөдөл өгсөн ч шүүх гурван ч удаа буцаасан. Ямар учиртай юм бол?

-Шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг шүүх удаа дараа буцаасан. Эхний удаад “хаягийг тодорхой бичиж өг” гэсэн бол хоёр дахь удаад “иргэний нэр хүндэд биш УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан учир УИХ-ын гишүүний хувиар өргөдлөө гарга” гэсэн үндэслэлээр буцаасан. Тэгээд УИХ-ын гишүүний хувиар өргөдлөө гаргаад өгтөл  “хариуцагч хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул оршин суугаа газрын хаягаар өргөдлөө гарга” гэсэн шалтгаанаар буцаасан. Энэ мэт үндэслэлээр буцаагдсан тул эцэст нь Б.Хурцын амьдардаг гэх АСЕМ Вилла хотхоны хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргатал “Хаяг дээрээ оршин суудаг нь тогтоогдоогүй” хэмээн буцаасан. Одоо түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахаас өөр хуулийн гарц үлдсэнгүй. Шударга байцгаая гэж уриалаад олон жил өнгөрсөн боловч шүүх засаглал, хууль сахиулах үүрэгтэй байгууллагууд иймэрхүү л байдалтай байна. Энэ хэргийн үнэн мөн нь олдож, нэр төрөө хуулиар хамгаалуулна гэж итгэсээр байна.

-Таны олон жилийн өмнө ярьж байсан “Баян Монгол” корпораци байгуулах санаачилга юу болсон бэ. Үүнийг хүмүүс одоо ч сонирхдог. Яагаад гэвэл иргэд уул уурхайн баялгаас хувиа бодитой эзэмшиж чадахгүй хэвээрээ л байна?

-Засгийн газрын хуралдаанаар саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг тус компанийн баланс дээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Иргэд стратегийн орд газруудыг түшиглэсэн үнэ цэнэтэй томоохон компаниудаас хувь эзэмших, захиран зарцуулахад эрх мэдэлтэй байх ёстой гэсэн “Баян Монгол” санаачилгын үзэл санаа хэрэгжихэд бэрхшээлтэй удаан боловч зөв чигтээ явж байна.  

-Ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан дуусаагүй байтал 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны зээлийн барьцаанд байгаа талаар Арбитрын шүүхийн шийдвэр гарчихлаа. Зээл авсан хүн нь тодорхой байхад Эрдэнэт үйлдвэрээр зээлийг нь төлүүлэх гэж байна гэх юм. Ер нь иргэд хувьцааг нь эзэмших учиртай стратегийн ордууд маань өнөөдөр юу болоод байна вэ?

-Иргэд маань уул уурхайн баялгаасаа хишиг байдлаар биш бодитойгоор хувьцаа эзэмшиж, өгөөжөөс нь шударгаар хүртэх ёстой. Үүний тулд иргэд маань ойр зуурын амлалтад хууртахгүй, эрхийн баталгаагаа олж авахын төлөө тууштай байх ёстой. Өнөөдөр нөхцөл байдал тун бүрхэг байна. “Эрдэнэт” гэлтгүй стратегийн 10 гаруй ордууд аль хэдийнэ ямар нэг арга замаар улстөрч, тэдний ар дахь хувийн компаниудад оччихсон байна. Ер нь “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн асуудлаар болон стратегийн ордуудын талаар УИХ “Нээлттэй сонсгол” зохион байгуулах, далд бугшсан асуудлыг иргэдэд ил болгохгүй бол дараа нь асуудлыг шийдэхэд нэгэнт оройтсон байх болно. Тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавьж сар болгон төлбөр төлж байгааг УИХ яаралтай хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй байна. Стандарт банктай холбоотой мөнгө бага биш шүү.