Х.Нямбаатар: Төр буруутай этгээдүүдийн хэргийг авдаг хогийн сав биш
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой маргаан тасрахгүй байна. Ялангуяа тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалж авсан ээлийг төр төлнө, төлөхгүй гэсэн янз бүрийн хандлага байна. Та энэ асуудалд ямар бодолтой байгаа вэ?
-Нэгэнт баталгаа гаргаж өгсөн бол үүрэг, хариуцлагаа хүлээхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, төрийн өмчит хуулийн этгээд олон улсын иргэний эрхзүйн харилцааны хүрээнд батал гаа гаргаж өгсөн л бол үүргээ гүйцэтгэхээс өөр арга байхгүй. Бид хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг дэг жаягаар амьдарч байгаа нэг улс. Тиймээс шинэ эрхзүйн дэглэм өөрсдөдөө тогтоож, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнээс зугтах ямар ч боломж байхгүй.
Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлага, Төрийн өмчийн хорооноос үнэхээр баталгаа гаргаж өгсөн эсэхийг хуулийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Ер нь манай улсад хэн ч хариуцлага хүлээхгүй, эцсийн хохирогч нь төр болж үлддэг жишиг тогтох гээд байна. бид үүнээс л ангижрах хэрэгтэй.
Тиймээс ийм байдлаас ангижрах үүднээс эхлээд Ерөнхий сайдад асуулт тавьсан. Цаашдаа хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авах эрхийнхээ хүрээнд мэдээлэл авна. Ямар шалтгаанаар хэргийг удаашруулж байгаа, цаашид хэргийг хааж, нуух гэж байж магадгүй гэсэн хардлага бидэнд байгаа.
Энэ бол зөвхөн нэг жишээ. “Чингис бонд” хэрхэн үрэн таран болсныг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр бондыг дур зоргоороо зарцуулсан, төсөвт өртгийг олон зуу дахин нэмэгдүүлсэн гэх мэт хэрэг шийдэгдэхгүй царцдаг. Прокурор, шүүх байгууллагын үйл ажилла-гаа цэвэр, шударга байгаа үгүйг эргэж харах цаг болсон.
-Ерөнхий сайдад тавьсан асуултын хариул-таа бүрэн авч чадав уу. Та бүхэн гол нь “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд орсон эсэхийг асуусан гэсэн. Хариултанд “Стандарт” банкнаас 213 сая ам.доллар шилжүүлсэн талаар дурдсан байна лээ. Тэгэхээр тус үйлдвэрээс баталгаа гаргасан гэх үндэслэл байна гэсэн үг үү?
-Хардах үндэслэл байна. Засгийн газрын өгсөн мэдээллээр бол зээлсэн мөнгө шууд “Жаст” группийн данс руу ороогүй, “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар дамжсан байгаа юм. Үндсэн гэрээний баталгаанд тус үйлдвэрийн гүйцэтгэгч удирдлагууд гарын үсэг зурсан талаар бидэнд мэдээлэл ирүүлсэн. Тиймээс энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. 2013 онд хэрэг үүссэн байхад одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь асуудал үүсгэж байна.
-Ер нь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан ч бай, гаргаагүй ч бай зээлсэн мөнгийг төлөх нөхцөл үүсч байгаа юм биш үү?
-Ер нь 2000-аад оны үед гарсан том залилангуудыг хүмүүс мэдэж байгаа шүү дээ. “Хадгаламж банк”-ны хувьчлап байна. Хувьчлалын дараа “Хадгаламж банк”-ны бүх өр төлбөрийг төр хариуцсан. “Зоос”, “Анод” банкны дампуурлын хохирлыг ч төр хариуцсан.
Төр хариуцлагагүй, буруутай этгээдүүдийн хэргийг авдаг хогийн сав биш. Энэ бантан хутгаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Монголын бүх үнэ цэнтэй орд газрыг там болтол сүйтгэсэн Ц.Мянганбаяр гэж нөхөр яваад байна. Улсад татвар төлөхгүй, Дампуурлын хуулийн боломжуудыг хайж байна. Өөрөө дампуурлын хэрэг үүсгүүлээд бүр төлбөрөөс зугтаад байгаа юм. Байгаль экологид сүйрэл авчирснаар нь түүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Бид шударга ёсыг хажуугаасаа л эхэлж ярих ёстой.
Тиймээс бидний “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар тавьсан асуулт бол зөвхөн эхлэл. Би хавар жагсаал, цуглаан хийх хүмүүстэй нэгдэе гэж бодоод байгаа юм. Яагаад вэ гэвэл шударга ёсны хүсэмжийг шударга ёсыг шийддэг байгууллагуудаас шаардая. Ш.Батхүү яагаад өнөөдөр ял эдлэхгүй байгаад байгаа юм. Хэн нь энэ асуудлыг шийдэхгүй цаг хожоод байгааг л ярина.
-Ярианы сэдвээ өөрчилье. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх томоохон хуулиудын нэг нь Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Хуулийн төсөлд та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Ямар асуудал байгаа юм бэ?
-Хууль санаачилсан хүмүүсийн үзэл баримтлал, концепцийг үзэхэд Улаанбаатар хотыг бие даасан байдалтай болгох зорилго агуулж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа. Өөрсдөө бонд гарга-даг, мөнгө босгодог, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүл-дэг чиглэл рүү явж байгаа нь зөв.
Харин хуулийн бичилт, томъёоллууд нь ихэвчлэн бусад хууль тогтоомжийн зохицуулалтыг татсан, нөгөө талаас тунхагийн чанартай байсан. Системчлэлийн хувьд зөв зохицуулалтыг агуулаагүй байна. Энэ хуулийн төсөл шинэчилсэн найруулга хэлбэрээр орж ирж байгаа учраас тунхагийн чанартай байж болохгүй.
-Таны бодлоор хуулийн төслийг сайжруулахын тулд юуг тусгах ёстой вэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлыг өөрчилье гэж байгаа бол нийслэл, хот гэдэг хоёр статусыг салгах ёстой. Баянзүрх хот, Сонгинохайрхан хот гэсэн статусаар хөгжүүлэхгүй бол төвдөө төвлөрөл үүсч, дүүргүүд хөгжихгүй байна. Цаашлаад үйл ажиллагаа явуулах бүх эрх мэдлийг нь нийслэл хотод төвлөрүүлчихсэн байдаг. Нийтийн аж ахуйн чиг үүрэг Хотын дарга түүний харьяа агентлагт хадгалагддаг. Хотын гэрэлтүүлгийг дүүрэг биш хот шийдэж байгаа.
Замын арчилгаа цэвэрлэгээ, сургууль, цэцэрлэгийн шууд удирдлагаар хангах зэрэг бүх эрх үүрэг хотын Засаг даргад төвлөрсөн. Үүнийг болиулж дүүргийг хотын статусаар хөгжүүлэх нь зүйтэй юм. Мөн нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын захйрагч гэсэн хоёр албыг салгах хэрэгтэй.
Засаг захиргаа, нийтийн аж ахуйн ажил хоёрыг нэг хүнд даалгах зохимжгүй юм байна. Улаанбаатар хотын захирагч нь нийтийн аж ахуйгаа, Засаг дарга нь засаг захиргаа, удирдлагын чиг-лэлээ хариуцах нь зүйтэй.