С.Амарсайхан: Ажлаа авсан шигээ өгч ЧАДНА
2018.03.01

С.Амарсайхан: Ажлаа авсан шигээ өгч ЧАДНА

Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хатуухан “боорцог" байж таарна. Түүнийг нийслэлийн ИТХ-ын ганц дарга биш МАН,АН-аас хотынхоо иргэдийн олонхын санал авч сонгогдсон 45 төлөөлөгч хэлэлцэж, шийддэг.

Гэтэл АН-аас сонгогдсон ИТХ-ын цөөнх гол асуудлаасаа байнга хальтирч юм л бол солино, хална гэж аахар шаахар улс төр хийдэг нь гэм биш зан болжээ. Энэ нь ажилд тушаа чөдөр болохоос “амжилт” авчирсан удаагүй. Саяхан бас нэг ийм үйл явдал тохиов.

Энэ долоо хоногийн мягмар гарагт хуралдсан ИТХ дээр АН-ын бүлгээс С.Амарсайханыг огцруулах асуудлыг өргөн барьсан ч олон хэлэлцсэнгүй.

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг “Нийслэлтэй холбоотой гацаанд орчихоод байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх сануулга өгөхийн тулд даргыг огцруулах санал тавьсан. Бас ирцээ бүрдүүлж чадахгүй байна" гэсэн хачирхалтай тайлбар өгчээ.

Хэн нэгнийг албан тушаалаас нь өөрчлөх шаардлага өргөн барьснаар шийдчихдэг бол манай улс, нийслэл шиг проблемгүй газар үгүй болж, чухамдаа цэнгэлийн манлайд хүрэх байсан биш үү. Харин ч шийдэж чадахгүй байгаа асуудлынхаа гарц гаргалгааг хамтдаа хайж, хотын иргэдээ амарлиулахын төлөө тэд сонгогдсон баймаар юм.

Дунд сургуулийн хүүхэд хичээлээ таслаад байвал аав, ээжид нь хэлэхсэн. Албан тушаалтан ажлаа хийдүүлээд алга болчихвол халчихсан. Гэтэл түмэн олны итгэл сэтгэлийг өвөрлөн төрийн түшээгээр сонгогдсон эрхмүүд хуралдаандаа ирэхгүй байхаар дарга нь яах болж байна. Түүний оронд эрхэм төлөөлөгчид өөрсдөдөө дүгнэлт хийж, ажилдаа цагтаа ирж, ирцээ бүрдүүлдэг болмоор юм.

Энэ бүх дайралтад С.Амарсайхан хүлээцтэй хандаж, эцэст нь “Ажлаа авсан шигээ өгчихөж чадна” гэсэн нь эр хүний хэлэх л үг.