МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүллээ
2018.02.14

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүллээ

Улиран одож буй тахиа жилд Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан түүхэн үйл явдлаар арвин баялаг сайхан жил болж өнгөрч байна.

МҮЭ-ийн холбоо 2017 онд ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн бүсийн байгууллагын Ерөнхий зөвлөлийн XV хуралдааныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа.

Ази номхон далайн бүсийн байгууллагын Ерөнхий зөвлөлийн гишүүн Япон, Солонгос, Энэтхэг, Австрали, Сингапур, Малайз зэрэг 34 орны ҮЭ-ийн удирдлага, төлөөлөгчид бүсийн хэмжээний ҮЭ-ийн бодлого, зорилтоо амжилттай тодорхойлж, МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны цар хүрээ нэр хүндийг өндрөөр үнэлсэн ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлон хэлэхэд таатай байна.

МҮЭ-ийн холбоо XXII Их хурлаараа МҮЭ-ийн хөгжлийн 2017-2030 оны хөтөлбөр зорилтыг шинэчлэн баталж холбооны дүрэмд тодорхой нэмэлт өөрчлөлт хийлээ.

ҮЭ-ийн нийт гишүүд, дэмжигчдийн уйгагүй тэмцэл, шаардлагын үр дүнд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцоод байсан тэтгэврийн нас, ХХОАТ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлуулж чадлаа.

Цаашид МҮЭ-ийн холбоо төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрт орохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

ҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнууд, ахмад ажилтнууд, залуучууд, гишүүн байгууллагууддаа  XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн баярын мэндчилгээг дэвшүүлж, айл өрх бүрт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар