Төрөөс АХМАДУУДАД энэ жил хамгийн том БЭЛГИЙГ хүртээв
2018.02.08

Төрөөс АХМАДУУДАД энэ жил хамгийн том БЭЛГИЙГ хүртээв

Монголчуудын уламжлалт баярын нэг Цагаан сар долоо хоногийн дараа болно. Өнө эртнээс улбаалан ирсэн энэхүү баярыг айл өрх бүр элбэг хангалуун тэмдэглэхийг хичээдэг. Ялангуяа ахмадууд Цагаан сарын баярт ихээхэн ач холбогдол өгдөг учраас тэд байгаа бүхнээ зориулдаг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг тавгын идээ, ууц өвчүү, бууз банш, гарын бэлэг гээд хэд хуваадаг гэсэн үг.

Харин тэтгэврийн зээлтэй зарим нь үр хүүхдийнхээ дэмээр болгохын зэрэгцээ бас болоогүй “Насны хишиг”-ээ нэмэрлэчихнэ. ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх байдлаар уламжлалт энэ баярыг өргөн дэлгэр, элбэг хангалуун тэмдэглэхийг хичээдэг.

ЧАМЛАХААР ЧАНГА АТГА ГЭДЭГ ДЭЭ

Ийм л хүндхэн үед тэтгэвэр, тэтгэмж, халамжийг Засгийн газраас нэмэгдүүлэв. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 27 мянган төгрөг.

Нийгмийн халамжийн тэтгэврийг 15 мянга, асаргааны тэтгэмжийг 6000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцон, олгож байна. Ингэснээр 393 орчим мянган ахмадын тэтгэвэр нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянга, хувь тэнцүүлэн тогтоосныг нь 243 мянган төгрөг байхаар шинэчилсэн бол нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 155 мянга, асаргааны тэтгэмж сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон гэсэн үг.

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг аж.

Харин байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, харж хандах хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж буй 59 мянга гаруй иргэний нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг дээрх байдлаар нэмсэн гэсэн үг.

Ингэж л эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвийн боломжид тулгуурлан ахмад болон халамж шаардлагатай иргэдэд төр, засгаас дээрх байдлаар дэмжлэг үзүүлэв. Тиймээс ахмадууд тэтгэврээ, зээлтэй нь нэмэгдэл мөнгөө, мөн “Насны хишиг”-ээ авахаар банкыг зорьж байна. Тэд “Чамлахаар чанга атга гэдэг дээ Цагаан сарын бэлтгэл базаахад нэмэр болно” хэмээн ам сайтай байлаа.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 18-ААС 12 ХУВЬД ХҮРГЭСЭНД ТАЛАРХАЛТАЙ ХАНДАЖ БАЙНА

Үүнээс гадна ахмадууд тэтгэврээ барьцаалан жилийн 18 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол одоо 12 хувийн хүүтэй авч болох боломжийг Засгийн газраас

олгосонд тэд талархалтай хандаж байв. Тодруулбал, тэтгэвэр авагчийн санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгөөр арилжааны банкинд гэрээний дагуу эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй болгов.

Ийм байдлаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн ХААН болон Төрийн банк олгож эхэлсэн. Ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч сар бүр авахаар болсон нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

"НАСНЫ ХИШИГ" АХМАДУУДЫН АМЬДРАЛД ДЭМ БОЛДОГ

2016 оны сонгуулиар олонх болсон Монгол Ардын намынхан буюу төр, засгийн цаг үеэ олж, оновчтой гаргасан олон шийдвэрийн нэг бол “Насны хишиг” юм.

Тодруулбал, жил бүр Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмадуудад “Насны хишиг”-ийг хоёр удаа олгохоор 2016 онд хуульчилсан.

Ингэснээр өнгөрсөн оноос эхлэн 65-69 настай ахмад 50000, 70-79 настай нь 80000, 80-89 настай бол 150000, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250000 төгрөг авч байгаа юм.

Өнгөрсөн жил 128 мянган ахмад “Насны хишиг’’-ээ авсан. Үүн дээр энэ онд 5130 хүн шинээр нэмэгдсэн тул 20.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. Хууль, дүрэм журамд заасны дагуу банкууд мөнгийг нь ахмадуудад олгож эхэлсэн.

Гэхдээ долоодугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ удаад “Насны хишиг” авах боломжгүй юм байна. Харин 65 нас хүрсэн ахмадууд оршин суугаа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах ёстой. Монголчууд бүх нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг, уламжлалт баяр наадмын өмнө “Насны хишиг” хүртээж буйд ахмадууд талархалтай ханддаг билээ.

БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ТҮРГЭН ШУУРХАЙ БАЙГААСАЙ

Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, “Насны хишиг”-ийг хэрхэн олгож байгааг тодруулахаар иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг томоохон хоёр банкны салбараар орсон юм.

Сүүлийн үед банкууд хөл хөдөлгөөн ихтэй, хөл гишгэх зайгүй байгаа. Ялангуяа хоёрдугаар сар гарснаас хойш ачаалал илүү нэмэгджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт өчигдөр 11.00 цагийн үед очиж, дарааллын 292 дахь тасалбар авав.

Үйлчилгээ авахаар миний өмнө 200 хүн хүлээж байгаагийн дийлэнх нь өндөр настан. 09.00 цагийн үед банкинд ирсэн ахмад үйлчлүүлж чадалгүй, хоёр цаг хүлээж байгаа нь нэг талаараа ачаалал ихтэйг, нөгөө талаараа үйлчилгээ удаан байгаагийн илрэл байлаа. Үүний дараа хэдхэн алхмын цаана байрлах Төрийн банкаар оров. Мөн л ялгаагүй урт дараалал угтав.

Тэтгэврийн нэмэгдэл болох 27 мянган төгрөгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу зээл болон бэлнээр олгож байв. Жишээлбэл, Дорж тэтгэврээ жилээр зээлсэн бол мөн хугацаагаар 27 мянган төгрөгөө бөөнд нь авч болно. Мэдээж зээлийн журмаар хүүгийн төлбөрөө хасуулна. Харин хуульд заасны дагуу “Насны хишиг”-ийг зээл, түүний хүүнд суутгахгүйгээр бэлнээр олгож байлаа.

Ахмадууд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж нэг өдрийг банкинд зарцуулж, олон цагаар зогссон заримынх нь даралт ихэсч, нүд эрээлжлэх зэргээр багагүй асуудал үүсдэг талаар тэд учирлаж байлаа. Тиймээс банкинд хүлээлгийн сандал олноор байрлуулах, заавал дугаарлаж зогсоохгүйгээр тасалбар авч үйлчлүүлэх, агааржуулагч тавих зэргээр тав тухтай орчинд үйлчилгээ авах нөхцөлийг ялангуяа хотын төвөөс хол байрлах гэр хорооллын салбаруудад бүрдүүлэхийг тэд хүсч байсан юм. Тэдний төлөөлөл болгож, зарим ахмадын сэтгэгдлийг сонслоо.

Т.Баянсан: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ БИДЭНД "НАСНЫ ХИШИГ" ИХЭЭХЭН НЭМЭРТЭЙ

-“Насны хишиг”-ээ авах гээд хүлээж байна. Тэтгэврийн зээлтэй бидэнд 50 мянган төгрөг их мөнгө, нэмэртэй байдаг. Би өндөр буюу 18 хувийн хүүтэй зээл авсан. Түүнээс хойш тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруулж, одоо 12 хувьд хүрлээ. Энэ бол бидний амьдралыг хөнгөвчилсөн том боломж шүү. Ер нь тэтгэврийн зээлгүй ахмад цөөхөн. Тиймээс зарим нь тэтгэврийн нэмэгдэл болох 27 мянган төгрөгөө хүртэл урьдчилан авч байна.

Г.Хишигжаргал: ӨНДӨР НАСТАЙ ХҮН УДААН ЗОГСОХ ХЭЦҮҮ

-Би Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн. “Насны хишиг” болон тэтгэврээ авч Цагаан сарынхаа бэлтгэлийг базаах гээд банкин дээр ирээд цаг гаруй сууж байна. Хүн ихтэй байгаа болохоор нэлээд удах бололтой. Удаан суухаар бүгчимдээд гадаа гардаг юм. Сая гадаа зогсч байгаад дараалал дөхөж байж магадгүй гээд орж ирсэн, болоогүй байжээ. Зарим нь суух сандалгүй зогсч байна. Өндөр настай хүн удаан зогсох хэцүү. Хөл нь өвдөж, даралт нь ихэсч, багасна шүү дээ.

П.Цэвэлмаа: ТЭТГЭВРИИНХЭЭ ЗӨРҮҮГ АВЛАА

-Тэтгэврийнхээ зөрүү 27 мянган төгрөгийг авлаа. Сард 253 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсныг Засгийн газраас доод хэмжээг нэмэгдүүлж, одоо сард 280 мянган төгрөг авахаар боллоо. Тэтгэврийн мөнгийг эмчилгээндээ зарцуулдаг. Тэтгэврийн доод хэмжээг 27 мянган төгрөгөөр нэмсэн нь зарим хүнд бага байж болох ч сар бүр эмчилгээ хийлгэдэг надад их л дэм болж байна.

Д.Бямба: ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХЭД БАНК ДУТАГДАЛТАЙ ХАНДАХ ЮМ

-“Насны хишиг”-ийнхээ мөнгийг авах гээд удаан зогслоо. Гэтэл банк нь солигдсоныг мэдсэнгүй. Уг нь наадмын өмнө Төрийн банкнаас авч байсан. Одоо Капитал банкнаас авах юм байна. Өндөр настай хүмүүсийг ийшээ, тийшээ яв гэх мэт чирэгдэл их гардаг. Ахмадууд тэтгэвэр, “Насны хишиг”-ийн мөнгөө авч байж, Цагаан сараа өнгөрүүлдэг болохоор бүгд л банкин дээр зогсч байна. Гэтэл иргэдэд түргэн шуурхай үйлчлэх талд зарим банк үнэхээр дутагдалтай хандах юм.