Дэлбэрсэн байшинг засварлах зураг төсөл хийгдэв
Дархан хотод дэлбэрсэн 14 дүгээр байрны оршин суугчид аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдтэй уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Л.Гансүх нар оролцож оршин суугчдын санал хүсэлтийг сонсов. Дархан сумын 12 дугаар багийн нутаг дахь 14 дүгээр байранд гарсан шатдаг хийн дэлбэрэлтэд 30 гаруй айл өртөж байрандаа амьдрах боломжгүй болсон юм. Дэлбэрэлтийн дараа ажилласан МХЕГ-ын шинжээчдийн тусгай баг уг барилгыг ашиглаж хүн амьдарч болох эсэх талаар шинжлэн дүгнэж, цаашид сэргээн засварлаж ашиглаж болно гэсэн мэргэжлийн дүгнэлтийг гаргасан. Харин хэрхэн яаж засварлаж сэргээн босгох вэ гэдэг зураг төслийг мэргэжлийн байгууллага нэгэнт хийж эхэлжээ. Гэвч гамшигт өртсөн тус байрны оршин суугчид барилгын сэргээн засварлах ажил туйлын удаан байна хэмээн үзэж төрийн түшээд болон орон нутгийн удирдлагатай уулзахыг хүсчээ. Орох оронгүй болсон тэдгээр айлын ес нь буяны хоёр байгууллагад амьдарч байгаа бол арваад айл нь түрээсийн байранд, үлдсэн нь ах дүүгийндээ толгой хоргодож байгаагаа ярьсан юм.
Тэд төрийн түшээдэд хандахдаа, бид өнгөрсөн хугацаанд туйлын зутруу, айл амьтны царай харж хоёр сар гаруй боллоо. Бидний энэ хохирлыг хэн хариуцах, барилгыг засч янзлаад хуучин хэвэндээ орох юм уу, наад зах нь банкны зээл авъя гэхэд банк барьцаанд авах уу, заръя гэхэд дэлбэрсэн байшин гээд авах хун олдохгүй байх гэж ихэд бухимд;ж, байгаа ганц хөрөнгөнөөсөө салчихлаа, байр маань ямар ч үнэ цэнэгүй болчихлоо гэж байв. Мөн зарим нь дүгнэлт гараад хэд хоносон ч нүдэнд харагдахуйц, хийж байгаа ажил гэж алга байна, ингэсээр байгаад хугацаа алдаж сонгуультай золгох нь байна гэв. Аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат: «Аймаг орон нутаг энэ асуудлыг нэг өдөр ч анхаарлын гадна байлгаагүй. Газ дэлбэрсэн гашуун туршлага Монголд анх удаа тохиолдсон болохоор хүндрэл их байна. Санаатай санаагүй тараасан бодит байдлаас ангид янз бүрийн мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригддаг, тиймээс жинхэнэ бодит мэдээллийг төрийн байгууллагаас авч байх хэрэгтэй. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Байрыг сэргээх засварлах зураг төслийг гаргах мэргэжлийн байгууллага тодорч ажлаа эхэлсэн.
Харин буруутай этгээдийг тогтоох асуудал дараагийн шатанд яригдах байх. Дэлбэрэлтийн дараагаар бид оршин суугчдыг түр амьдрах байр сууцны хувьд халамжийн «Соос» хотхон, буяны байгууллагад хандаж, айл тус бүрд аймгаасаа 500 мянган төгрөгийг гаргаж өгсөн. Энэ нь байр сууц түрээслэхэд нь нэмэр болно гэж үзсэн. Бид энэ байрыг аль болох богино хугацаанд засварлаж айлуудыг орон гэрт нь оруулах асуудлыг байнга тавьж байгаа ч бидний санаснаар тэр болгон бүтэж өгөхгүй байна. Одоо зураг төсөл хийх байгууллага нэгэнт тодорч ажилдаа орсон болохоор дараагийн бэлтгэл ажлууд хийгдэнэ» гэв.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд байрыг засварлах хөрөнгийн хэмжээ тодорхой болмогц Засгийн газарт тавьж шийдвэрлэх талаар хөөцөлдөх учир оршин суугчид та бүхэн итгэлтэй байх хэрэгтэй гэж байв. Оршин суугчид дундаас байгуулагдсан зөвлөл нь долоо хоног бүрийн аль нэг өдөр тогтмол уулзаж, аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудаас байрны сэргээн засварлах ажлын явц байдлын талаар шинэ мэдээллийг сонсож санал хүсэлтээ тавьж байхаар болов. Ажлыг удаашруулахгүйн тулд ажил хариуцагчдыг шахах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ч мөн үеэр УИХ-ын гишүүд оршин суугчдад өгсөн юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж аймгийн төсөвт 80 сая төгрөгийг суулгажээ. Одоогоор төрийн байгууллагуудын дэргэд нээсэн хандивын дансанд 640.0 мянган төгрөг цуглаад байна.