Малчид цаг агаарын мэдээг мессежээр авч байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мерси Кор байгууллагын Монгол дахь салбарын захирал Рамеш Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Мерси Кор байгууллага манай улсад хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” болон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийнхөө талаар Шадар сайдад товч танилцуулав.
Төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, бэлчээрийн ургац, Онцгой байдлын ерөнхий газраас гаргах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээг мессежээр дамжуулж байна. Дээрх мэдээллүүдийг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр өдөр тутам авч ашиглах хүсэлтэй хэрэглэгчийн тоо 57 мянга гаруйд хүрчээ.
Харин гурван жилийн хугацаатай хэрэгжих “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий найман аймагт тэжээлийн үйлдвэрлэл, мал үржил, малын эрүүл мэнд, махны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Мерси Кор байгууллага өнгөрсөн өвлийн хүндрэлийг даван туулахад 500 сая төгрөгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.
Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу салбарын яам мал эрүүлжүүлэх, гоц халдварт өвчний тархалтыг зогсоох үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд Мерси Кор байгууллагын хөтөлбөр энэ хөтөлбөртэй уялдаж хэрэгжих нь зохимжтойг тэмдэглэлээ.
Мерси Кор байгууллага өнгөрсөн хугацаанд 25 төсөл хэрэгжүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.