Хоёр улсын нийгмийн халамжийн бодлогын чиглэлээр харилцан санал солилцлоо
УИХ-ын гишүүн Н.Учрал Солонгосын Нийгмийн халамжийн байгууллагуудын зөвлөлийн ерөнхийлөгч Су Санг Мокийг хүлээн авч уулзлаа
2017.10.31

Хоёр улсын нийгмийн халамжийн бодлогын чиглэлээр харилцан санал солилцлоо

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өнөөдөр (2017.10.31) БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын зөвлөлийн ерөнхийлөгч Су Санг Мокийг манай улсад айлчилж буй бүрэлдэхүүнийх нь хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

“Манай улсад БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгчид айлчилж байгаад болон та бүхэнтэй уулзсандаа талархалтай байна. БНСУ хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн иргэдээ маш сайн анхаардаг бодлого хэрэгжүүлдэг талаар сонсч байсан. Та бүхний туршлагаас суралцан, хэрэгжүүлж, хамтран ажиллах нь бидэнд тун чухал” хэмээн тэмдэглэн хэллээ.

Тэрбээр мөн Монгол Улсын нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн халамжийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын зөвлөлийн ерөнхийлөгч Су Санг Мок УИХ-ын гишүүн Н.Учралд хүлээн авч уулзан, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр төрийн бодлого боловсруулахад оролцож, өөрийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах хувийн цэцэрлэг байгуулан ажиллуулж байгааг мэдээд сэтгэл догдолсноо илэрхийлэхийн зэрэгцээ БНСУ-ын Нийгмийн халамжийн бодлого, халамжийн байгууллагуудын үйл ажиллагааны  талаар сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Талууд мөн хоёр улсын нийгмийн халамжийн бодлогын чиглэлээр харилцан асуулт асууж, санал бодлоо солилцсон юм.  

Энэхүү уулзалтад  БНСУ-ын “Ёнсэ” их сургуулийн Нийгмийн халамжийн танхимын профессор Чой Жае Сунг, Нийгмийн халамжийн байгууллагуудын зөвлөлийн Бүс нутгийн халамжийн хөгжлийн төвийн хэлтсийн дарга Бэе До, БНСУ даяар 27 салбартай халамжийн байгууллага болох “Энжилс хевин” төвийн тэргүүн Чо Жүүн Хо зэрэг хүмүүс байлцлаа.