БНЭУ-ын тусгаар тогтнолын 70 жилийн ой тохиов
Энэтхэгийн ЭСЯ-наас тус улсын Тусгаар тогтнолын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэтхэгийн Тусгаар тогтнолын 70 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр “Блью скай” зочид буудалд болов.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Энэтхэгийн ЭСЯ-ын Хэргийг түр хамаарагч ноён Рави Шанкер Гоел үг хэлэв.
Тэрээр хэлэхдээ, “Бид 1947 онд эрх чөлөөт улс болсон. Тусгаар тогтнол, өөрсдийнхөө хувь заяаны төлөөх бидний хүлээх хариуцлага Британийн титмээс Энэтхэгийн ард түмэнд шилжсэн. Зарим хүмүүс энэ үйл явцыг “Хүчний шилжилт” хэмээж байв. Энэ бол түүнээс ч том үйл явдал төдийгүй манай орны мөрөөдөл. Бидний өвөг дээдэс, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн мөрөөдөл байсан. Улмаар бид улс орныхоо бодлогыг боловсуулж, бүтээн байгуулах эрх чөлөөтэй орон болсон юм. Манай эрх чөлөөт орны энгийн тосгод, иргэдийн амьдрал, хөгжил дэвшлийн үр дээрх мөрөөдлийг улам бүр бататгаж байна. Эрх чөлөөг авчирахад манай улсын өнцөг булан бүрээс улс төр, нийгмийн сэтгэлгээтэй олон хүн оролцсон.
Тусгаар тогтнолоос хойш бодлого ба үйл ажиллагааны ёс суртахуунд анхаарах, эв нэгдэл болон сахилга батыг бэхжүүлэх, өв соёл ба шинжлэх ухаан хоорондын уялдаа холбоог хангах, хууль ёс ба боловсролыг хөхүүлэн дэмжихэд иргэд болон Засгийн газрын түншлэл хувь нэмрээ оруулж ирлээ.
Иргэд ба Засгийн газар хоорондын түншлэл, хувь хүн ба нийгмийн түншлэл, гэр бүл ба нийгмийн хамт олны түншлэл нь манай улс орны хөгжлийн түвшинг илтгэнэ.
Энэтхэг орныг хөгжсөн орон болгохын тулд Энэтхэгийн Засгийн Газраас дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна иргэдтэй нягт хамтран ажиллах замаар санал санаачлагуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Цэвэр Энэтхэг олон нийтийн сурталчилгаа”, “Энэтхэгт хийе”, “Ил задгай бие засахыг зогсооё”, “Тосгодыг холбоожуулъя”, “Охидоо аварья-Охиддоо Боловсрол олгоё”, “Хуулийг хялбар болгоё”, “Төрийн албаны сонгон шалгаруулалт ба худалдан авалтыг ил тод болгоё,” “Авилгалыг устгая, олон татвараас татгалзах, арилжааг хялбаршуулахын тулд Бараа үйлчилгээний татварын системийг нэвтрүүлье” зэргийг дурдаж болно.
Бид шинэ Энэтхэгийн тухай ярихдаа, гэр бүл бүрт тусдаа орон сууц, хүссэн цагтаа цахилгаантай, зам холбоотой, төмөр замын орчин үеийн сүлжээтэй, тогтвортой өсөлтийн тухай ярьж байна.
Зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Ядуу хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүйс, шашнаар ялган гадуурхалгүй нигүүлсэнгүй ханддаг, нээлттэй, өрсөлдөхүйц үнэ цэнэтэй болгоход анхаарч байна. Улмаар дэлхийн хэмжээний боловсролын байгууллагуудтай, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, шим тэжээл бүхий хоол хүнс, технологийн ололт амжилтаас эхлээд иргэнээ чадавхижуулах, ядуурлаас ангижирах зорилго тавьж байна. Өнөөдөр Энэтхэг орныг дэлхий нийт бахархалтай харж байна. Хариуцлагатай иргэнтэй, өсч буй эдийн засагтай, олон улсын асуудал, тухайлбал, цаг уурын өөрчлөлт, гамшиг, сөргөлдөөн, хүн төрөлхтөний хямрал, тэрс үзэл, алан хядалт зэрэгт шийдэл гарц олдог улс хэмээн дэлхий дахин манай улсыг харж байна.
Буддагийн төрсөн нутаг Энэтхэг орон нь энх амгаланг эрэлхийлсэн эв нэгдэл, энхтайвны мэдээг түгээн дэлгэрүүлж байна. 2500 жилийн тэртээ Гаутам Будда “Өөрөө өөрийнхөө гэрэл нь бай” хэмээжээ. Дэлхийн улс түмэн хөгжин цэцэглэх тэрхүү замыг гэрэлтүүлэх гэрлийг Та бид бүгд хамтдаа баттай асааж чадна” гэв.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Энэтхэг улстай Монгол Улс, монголын ард түмэн олон зуун жилийн найрсаг харилцаатай. Энэтхэгийн ард түмэн бол манай оюун санааны харилцаатай хөрш гэж үзсээр ирсэн. Энэтхэг улстай албан ёсоор дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хоёр жилийн өмнө тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойг тэмдэглэх хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд ноён Нарендра Моди морилон ирж Монгол Улсын парламент, УИХ-д үг хэлж, олон чухал гэрээ хэлэлцээр байгуулсан. Энэтхэг улстай манай улс нийгэм, эдийн засаг, тэр дундаа боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд өргөн харилцаатай явж ирсэн түүхэн уламжлалтай.
Сүүлийн жилүүдэд энэ харилцаа улам шинэ агуулгаар баяжиж, бүтээн байгуулалт, томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж нээгдэж буйг тэмдэглэн хэлье. Хоёр орны хооронд тогтсон найрамдалт хамтын ажиллагааны гол чиглэл нь батлан хамгаалах, цэргийн салбарын хамтын ажиллагаа юм. Хоёр орны цэргийн салбарынхан жил бүр бүс нутагтаа нэрд гарсан “Нүүдэлчин заан” сургууль явуулдаг.
Энэ жил Энэтхэг улсын нутаг дэвсгэрт халуун орны, шигүү ойн орчин нөхцөлд амжилттай зохион байгууллаа. Манай цэргийн алба хаагчдыг оролцоход бүх талаар Энэтхэгийн Засгийн газар дэмжлэг үзүүлсэн. Удахгүй Батлан хамгаалах салбарын ээлжит хоёр талын зөвлөлдөх уулзалтыг Монгол оронд зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгийг тодотгов.
Хүндэтгэлийн ёслолд Монголоос Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Бакула Ренбүчи гэгээнтний XX дүр Данзан Агваан Жигмид Ванчиг болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Энэтхэгийн ЭСЯ-ны ажилтнууд оролцов.