Ч.Улаан: Өрийг хямд хүүтэй, урт хугацаатай бондоор хааж, солихоос өөр аргагүй
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.10.10

Ч.Улаан: Өрийг хямд хүүтэй, урт хугацаатай бондоор хааж, солихоос өөр аргагүй

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тус бүр хийх байсан ч завсарлага авснаар хуралдаан хойшилсон. Тодруулбал, Мөнгөний бодлогоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.

-Мөнгөний бодлого, төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг завсарлага авсан. Хоёрдахь хэлэлцүүлгийн үеэр завсарлага авлаа хэмээн шүүмжлэх гишүүд байна. Энэ нь ер нь хэр зохимжтой вэ?

-Завсарлага авч байна гэдэг нь хэлэлцэж байна гэсэн үг гэж би ойлгож байна. Чуулганаар төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийгээд байнгын хороодод шилжүүлчихсэн. Байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд завсарлага авлаа. Энэ бол хэлэлцүүлэг үргэлжилж байгаа хэлбэр. Түүнээс үүнийг хэлэлцэхгүй, буцааж байгаа хэлбэр биш юм. Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж ойлгох хэрэгтэй. Завсарлагыг далимдуулаад нэлээн нухацтай үзэх ёстой. Энэ хугацаанд Засгийн газар ч гэсэн бүрдчих байх.

-Өргөн баригдсан 2018 оны төсвийн төслийг буцаан татсан. Тэгэхээр дахин өргөн барихдаа ямар зарчмыг баримтлах ёстой вэ?

-Засгийн газар нэгэнт буцаагаад татчихсан. Тэгэхээр одоо ярих нь зохимжтой биш. Засгийн газар дахин боловсруулаад шинэчлээд оруулаад ирэг.

-Төсвийн тодотголоор 1.1 тэрбум төгрөгийг ажлаасаа халагдсан 22000 албан тушаалтанд эргүүлэн олгохоор тусгасан байна. Гэтэл хууль бусаар халаагүй байсан бол энэ их мөнгийг буцаан олгохгүй байх боломжтой байсан гэж үзэх хүмүүс бий. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол хуулиар зохицуулагдсан асуудал. Шинэ хууль ч гарсан. Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, түүнээс болж хохирол учирсан бол хохирлыг барагдуулах учиртай. Шинэ хуулийн дагуу шийдвэр гаргасан албан тушаалтан бараг өөрөө барагдуулах ёстой. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдэх хүртэл хохирогчийн хохирсон хохирлыг төсвөөс нөхөж аваад дараа нь эргээд нөгөө хүмүүсээсээ төсөвт нөхөж авах замаар явах болов уу гэж бодож байна. Ер нь энэ замбараагүй, зарчимгүй явдлыг таслан зогсоох ёстой. Төрийн албаны хуульд өөрчлөлт ороод шинэ зохицуулалт хийгдсэнийг сайн санах хэрэгтэй.

-Ирэх оны өрүүдийг хэрхэн төлөх бол. Бондыг бондоор солихгүйгээр төлөх боломж бий юу?

-Бондын төлбөрийг хугацаанд нь гарцаагүй төлж таарна. Мэдээж Засгийн газар өөрийнхөө нөөц бололцоог дайчлаад тодорхой хэсгийг өөрийнхөө эх үүсвэрээр хаах хэрэгтэй. Цаана нь үлдэж байгаа хэсгийг арай хямд хүүтэй, урт хугацаатай бондоор хаах солих ажлыг хийхээс өөр аргагүй. Бодитой тулгамдсан асуудлыг маш бодитойгоор шийдэх ёстой. Тиймээс би чуулганы хуралдаанд маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тодотгол хийгээд яах юм больчихоё гэж.

-Яагаад?

-Тодотгол гэдэг бол төсөвт оруулж байгаа өөрчлөлт, шинэчлэлт. Хэрвээ сайжруулж чадахгүй бол өөрчлөх хэрэггүй. Төсвийн орлого давж биелсэн байна. Сайн байна. Бага ч гэсэн нөөц бий боллоо. Тэгвэл үүнийгээ хамгийн эхэнд тулгамдаад буй тэр арга хэмжээндээ л зарцуулая.

-Нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудал нь юу вэ?

-Нэн түрүүнд төсвийн алдагдлыг бууруулах, өр авлагаа барагдуулах асуудал байна. Бусад асуудлаа он дуустал тэвчье. Бий болсон жаахан орлогоо хувааж, зарцуулж, үрэн таран хийх гэж яарах хэрэггүй.  Бондынхоо ядаж 20, 30 хувийг, чадвал 40, 50 хувийг төлчихвөл зүгээр шүү дээ. Тиймээс тодотгол шаардлагагүй гэдэг саналаа би хэлсэн.

-Ерөнхий сайд Засгийн газраа парламентаас бүрдүүлнэ гээд байгаа. Ер нь бүх сайд нараа парламентаас томилох нь хэр зүйтэй вэ?

-Яг тогтсон зааг ялгаа байхгүй. Бүх сайд нараа парламентаас  ч томилж ажиллаж үзсэн. Гаднаас  ч томилж үзсэн. Амьдралаас ямар сургамж авсан гэхээр ер нь Засгийн газар мэргэжлийн, чадварлаг, үр дүнтэй ажиллах нь чухал юм байна гэдгийг ойлгож байгаа. Тиймээс туйлшрах хэрэггүй. Миний хувьд Засгийн газрын 1/3 нь парламентаасаа байх нь зөв гэж бодож байна. Ялангуяа ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар парламентаас байх нь ажлын бүтээмж маш өндөр байна. Салбарын яамдын сайд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүн байх нь зохистой хослол болно гэж боддог.

-Таныг шинэ Засгийн газарт орж ажиллана гэсэн яриа байна. Танд ер нь сайдаар ажиллах санал ирсэн үү?

-Санал тавьсных нь дараа ярилцая даа. Наана нь тааж яриад яахав. Ерөнхий сайд хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу саналаа боловсруулж байгаа байх. Хуулийн хугацаа тоологдоод эхэлсэн. Хугацаандаа сайд нараа томилох болов уу.

Б.Чимэг