Ерөнхийлөгчийн содон төрх
Ерөнхийлөгч Х.Баттулгыг “тун энгийн" хэмээн тодорхойлох хүн улам бүр олширчээ. Тэрбээр өчигдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцох болон тэндээс буцахдаа явган явсан. Бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн, ногоон гэрлээр, явган хүний гарцаар гарч буй Ерөнхийлөгчийг харсан хүмүүс эгэл, энгийн хэмээн магтаж байх нь чих дэлссэн.
Өмнө нь ч гэсэн цувааныхаа дуут дохиог хангинуулалгүй, явган зорчигчдод зам тавьж өгснийхөө дараа замын хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байдаг. Тиймээс түүний дээрх үйлдлүүд нь иргэдэд ихэд таалагдаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй зарим иргэн өчигдөр эрхэм Ерөнхийлөгчийг явган яваа зургийг цахим орчинд тарсны дараа “цамц, зангитай болсонд баярлалаа” хэмээн хошигносон байв. Нэг талаараа Ерөнхийлөгч явган явах, замын хөдөлгөөнд саад учруулахгүй оролцож байгаа зэрэг нь түүний бас л содон төрх гэж болохоор байгаа юм.