УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат нар
2017.10.05

Ө.Энхтүвшин: Ардын намд талцал байна. Эв нэгдлийг хангах тал дээр Ерөнхий сайд ажиллах ёстой

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхэд оролцоогүй МАН-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат нар оролцов. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН:

 МАН-д ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Засгийн газрыг унагахад 30 орчим хүн Ардчилсан намын дэмжлэгийг авч огцруулсан. Гэтэл өнөөдөр зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. “Би амь насаа алдахаас айхгүй байна” гэж. Монгол Улсын Ерөнхий сайдыг хэн хорлох гээд байгаа юм. Ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэх асуудал байгаа. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал. Ардын намд талцал байна. Эв нэгдлийг хангах тал дээр Ерөнхий сайд ажиллах ёстой. Засгийн газарт хэн, хэн орох вэ гэдэг бол бүр дараа, дараагийн асуудал. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.МӨНХБАТ: МАН-ын 65 гишүүн хоёр хуваагдмал нөхцөлд байна. Тиймээс өчигдөр орой гарын үсэг зураагүй 32 гишүүн бүлгийн хуралдааныг өглөөний 09.00 цагт эхлүүлэх хүсэлт тавьсан. Харамсалтай нь, нөгөө талын гишүүд хүч түрэх маягтай явсаар байгаад чуулганд орсон. Засгийн газар ямар зарчим баримтлах нь тодорхойгүй байна. Ардчилсан намын дэмжлэгийг авч байгаа нь бидний хувьд маш сонин санагдлаа.

Өнөөдөр нөхцөл байдал амаргүй байхад Ерөнхий сайд томилогдлоо. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай. 65-ын бүлгийн эв нэгдэл Ерөнхий сайдаас л хамаарна.