Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө
2017.08.10

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.

-Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад,

-Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,

 -Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн дээрээ зөв анализ хийж ажлаа төлөвлөх, гантай зуны үр чанартай байдаг учир ирэх жил тариалах үрийн нөөцийг 100 хувь дотоодоосоо хангахаар нөөцлөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,

 -Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тавих хяналт, хүлээх  хариуцлагыг чангатгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,

-Бүх аймгийн Засаг дарга нарын нэгдсэн цугларалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад  орон нутагт тулгарч байгаа хүндрэлийг шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,  

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хариуцсан салбар бүртээ шуурхай хуралдаан хийх, шаардлагатай бол газар дээр нь ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдэд тус тус үүрэг болголоо.