Д.Оюунхорол: Хог хаягдал боловсруулах үйлдвэртэй болно
Хог хаягдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сэдэвт сарын аяныг эхлүүлсэн билээ. Тус сарын аяны шилдгүүд шалгарлаа.
Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Цэвэр сайхан орчин” аяны ялагчдыг урамшуулж, шагналаа. Уралдаанд Говь-Алтай аймаг I байр эзэлж, II байранд Увс аймаг, III байранд Сонгино-Хайрхан дүүрэг, Дархан-Уул аймаг оров.
Аяны хүрээнд улсын хэмжээнд хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор нийт 89 удаа 19 537 иргэн, аж ахуйн нэгжид сургалт семинарыг зохион байгуулан, 2432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан байна.
Нийт дүнгээр 18974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21 148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна. Тухайлбал, тэргүүн байр ээзэлсэн Говь-Алтай аймаг нь гялгар уутыг халж, даавуун торыг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор Говийн гайхамшигт 6 амьтны лого бүхий Алтайн бренд даавуун торыг Залуус клуб нь үйлдвэрлэж эхлээд байна.
Энэхүү даавуун тор нь олон үйлдэлтэй бөгөөд гар цүнх, үүргэвч, жимс хэлбэртэй болж эвхэгддэг, авч явахад авсаархан, үзэмжтэй тор юм. Даавуун торны худалдан авалт тутмаас тодорхой хувь нь говийн гайхамшигт 6 амьтныг хамгаалах үйлсэд зориулагдах бөгөөд нөгөө талаар гялгар уутыг хэрэглээнээс халж, даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажил юм.
Мөн Увс аймаг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Холивол хог, ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн, “ Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт гар зургийн, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаануудыг амжилттай зохион байгуулж ногоон орчин бүрдүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриалсан байна.