Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан сарын аян зарлалаа
2017.06.02

Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан сарын аян зарлалаа

БОАЖЯ-ныхан 21 аймгийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга, Тусгай хамгаалалтын газрын дарга, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нартай цахимаар холбогдож, үүрэг даалгавар өглөө. Энэхүү уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сайдын зөвлөх У.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын газрын дарга Ш.Мягмар, Хог хаягдлын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм .

Хог хаягдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сэдэвт сарын аяныг зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1 байгаатай холбогдуулан энэ цахим хурлыг зохион байгуулж байгаа аж.

УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 12-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хууль шинэчилэн батлагдсан. Энэ хуулийг ард түмэнд сайтар сурталчилж, цаг алдалгүй хэрэгжилтийг зохион байгуулж эхлүүлэх шаардлагатай байгаа үүднээс аймаг, дүүрэг, сумдын дунд дээрх аяныг зарлаж байгаа бөгөөд идэвхижүүлэх үүднээс тодорхой хэмжээний шагналын сан бий болгосон гэдгийг энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн юм.

Мөн хог хаягдлын тухай хуулийн онцлогийг иргэдэд ухуулан таниулах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд богино хэмжээний шторкны уралдааныг БОАЖЯ-наас зарлаж байгаа аж.

Д.Оюунхорол: Хог хаягдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, бүх түвшинд хамтран ажиллах шаардлагатай

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд төвлөрсөн цэгүүдэд 2.1-2.4 сая тн хог хаягдал бий болж, эдгээрийн 90.9% нь ахуйн, 9.1% нь үйлдвэрийн хог хаягдал эзэлж байна.Хог хаягдлыг зориулалтын бус газар хаяснаас их хэмжээний талбай бохирдож, түүнийг цэвэрлэхэд улсын төсвөөс олон сая төгрөг зарцуулж байна. 2015 оны байдлаар зориулалтын бус 415 цэгт хуримтлагдсан 104690 тн хог хаягдлыг зөөж тээвэрлэн, 34724 га талбайг цэвэрлэжээ.Улсын хэмжээнд аюултай хог хаягдал устгах, хадгалах байгууламж байхгүйгээс үүсcэн аюултай хог хаягдал ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаягдаж, зориулалтын бус газарт хадгалагдаж, зарим хэсэг нь хөрс усанд шууд хаягдаж байна.Эдгээр нөхцөл байдал нь хог хаягдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, бүх түвшинд хамтран ажиллах шаардлагыг бий болгож байна.  Иймд хог хаягдлын асуудалд төв, орон нутгийн төрийн захиргааны бүх түвшний  байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн анхаарлыг хандуулж, улс даяар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар манай яамнаас энэхүү сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Сарын аяныг нийслэлийн дүүрэг, багууд, бүх аймаг, сумууд хариуцлагатай, үр дүнтэй зохион байгуулж, идэвхтэй оролцохыг нийт ард түмэндээ уриалж байна” хэмээсэн юм.

Г.Нямдаваа: Хог хаягдлын тухай хуулийг бүх байгууллага, иргэдэд хүргэж сурталчлах ажлыг зохион байгуулна

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Энэ аяны хүрээнд шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг бүх байгууллага, иргэдэд хүргэж сурталчлах, түүний мөрөөр хийх ажлыг цаг алдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.   

Хуулийн зорилго нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилсан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байна. Энэхүү хуулиар хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулсан.

Бид шинэчлэн батлагдсан хуулийг хүлээн авах, сурталчлах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ойлголт мэдлэг, дадал чадварыг ард иргэддээ эзэмшүүлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах, булшлах газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг гол ажлуудыг цаг алдалгүй эхлүүлэх, аялал жуулчлалын бүх газрууд, бүх төв суурингуудад нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах зэрэг олон ажлыг сарын аяны хүрээнд зохион байгуулж, эдгээрийн үр дүнд үндэсний уламжлалт Ардын хувьсгалын ойн баяраа хог хаягдалгүй цэвэр сайхан орчин бий болгон угтах зорилготой юм” гэж байлаа.

 Б.Дэлгэрбаяр: Засаг дарга нар аюултайхогхаягдлын асуудалд анхаарах ёстой

Ажлын хэсгийн гишүүн Б.Дэлгэрбаяр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга болон сум, дүүргийн, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарын анхаарч ажиллах гол асуудлуудыг танилцуулсан юм.

Үүнийг тодруулбал:

Хог хаягдлын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Аймаг нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгчид анхаарах гол асуудал:

  • Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх;
  • Батлагдсан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах;
  • Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчин дээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал заасан урамшуулал олгох журмыг батлах
  • Хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих;

Сум,дүүргийн ИТХ-ийн анхаарах гол асуудлууд:

  •          Төсвийн болон Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захирааны төв байгууллагуудын хамтран баталсан  аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэхзардлын нэгж тариф, нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох батлах;

Аймаг, нийслэлийн Засаг даргын анхаарах гол асуудлууд:

  • Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыгсэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журмыг баталж, зөвшөөрлийг олгох
  • Батлагдсан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавих
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, олон улсын зээл, тусламжаар байгуулсан хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, булшлах, устгах байгууламжийн үйлажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
  • Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ангилан ялгах, дахивар нөөц цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг шийдвэрлэх
  • Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг батлах

Сум,дүүргийн Засаг даргын анхаарах гол асуудлууд:

  • Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
  • Нутаг дэвсгэрт хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон автозам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хог хаягдлын үйлчилгээний хураамжаас төвлөрсөн орлогыг зөвхөн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг санхүүжүүлэх болон үйлчилгээний хураамжийг дэд бүтцийн байгууллагаар дамжуулан хураасан бол түүний шимтгэлд зарцуулах
  • Хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
  • Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж, батлуулах, зарцуулалтад хяналт тавих
  • Нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох