2010.06.23

Д. Оюунхорол: Сар болгон хүүхдэд 20000 төгрөг өгөх алхмыг бий болгох нь бидний зорилго

УИХ-аас 2006 оны тавдугаар сард Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэдтэй гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталснаар манай улсын 0-18 насны бүх хүүхдүүд cap тутам тэтгэмж авах болсон. Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжил сан байгуулж, энэ сангаас Монгол Улсын иргэдэд хишиг, хувь хүртээх болсонтой холбогдуулан өнгөрсөн 11 дүгээр сард Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийг хүчингүй болгосон. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг санаачилж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн бариад байгаа. Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Яагаад хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барих болсон юм бэ?

-Бидний хуулийн төслийг өргөн барьсан гол зорилго хүүхэд бүрт cap бүр 20000 төгрөг авдаг болгох юм. Монголын ард түмний нэг хэсэг нь эмзэг, ядуу, нэн ядуу амьдарч байна. Тийм учраас хүүхдийн мөнгө эдгээр айл өрхийн амьдралд бодитой дэмжлэг болж байсан. Нөгөө талаас хүүхэд өөрийнх нь хаягтай мөнгийг аваад зарцуулж чаддаг байсан учраас хүүхдийн нэр хаягтай мөнгийг бий болгох нь зөв. Ямар эх үүсвэрээс олгохоо УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн явцдаа зохицуулаад шийдвэрлэх боломжтой.

-УИХ-аас хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийг баталбал инфляцийн түвшин нэмэгдэнэ шүү дээ?

-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас инфляцийн түвшинг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд cap бүр олгох хишиг хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн 20000 төгрөгийг cap бүр олгох нь зүйтэй гэж үзсэн. Хүүхдийн мөнгө олгох асуудлыг «Хүний хөгжил сангийн тухай» хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Иймээс Монгол Улсын харъяат 0-18 насны бүх хүүхдэд cap бүр 20000 төгрөгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгоё гэж хуулиа өргөн бариад байна.

-Хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгож эхэлбэл хэдий хэмжээний нэмэлт эх үүсвэр шаардагдах вэ?

-2009 оны статистик судалгаагаар 0-18 насны 932 мянган хүүхэд байгаа. Энэ тооцоогоор бол хүүхэд бүрт cap бүр 20000 төгрөг олгоход жилд нийт 223.680 сая. төгрөг шаардагдана.

Хагас жилд 111.840.0 сая төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай. Хуулийн төслийг өргөн барьсан учраас УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Хоёр намын бүлэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэх байх.

-Танай намын бүлэг хүүхэд бүрт мөнгө олгох асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн. Ийм нөхцөлд та хүүхдэд мөнгө олгох талаар хуулийн төслийг өргөн барьж болж байгаа юм уу?

-МАХН-ын бүлэг дэмжихгүй байгаа гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Намын бүлгүүд дээр албан ёсоор энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. Хүүхдийн мөнгөөр улс төр хийх нь зохимжгүй. Монгол Улсын төсвөөс иргэд хүүхдүүддээ зориулж өгч байгаа мөнгөөр аль нэг нам, улс өрч ямар нэг хаяг зүүх нь зохимжгүй гэж боддог. Яагаад гэвэл татвар төлөгчдийн хөрөнгөөс бид XXI зуунд амьдрах хүүхдүүддээ хөрөнгө оруулж байгаа. Энэ хөрөнгө оруулалт бол татвар төлөгчдийн мөнгийг хүүхдээр нь дамжуулж өөрсдөд нь олгож байгаа хэлбэр.

-Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох ньзохимжгүй юм гэж олоннийт үздэг. Энэ талаар хуулийн төсөлд өөрчлөлт орсон уу?

-Энэ талаар хуулийн төслийг ярьж байх үед олон эцэг эх, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидэнд хандаж байсан. Зарим байгууллага судалгаагаа танилцуулж байсан.

Өнөөдөр Монголд баян хоосны ялгаа нэлээд гүнзгийрч эхлээд байна. Монголын 2.7 сая хүн амын 20 орчим хувь нь боломжийн гайгүй амьдралтай. 30 орчим хувь нь дунд зэргийн амьдралтай цалингаас цалингийн хооронд зээл тавьж байна. Үлдсэн 50 орчим хувь нь ядуухан амьдарч байгаа. Cap болгон хүүхдэд 20000 төгрөг өгөх алхмыг бий болгох нь бидний зорилго. Хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр илүү анхаарч ажиллана. Хууль гарсны дараа ямар арга замаар аль эх үүсвэрээс яаж олгохыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэнэ.

-УИХ-аар төвлөрсөн төсвийг хэлэлцэх үед гишүүд олон асуудал тавьдаг. Таныхаар ямар асуудлыг юун түрүүнд шийдвэрлэх ёстой вэ?

-Монгол Улсын төвлөрсөн төсвийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд шийдвэрлүүлэх олон асуудлыг тавьдаг. Татвар төлөгчдийн мөнгийг бид үр ашигтайгаар зөв зохистой хуваарилах ёстой. Үүний тулд маш олон зүйлийг бодолцох шаардлагатай. Юуны өмнө хүний хөгжлийн асуудал Монгол төрийн бодлогын анхаарлын төвд байх ёстой. Энэ асуудлын хүрээнд яригдах олон асуудал байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд бид онцгой анхаарах шаардлага байна. Үүнд ихээхэн хөрөнгө хэрэгтэй. Жишээлбэл ойрын хугацаанд яригдаж байгаа хамгийн чухал асуудал бол төрөх эмнэлгийг шинээр барих. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төвлөрсөн төсвөөс маш их хэмжээний хөрөнгийг шаардаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчны хангалт Улаанбаатар хотод муу байна. Нийслэлийг чиглэсэн нүүдлийн цуваа тасрахгүй байна. Тийм учраас нэг ангид сурч байгаа хүүхдүүдийн анги дүүргэлт нь бараг нэг дахин ихэссэн. Өдөрт гурван ээлжээр хичээллэж, гурван хүүхэд нэг ширээ сандал дээр сууж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хөрөнгийг Монгол Улсын төвлөрсөн төсөвтөө тусгаж шийдвэрлэнэ. Ингээд яривал маш олон асуудал бий.

-Олон асуудлын зах зухаас яриач?

-XXI зуун гарчихаад байхад дэд бүтцийн салбарт гэрэл цахилгаангүй, харанхуй аймгууд ч байна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож чадаагүйгээс лааны гэрэлд хүүхдүүд нь хичээлээ хийж, ээжүүд лааны гэрэлд төрж байна. Энэ мэт олон асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.