Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгө бол нийгмийн захиалга
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Хүүхдийн мөнгийг дахин олгох хуулийн төсөл өргөн барилаа гэсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан нийгмийн халамж шаардлагатай өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгохоор ажиллаж байна. Бид ихээхэн хэмжээний судалгаа хийсний эцэст нийгмийн 80 гаруй хувьд нь хүүхдийн мөнгө шаардлагатай байгаа нь харагдсан. Тиймээс энэ хуулийн төслийг бидний хэдэн гишүүд өргөн "барьсан юм.
-Энэ мөнгө үнэхээр тэдэнд шаардлагатай, ач холбогдолтой байсан гэж үү?
-Нийгмийн хамгааллын чиглэлээр хүүхдэд олгож байсан мөнгө ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байсан. Мөн хамгийн зөв шударга хуваарилалт болж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа. Тиймээс бид хүүхдийн мөнгийг сэргээх нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт санал хүргүүлсэн.
-Өгч байснаа яагаад зогсоосон юм бол?
-Дэлхийн санхүүгийн хямрал манай улсыг тойроогүй. Энэ нь зогсоох шалтгаан болсон. Харин одоо нэг үеэ бодвол эдийн засаг сэргэж байна. Дэлхийн зах зээлд манай улсын экспортолдог алт зэсийн үнэ өслөө. Энэ нь хүүхдийн менгийг дахин олгох боломжийг олгож байгаа юм.
-Хэзээ УИХ-аар хэлэлцэж эхлэх бол?
-Болж өгвөл удахгүй хэлэлцүүлээд, төсвийн тодотголтой хамт шийдэхээр ажиллаж байгаа.
-Ер нь бол халамжийн мөнгийг өгч байгаа. Гэхдээ энэ удаагийнх хүүхдийн мөнгийг тусад нь өгүүлэх зорилготой биз дээ?
-Тийм. Хүүхдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай бие даасан хуулийн төсөл боловсруулсан.
-Хүүхдийн мөнгийг олгох санхүүгийн боломж бодит байдал дээр бий юу?
-Засгийн газарт санхүүгийн нөөцийг дайчилж хүүхдийн мөнгийг олгох тооцоо хийж оруулж ирэх хүсэлт тавьсан. Эхний ээлжинд хүүхдийн мөнгө олгох хууль эрх зүйн орчин бий болгох шаардлагатай. Хуулийн орчин бүрдэхээр Засгийн газар хэзээ олгохыг шийднэ. 2011 оны нэгдүгээр сараас эсвэл 2010 оныхоо төсвийн тодотголд суулгах уу гэдэг нь Засгийн газрын шийдэх асуудал.
-Хүүхдийн мөнгө сэргээхэд хэр мөнгө шаардлагатай болох бол?
-2009 оны статистикаар бол 932 мянган хүүхэд байна. Тэдэнд халамжийн мөнгө өгөх гээд байгаа юм биш. Энэ нь хүүхдийн нийгмийн хамгаалалд зориулсан мөнгө. Харин халамжийн мөнгө бол тусдаа хуулиар зохицуулагдана. Бид нэг хүүхдэд 20 мянган төгрөг олгох төсөл өргөн барьсан. Энэ нь 200 орчим тэрбум төгрөг гэсэн уг. Гэхдээ Засгийн газар санхүүгийн байдлаас болоод арван мянган төгрөг гэж тооцвол 100 тэрбум төгрөг шаардлагатай. Бид энэ мөнгийг огт боломжгүй зүйл биш гэж үзэж байгаа юм.
-Та нарын төсөл хэр дэмжигдэх бол?
-Эхний ээлжинд Засгийн газар санал, тооцоо судалгаагаа өгнө. Тэгээд хоёр намын бүлэг дээр тодорхой байдлаар яригдана. Энэ үеэр л УИХ-ын 76 гишүүний байр суурь тодрох байх. Эсэргүүцээд байгаа гишүүн байхгүй болохоор дэмжигдчих байх гэж бодож байна.
-Анх АН санаачилсан гэдэг хаягнаас болоод бэрхшээл гарахгүй юу?
-Харин тийм. Миний бодож байгаа нэг зүйл байна. Энэ хүүхдийн мөнгөний хаягийг аль нэгэн нам, улс төрчид өгч болохгүй. Хэн хүүхдэд мөнгө өгч байна гэвэл Монголын төр, Монголын татвар төлөгчид өгч байгаа юм. Хүүхдэд өгч байгаа мөнгийг улс төржүүлнэ гэдэг нь хүүхдийг улс төржүүлж нэр хүндээ өсгөх гэсэн оролдлого биз дээ.
-Хүүхдийн халамжийн биш хамгааллын мөнгө гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Халамжийн гэдэг нь зайлшгүй тусгай халамж, туслах шаардлагатай бүлгийг хэлж байгаа. Энийг одоо халамжийн зорилтот бүлэг гэж нэрлэж байгаа. Харин энэ мөнгө бол нийгмийн хамгаалалд зориулагдана. Хүүхдийн хөгжил, ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Ийм учраас хүүхдүүдэд ялгаваргүй хандах хүсэлтийг иргэд бидэнд тавьдаг.
-Анх мөнгө олгож эхлэх үед эцэг, эх нь архи уучих байх гэсэн болгоомжлол яригддаг байсан. Судалгааны үр дүн ямар гарсан бэ?
-Олон хүнд сайн муу юм гаралгүй яахав. Ганц тийм юм байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ хүүхдүүдийн ихэнх нь энэ мөнгийг авснаас хойш өөрийн мөнгө гэдэг ойлголттой болсон байсан. Эцэг эхээсээ тусдаа зарцуулах сонирхол, ашигтай, тэр бүү хэл арвижуулах сэтгэлгээтэй болдог гэсэн. Багаасаа мөнгө, хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлж эхэлж байгаа сайн үзүүлэлт. Тэд энэ мөнгөнийхөө тухай их сонирхолтой бодол, эрмэлзлэлтэй байдаг юм билээ. Зарим маш сонирхолтой санаа дэвшүүлж байсан хүүхэдтэй бид таарч байсан.
-Сая танай бүлэг дээр хэр дэмжлэг авав?
-Засгийн газар тооцоо судалгаа, санал дүгнэлтээ оруулсны дараа бүлэг дээр хэлэлцэхээр тохирсон.
-Та бас Ерөнхий сайдтай ярилцах шиг болсон...
-Ерөнхий сайд бас Засгийн газрын түвшинд шуурхай ярина гэсэн.
-Нэг яриа төдий байсан хүүхдийн мөнгө хуулийн хүрээнд яригдаж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Болно. Галт тэрэг хөдөлчихсөн. Ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Тэдгээрийн шинэ арми бий болж байна. Баян хоосны ялгаа нэмэгдэж байна. Өнгөрсөн зуднаар олон айл өрх амьжиргаанаасаа саллаа. Энэ бүхэн чинь өөрөө гэр бүлийн хэрэгцээг хангаж чадахгүй ч гэсэн хүүхдийн хэрэгцээнд нэмэр болоосой гэсэндээ хүүхдийн мөнгийг сэргээх гэж байгаа юм.
-Хэр том хууль вэ?
-Жижигхэн хууль, зургаан бүлэг заалттай.
-Хүүхдийн баяраар батлагдах болов уу?
-Харин бид бас хууль эрх зүйн орчинг нь хүүхдийн баяраар баталчихвал том бэлэг болох байх гэж бодож байна. Гэхдээ энэ мөнгө өгөөд эхэлнэ гэсэн үг биш. Мөнгө өгч эхлэхэд Засгийн газарт жаахан хугацаа хэрэгтэй л дээ.
-Гишүүд энэ хуулийг батлах болов уу?
-Хүүхдийн мөнгө гэдэг нь нийгмийн захиалга. УИХ-ын дарга, Ерөнхий сайд энэ бүхний дагуу л захирамж гаргаж Засгийн газрын хуралдаанд оруулж байна. Манай 75 дэмжих байх аа.