Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.28-ны өдөр болж дараах шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.
Товч мэдээ
- Гашуунсухайт боомт дахь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах зорилгоор 20 тоннын цистерн худалдан авахыг зөвшөөрөв. Мөн боомт дахь Мэргэжлийн хяналтын албан хаагчдын 2016-2017 оны илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
- “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь төсөв, санхүү, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчин, төсвийн зарлагын удирдлагын чанар, төсвийн сахилгыг бэхжүүлэх зорилготой юм.
- УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.